АДБХОБ-ны Удирдах зөвлөл энэ сард хуралдана

Азийн Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ Удирдах зөвлөл 2016 оны 1 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Бээжин хотноо хуралдах гэж байна. Энэ өдрүүдэд банкийг албан ёсоор нээж үйл ажиллагааг эхлүүлэх, гишүүн 57 орны санал хуралтаар сонгогдсон Цин Лицюн нь банкны Ерөнхийлөгчийн албанд томилогдох ёслол болох ажээ.

АДБХОБ-ны 51 хувийг эзэмшигч гишүүн 17 улс банкийг үүсгэн байгуулах тухай Зөвшилцлийн баримт бичгийг соёрхон батлаад буй. Энэ сарын 29-нд Киргиз, Филиппин улс банкны гишүүнээр элсэн орсноор өнөөгийн байдлаар дэлхийн 57 орон АДБХОБ-ны албан ёсны гишүүн болоод байна.

Бүс нутгийн хөгжиж буй орнуудын дэд бүтэц ба холбогдох бүтээн байгуулалтын салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэ байгууллагыг 2013 онд болсон АПЕК-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр БНХАУ-ын талаас дэвшүүлсэн санаачилгаар байгуулжээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ