“Монгол шуудан” ХХК-ийн анхдагч зах зээлийн арилжааг нээв
Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо.
“УИХ, Засгийн газрын шийдвэрүүдийн дагуу “Монгол шуудан” төрийн өмчит хувьцаат компанийн 66 хувийг Засгийн газарт үлдээж, 34 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж нийт иргэддээ хувьчлах ажлыг амжилттай зохион байгууллаа” гэж “Монгол шуудан” ХХК-ийн олон нийтэд санал болгож буй энгийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж, цан цохилоо.
34 хувийг хувьчилснаар компани 6,2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, энэ хөрөнгөөр автозамын ложистикийн үйлчилгээний төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөрөнгө оруулагчдаас 6,2 биш нийт 12,6 тэрбум төгрөгийн худалдан авах захиалга ирсэн. Энэ нь нийлүүлэлтээс хоёр дахин илүү байгаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-наас шинэ оны эхний сарын 6-ны хооронд болсон хувьчлах ажил амжилттай болсны илэрхийлэл боллоо гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлалыг ил тод, шударга хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлж болдгийг энэ үйл явдал харууллаа. 2016 оны анхны IPO амжилттай болж, хөрөнгийн зах зээлд шинээр мэндэлсэн хувьцааг өнөөдөр өлгийдөн авч байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлээд хувьчлалд өөр өөрсдийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн төрийн албаныхан, хувийн хэвшлийнхэн, мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчдадаа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Андеррайтерийн компанийн зүгээс хувьчлалыг хүртээмжтэй, тэгш хэрэгжүүлэх үүднээс 10 мянган ширхгээс бага тооны хувьцаа худалдан авах, захиалга өгсөн хөрөнгө оруулагчдыг жижиг хөрөнгө оруулагчид гэж үзсэн. Тэдний захиалгыг тэргүүн ээлжинд 100 хувь биелүүлжээ. Ингэснээр захиалга өгсөн бүх иргэд хувьцаа эзэмшиж чадсан бөгөөд энэ нь хүртээмжтэй, тэгш оролцоог хангасныг илтгэж байна. Энэ жишгийг биржээр дамжин хувьчлагдах гэж буй компаниудад тогтоох нь зүйтэй.
Өнөөдрийн энэ ажиллагаа дөнгөж эхлэл. Шинээр орсон хөрөнгө оруулагчид өөр хоорондоо хамтран ажиллаж, компанийнхаа үйл ажиллагааг олон улсад өргөтгөх, сайжруулж хүртээмжтэй болгох хариуцлагатай үүргийг хүлээж байна. “Монгол шуудан” ХХК ил тод, сайн засаглалын үлгэр дууриалыг бусад компаниудад үзүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.
Хөрөнгийн биржээр арилжаалагдаж байгаа Засгийн газрын бондын хэмжээ 14,3 хувиар өссөн. Өнөөдөр 5 тэрбум төгрөгийн бондын арилжаа хийгдэж байна. Сүүлийн таван жилд зогссон байсан компанийн бонд анх удаа Хөрөнгийн биржид арилжаалагдлаа. Мөн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа оны өмнө явагдаж Монголын ипотекийн корпораци 20 тэрбум орчим төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжаалж чадлаа. Шинэ оны эхэнд УИХ, Засгийн газрын шийдвэрээр Хөрөнгийн биржээр дамжин арилжаалагдах найман компанийн анхных болох “Монгол шуудан” цахиур хагалж арилжаагаа нээж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ