З.Энхболд: УИХ ипотекийн зээлийн асуудлыг энэ сардаа шийдвэрлэнэ
Монгол Улсын Их хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Одоогийн УИХ, Засгийн газар ард түмэндээ дүнгээ тавиулах цаг ойртчихлоо. Өнгөрөгч хугацаанд УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ямар гол ажлуудыг амжуулав. Хийсэн ажлуудаа эхнээс нь дүгнээд эхэлсэн болов уу?
-УИХ-ыг зөвхөн хууль баталдаг байгууллага гэсэн ойлголт түгээмэл. Та ч бас энэ хүрээнд асууж байна. Үндсэн хуулийн хүрээнд хууль батлан гаргах нь УИХ-ын үндсэн ажил. Хоёрдугаарт, Засгийн газрыг томилон ажиллуулдаг. Хэрэв ажлаа хийж чадахгүй бол хянадаг, сольдог, хяналтын функц бас бий. Үүнийг ганцхан Засгийн газарт хамаатуулан ойлгож бас болохгүй. Засгийн газраас гадна маш олон байгууллага болон албан тушаалтнуудыг томилон ажиллуулж байна. Засгийн газар хууль хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулдаг бол УИХ хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаад нь үнэлэлт, дүгнэлт өгдөг. УИХ бол хэдэн хууль хэлэлцээд суудаг явцуу байгууллага биш. УИХ-ын үйл ажиллагааг мэдээж жил бүр дүгнэдэг. Чуулган болгоноор бүх Байнгын хороо хийсэн ажлаа тайлагнадаг.
Тэгэхээр энэ дөрвөн жилд юу хийсэн бэ гээд асуучихаар үүнд хариулахын тулд маш их цаг хугацаа шаардагдах болно. Бид нэг намтай, төлөвлөгөөт эдийн засгаар явдаг, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрдөггүй, хувь хүмүүс нь эрх чөлөөгүй нийгмээс дэлхийн 200 гаруй улсын дийлэнх олонхийнх нь явдаг ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засаг, дуртай шашнаа шүтдэг гэх мэтчилэн өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийсэн 25 жилийг өнгөрүүллээ. Энэ 25 жилд манай Их хурал хаахна явна вэ гэдэг дүгнэлтийг тавих байх. Энэ бүхнийг дүгнээд хэлэхэд энэ Их хурлын түүхэн үүрэг нь өөр зүйлд бий.
-Өөр зүйлд гэдэг нь...
-Эдийн засгийн 17 хувийн өсөлтөөс энэ жил 3-4 хувийн өсөлттэй болж байна. Ийм хүнд байдалд орууллаа гэж Ардын намынхан яриад байгаа юм. 2005-2011 оныг дэлхий даяараа уул уурхайн салбарын маш том “найр” болсон гэж дүгнэж байгаа. Уул уурхайн түүхий эдийн үнэ 3-4 дахин өссөн нь тухайн үед том “найр” шиг зүйл боллоо шүү дээ. Найрын маргааш яадаг билээ...
-Шартах байх...
-Тэр шартдаг үйл явц нь манай Их хурлын үед таарчихсан. Түүхий эдийн үнэ хэрхэн унаж байгааг мэдэж байгаа байх. Манай экспортын бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд хамгийн ихдээ гурав дахин буюу 300 хувиар, хамгийн багадаа 30 хувиар буурлаа. Угаасаа 17 хувийн эдийн засгийн өсөлт гээд байгаа чинь буруу тоо байсан юм.
Оюу толгойн таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн жилүүд нь 2009, 2010, 2011 онууд байлаа. Таван тэрбум ам.доллараа гурван жилд хуваагаад үзэхээр нэг жилд 1.6 тэрбум ам.доллар болно. Өмнө нь огт байхгүй байсан 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмэгдэхээр 17 хувийн өсөлт шиг харагдаад байгаа юм. 2012 онд шинэ УИХ, шинэ Засгийн газар гарсны дараа Оюу толгойнхон дургүй нь хүрээд хөрөнгө оруулалтаа зогсоочихсон юм биш. Төлөвлөгөөт хөрөнгө оруулалт нь дуусаад ил уурхай нь ажиллаад эхэлчихсэн болохоор 17 хувийн өсөлт гурав болж буурсан мэт харагдаад байгаа юм. 17 хувийн өсөлт гэдэг бол нэг удаагийн арга хэмжээ байсан гэдэг нь харагдаж байгаа. 17 хувийн өсөлт ганц жилд л хүрсэн. Түүнээс өмнө 11, 12 хувь л байсан. Гэтэл бид 17 хувийн өсөлтдөө тааруулаад төсвийнхөө зарлагыг хэт өсгөчихсөн алдаатай эдийн засгийг хүлээж авсан. Үүнд асуудлын гол нь байгаа. Өнөөдөр бид шинэ нормал гэдэг шинэ нэр томъёо өгөөд байгаа. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж амьдарч сурдаг. Уул уурхайн гэнэтийн хэт тэлэлт эдийн засагт ямар эрсдэл авчирдгийг харлаа. Тэр үед алсыг хардаг ухаантай хүмүүс “Энэ бол мөнхийн юм биш ээ. Та нар илүүдээд байгаа мөнгөө ирэх жилүүдэд байдал хэцүүдэх үед хэрэглэх хуримтлал болгож хадгалаач ээ” гэхэд тухайн үеийн Улсын Их хурал, Засгийн газар сонсохыг ч хүсээгүй. Тэр үед зарим хүмүүсийн хэлж байсныг би иш татдаг юм. “Түүхий эдийн үнэ хэзээ ч унахгүй. Яагаад гэхээр түүхий эд дуусдаг. Дэлхийн хүн ам үргэлж өсч байдаг” гэж ярьж л байсан. Намайг төрж байхад дэлхийн хүн ам гуравхан тэрбум байсан бол одоо долоон тэрбум болчихлоо. 50 жилийн өмнө намайг төрж байхад Монгол Улсын хүн ам нэг сая гаруй байсан. Одоо гурван сая хүрчихлээ. Хүн амын өсөлтийг дагаад байгалийн баялаг дуусдаг болохоор үргэлж эрэлт өндөр байна. Нийлүүлэлт нь үргэлж дутах болохоор түүхий эдийн үнэ хэзээ ч унахгүй гэдэг өөдрөг сэтгэлгээгээр тухайн үеийн Их хурал, Засгийн газар асуудалд хандсан. Тэр утгаараа зарлагаа өсгөсөн. Их “Найр”-ын үед бүгд архи уусан хүмүүс шиг хөөрөлтийн байдалтай байсан.
-25 жилийн хугацаанд засаг барьсан цаг хугацааг харахаар 1996, 2012 он гээд АН-тай холбоотой үеүдэд эдийн засаг хүндэрсэн байх юм. Тэр утгаараа сөрөг хүчнийхэн Ардчилсан намынхан засаглаж чаддаггүй гэж шүүмжилж байна л даа...
-Үндэслэлгүй зүйл. Монголын ард түмэн Ардчилсан намыг хэзээ сонгож байна гэхээр 1997 оны Азийн хямралын үеэр сонгосон байдаг. Тэр үед одоогийнхоос хэцүү байсан. Нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 1000 ам.доллар хүрч байсан юм уу. 2004 онд хамтарсан засаг байгуулахад 2005 онд мөн хямрал болсон. 2012 оны хямралын жил мөн биднийг Монголын ард түмэн сонгосон байгаа юм. Тэгэхээр хямралтай ажиллаж чадах нь Ардчилсан нам юм байна гэж үзсэн болов уу. Ардын намынхан хямрал дууссаны дараа өсөлтийн жилүүдэд орж ирээд нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөг, шинэ гэр бүлийн мөнгө гээд гоё нэр олж байгаад мөнгө тараадаг. Тэд бол тараадаг бид бол хямралын үед бүсээ чангалж амьдрах арга хэмжээнүүдийг авдаг. Түүнээс биш Ардчилсан нам Азийн мөнгөний хямралыг хийж, Ардчилсан нам түүхий эдийн үнийг унагачих нөлөөлөл бидэнд байхгүй. Биднээс үл хамаарах шалтгаанаар хийгдэж байгаа зүйлс.
-Сонгуульд ялах гэсэн намуудын марафон нь иргэдэд нэг сая, 1.5 сая төгрөг өгнө гэх мэтчилэн амлалтууд болсон. Энэ мэтчилэн ойрын улс төрөөс болж хуримтлал үүсгэж чадаагүй нь ард түмний буруу юу. Улс төрийн намуудад өөрсдөд нь асуудал байгаа юм биш үү?
-Ийм асуудал байгаа учраас сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, ийм зүйл амлаж болохгүй гэж хуульчилсан. Одоо бол ямар ч нам тийм зүйлийг амлаж чадахгүй. Ардчилсан намыг нэг сая төгрөг амласан гэж ард түмэн ойлгоод байдаг юм. Бид нэг сая төгрөгтэй тэнцэх хэмжээний Таван толгойн хувьцаа л амласан. Тэрийгээ өгсөн. Чиний, миний бүх хүмүүсийн нэрээр Хөрөнгийн бирж дээр хувьцаа хадгалагдаж байгаа. Иргэд “Би хувьцаагаа хэзээ зарах вэ” гэж асуудаг. Зарах болоогүй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшиндээ хүрчихсэн байхад монголчууд хувьцаагаа зарж болохгүй. Өнөөдөр хувьцаагаа зарвал нэг сая төгрөг хүрэхгүй. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, хоёр жилийн дараа хувьцаагаа зарах эрхийг нь нээе гэж бодож байгаа.
-Яагаад хоёр жил гэж?
-Урагшаа явсан төмөр зам, зүүн тийшээ явсан Сайншандын төмөр зам ашиглалтад орж байж Таван толгойн нүүрс зах зээл рүү гарч чадна. Өнөөдөр төмөр замгүй болохоор зардаг нүүрсний хэмжээ бага байна. Одоо бол хэдхэн сая тонноор ярьж байгаа бол бид хэдэн арван сая тонны тухай ярьж байна.
-Төмөр замын асуудал ирэх хавраас шийдэгдээд явах болов уу гэсэн хүлээлт байна. Ардын намынхан төмөр замыг цэргүүдээр бариулах гэлээ. Олон улсын гэрээ конвенцийг зөрчиж байгаа гээд Ц.Нямдорж гишүүн эсэргүүцэж байсан...
-Төмөр зам Ц.Нямдоржийн эсэргүүцсэн, эсэргүүцээгүй баригдана. 10 мянган цэргийн асуудал төсөв дээр яригдаад мөнгө нь батлагдсан. Тэр мөнгө бол тухайн цэргүүдийн хувцас, хоол, байрны зардал. Төмөр зам барихад өөр мөнгө хэрэгтэй. Тэгэхээр тэр мөнгийг олж төмөр зам бариулна. 10 мянган цэрэг хүрзтэй очоод төмөр зам барьчих юм шиг буруу ярих хэрэггүй. Тийм зүйл угаасаа байдаг ч үгүй. Одоо бол техникээр барьдаг болсон. Төмөр зам барихгүйгээр Таван толгой үнэ цэнгүй. 2013 онд батлагдсан “Монгол цэрэг бүтээн байгуулалт” гэдэг тогтоолын дагуу энэ мөнгө зарцуулагдана. Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлнэ. Түүнийг нь Ардын нам яаж ч эсэргүүцсэн хөгждөгөөрөө хөгжинө. Ирэх хавар хоёр том төмөр замын бүтээн байгуулалт нэгэн зэрэг ажил болно. Олон хүн ажилтай болно. Цэргүүдээ ч гэсэн том машины жолооч, бульдёзорчин, экскаваторчин болгохын тулд өвлийн хэдэн сар МСҮТ дээр сургалтад суулгана. Тэр хүмүүс хүрзээр биш хүчит том техник дээр ажиллана. Төмөр зам, барилга, авто зам гээд дэд бүтцийн томоохон салбарт гадаадын ажиллах хүч оролцдог байсныг энэ Засгийн газрын үеэс эхлэн өөрчилж, монголчуудаа сургаж, ажиллуулж, эх орондоо бүтээн байгуулалт хийх гэж байна.
-Өмнө нь төмөр замаа бариад явчих боломж байсан. Таван толгой үнэ цэнтэй болох боломж байсан шүү дээ. Үүн дээр хугацаа алдсан тал бий?
-200-хан сая ам.доллар өгөөд зогсчихсон юм. Үлдсэн 200 саяыг нь зах зээлээс олж ав гээд өгөөгүй. М.Энхсайхан гэж сайд гарч ирээд төмөр замын ажлыг таг гацаасан. "Таван толгойг авах гэж байгаа компани төмөр замыг барина. Та нар барихаа боль" гээд зогсоосон. Хэрэв М.Энхсайхан тэгж хэлж зогсоогоогүй байсан бол төмөр зам дуусчих байлаа. Одоо Монголын төмөр зам гэдэг компани төмөр замаа Таван толгойгоос үл хамааран бариулахаар ажиллаж байна. Засгийн газраас нь янз бүрийн даалгавар өгөөд зогсоочихгүй бол ажил нь хавар эхэлнэ.
-Нэг сайдаас болоод төмөр зам зогссон нь үнэн юм бол хариуцлагыг тухайн сайд нь үүрэх үү. Яг яах ёстой юм?
-Би “Таван толгойг будлиулсан хүмүүсээсээ сал. Төмөр зам зогсоолоо. Уурхай зогсоолоо. Одоо болоо юм биш үү” гэж Ерөнхий сайдад хэлээд байгаа.
-Гэхдээ л одоо ч гэсэн ажлаа хийгээд явж л байна. М.Энхсайхан сайдын хувьд МАН-ыг засгаас гаргачихвал ажлаа өгнө гэж байсан?
-Өгөх л хэрэгтэй. МАН-ыг засгаас гаргавал ажлаа өгнө гэж мэдэгдэл хийгээд байсан. Өгнө гэж хэлсэн л бол өгөх хэрэгтэй. Юундаа хоргодоод байгаа юм.
-Өнгөрөгч 2015 он бол эдийн засагтаа нэмэр болохуйц Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Хамтын тэтгэврийн тухай хууль болон малчдын ажилласан жилийг 1.2 жилээр тооцдог болно гэхчилэн эдийн засаг болон иргэддээ хандсан хуулиуд батлагдсан гэж хараад байгаа?
-Төсөв батлагдсанаас хойш батлагдсан хуулиуд нэг жилээр хойшилж байгаа. Яагаад гэхээр Хамтын тэтгэврийн тухай хууль, малчдын ажилласан жилийг 1.2 жилээр тооцдог болох хуулийг 2016 оноос хэрэгжүүлье гэхээр Төсвийн тухай хуулиар энэ бүхний тооцоог хийлгүйгээр баталсан. Тэгэхээр бид энэ бүх тооцоог 2017 оны төсөвт суулгана. Хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар иргэд маш буруу ойлголттой байна. Улсаас өгч буй халамжийн бодлого гэж ойлгож болохгүй. Дэлхийн аль ч улсад хамт олон жил амьдарсан хүмүүсийн гэр бүлийн тэтгэврийн сан үүсдэг. Манайд болохоор эмгэн, өвгөн хоёрын хэн нэгэн нь нас барчихаар мөнгийг нь улс хураагаад авчихдаг. Гэтэл энэ хоёр хүн насаараа тэтгэврийн шимтгэл төлж бүрдүүлсэн мөнгө л дөө. Тиймээс бид Европын жишгээр хамтдаа бүрдүүлсэн хамтын тэтгэврийн санг нь өөрсдөд нь өгье гэж байна. Ардын намынхан хөгшин эрэгтэй хүн залуу эхнэр авчихвал яах вэ гэж мушгиад байна лээ. Болохгүй. Учир нь тэд хамтдаа бүрдүүлээгүй учраас тэр. Тийм ч болохоор 15 жил хамт амьдарсан байх ёстой гээд заачихсан. Тэр утгаараа хамтдаа тэтгэврийн сангаа бүрдүүлж байгаа юм.
Малчны тэтгэврийн 1.2 жил ч гэсэн мөн адилхан. Нас бууруулъя гэхээр тийм жишиг нь социализмаас хойш алга болчихсон байна. Цэргийнхнээс бусад бүх мэргэжил хэрвээ ажил хөдөлмөрийн нөхцөл нь хүнд гэж үзэх юм бол нэг аравны тэд гэсэн коэффициенттэй л байна. Тэгэхээр бид Ардын намынхны яриад байгаа шиг малчид эрт тэтгэвэрт гарна гэж хуульчилж болохгүй байгаа юм. Бид тэтгэврийнхээ зарчмыг 1990 онд өөрчилсөн. 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан хүн өөрийнхөө тэтгэврийн санг өөрөө бүрдүүлнэ. 1995 оноос өмнө хууль байгаагүй учраас тэтгэвэрт гарсан хүмүүсийнхийг улс өгч байна. Өнөөдөр улс даадаг, хуримтлалын гэсэн хоёр янзын тэтгэвэр авагчтай байгаа юм. Гэтэл энэ хоёр системийн алинд нь ч цэргийнхнийг эс тооцвол аль нэг мэргэжлийн хөнгөлөлт тооцохгүй байгаа. Харин хөдөлмөрийн хүнд нөхцөл бол бий. Үүнийг бид хуульчилж болно. Тиймээс малчны ажилласан жилийг зөвхөн малчнаар ажилласан жилийг нь 1.2 жилээр тооцож байна. Би төрийн албан хаагчаар ажиллаж байгаад 58 настайдаа малчин болоод хөдөө гаръя гэж бодъё. 60 нас хүртлээ хоёр жил малчнаар ажиллачихаад 30 жилээ 1.2-оор үржүүлж болохгүй байхгүй юу. Яагаад гэхээр 30 жилийн чинь 28 жилийг нь ердийн буюу нэг жилээр тооцдог төрийн албаны ажил хийж байсан байхгүй юу. Тэгэхээр хоёр жилд дөрөвхөн сар л нэмүүлнэ гэсэн үг. Энэ хуулийг ухуулан таниулах ажиллагаа хийхгүй болохоор мушгидаг хүмүүс иргэдэд зориудаар буруу мессэж өгөх гээд байгаа юм. Аль аль хууль нь 2017 оноос хэрэгжинэ. Энэ бүхэн бол тэтгэврийн шинэчлэл рүү хийсэн бодлогын томоохон асуудал байгаа юм.
-Өнгөрөгч онд хэрэгжсэн хуулиудаас үр дүнгээ өгсөн нь Шилэн дансны хууль. Ардчилсан намынхан энэ хуулийг гаргачихаад сөрөг хүчнийхний өгөөш болгуулчих шиг санагддаг. Ардын намынхан болохоор Ардчилсан намынхан ингэж мөнгийг баруун солгойгүй цацаж байна гээд нэг твиттерчнээрээ цацуулаад байна. Ардчилсан намынхан өөрсдийнхөө хийсэн зүйлийг хамгаалахдаа муу ч юм шиг?
-Шилэн данс бодлогын хууль байсан. Улсын төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгааг олон түмэнд нээлттэй болгоё гэдэг үүднээс УИХ баталсан. Мэдээж эрх барьж байгаа нам үүнийг зориглож хийхгүй. Ардын нам эрх барьж байсан бол хэзээ ч хийж чадахгүй алхам байлаа. 25 жилийн 18-19 жилд нь Ардын намынхан засаг барьж байна. Ардын намынхан хийдэггүй, бид харин эрсдэлээс айлгүйгээр чухал шийдвэрийг засаг барьж байх үедээ хийж чаддаг. Ингэж байж нийгэм эрүүлжих ёстой гэдэг итгэл үнэмшил байгаа учраас хийж байна. Хийсний дараа харин үүгээр нь рекламдах хүн маш олон байдаг. Бидний хувьд энэ бүхнийг оноо авах зүйл гэж хардаггүй. Харин ч цаашид боловсронгуй болгох зүйл их бий. Тиймээс ард түмэн зөв нээлттэй мэдээлэлтэй байх нь хамгийн чухал.
-Энэ жил манай улсад ардчилсан чөлөөт сонгуулийн болон байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд ЕАБХАБ-ын хурлыг ч зохион байгуулсан. Их хурлын даргын хувьд өнгөрсөн 25 жилийн хугацааны үйл явцыг хэрхэн харж байгаа бол?
-Ардчилсан шинэ Үндсэн хуулийг долдугаар сарын 29-нд баталсан байдаг. Энэ ойн жилээ Монгол Улсын Их хурал ЕАБХАБ-ын парламентын ассамблейн гишүүн болсон. Бид 25 жилийнхээ ойг тэмдэглэнэ гэж хоёр жил гаруйн өмнө буюу 2013 онд хүсэлт гаргаж байсан юм. Тухайн үед нь зөвшөөрөөд Монгол Улсад ЕАБХАБ-ын намрын чуулганыг хийхээр болсон. 51 орны парламентын 400 орчим гишүүнийг манай улс хүлээж авсан, олон улсын том арга хэмжээ байлаа.
Өөрөөр хэлбэл, дэлхийн 51 орны ард түмнээс сонгогддог 400 гаруй гишүүнд Монгол Улс гэж ямар орон байдгийг харуулсан. Тэдний зарим нь нисэх дээр буухаар морьтой ирээд гэрт байрлуулах байх гэж бодсон хэмээн хошигнон ярьж байсан. Гэтэл засмал зам, авто машин, зочид буудалтай юм гэсэн. Энэ мэтчилэнгээр Монгол Улсыг сурталчилсан том ажил байв.
Мөн энэ жил болох АСЕМ-ийн хүрээнд манай зочид буудал, аюулгүй байдлыг хангадаг байгууллага, нисэхийнхэнд чухал бэлтгэл болсон гэж харж байна. Монгол Улс 25 жил ардчиллаар замнаад амжилт гаргаж байна гэдгээ харуулсан. Бид 25 жилийн өмнөх алхсан мөрөө эргэж харах хэрэгтэй. Ой гэдэг бол 25 жилийн өмнө ямар байсныг хүмүүст сануулах боломж. 1990 онд манай нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээ 500 ам.доллар байсан бол одоо 5000 ам.доллар болж 10 дахин өссөн. Гэх мэтчилэн яриад байвал маш олон эерэг өөрчлөлт бий. Монгол Улс ардчиллаар замнасныхаа дүнг өнгөрөгч жил тавиулсан. 25 жилийн өмнө 20 сая хүрэхгүй байсан малын тоо толгой 55 сая толгойд хүрлээ. 20 сая байсан малыг 55 сая болтол нь Ардчилсан нам өсгөөгүй. Бид мал маллаж байгаа хүнд нь малыг нь өгөөд “Малаа өсгөөд сайхан амьдар. Чиний мал улсынх биш болсон. Чиний хувийнх болсон” л гэж хэлсэн. Улаанбаатарын гудамжинд багтахгүй байгаа энэ олон машиныг Ардчилсан нам худалдаж авч өгөөгүй. “Та бүхэн хувийн өмчтэй байж болноо” гэсэн юм. Өмнө нь амины өмч гээд барьцаалж болдоггүй, зарж болдоггүй, ашиг олж болдоггүй өмчтэй байлаа. Үндсэн хуулийн Цэцийн гаргаад байгаа хашааны газартай холбоотой шийдвэр нь тэр шүү дээ. Барьцаалж болохгүй, зарж болохгүй гэхээрээ хувийн өмч биш амины өмч болчихож байгаа юм. Ингэснээрээ 25 жилийн өмнөх байдалдаа эргээд оччихож байгаа, ухралт хийж байна гэсэн үг. Амины өмч гэдгийг орчуулж болдоггүй хачин үг л дээ. Социализмын үеийнхэн зохиосон юм шиг байгаа юм. Дэлхий дээр улсын өмч юм уу, хувийн өмч гэсэн хоёрхон хэлбэр байдаг. Гурав дахь өмч гэж байдаггүй. Гэтэл амины өмч, улсын өмч гэдэг хоёрхон өмч манайд байлаа. Гэх мэтчилэн тайлбарлахад хэцүү олон ойлголтууд алга болсон. Тэр хүн сайн ажил хийгээд машин авах мөнгөтэй болбол машин аваад уначихаж болж байна. Ямар алдаа гарсан бэ гэхээр 300 мянган хүнд зориулсан хотод 1.2 сая хүн ирж суусандаа л авто машин нь багтахаа байчихаад байгаа л даа. Тэгэхээр Ардчилсан нам ард түмэндээ зүгээр л боломж олгож байгаа юм. Чи сайн ажилла, дуртай сургуульдаа сур, дуртай зүйлээ худалдан авч болно, хувийн өмчтэй байж болно гэх мэтчилэн.
-Сонгуулийн тухай хуулиа оны өмнө баталж чадлаа. Танаас маш сайн хууль гаргах ёстой гэдэг даалгавар авсан тухай ажлын хэсгийнхэн нь хэлж байсан. Сонгуулийн тухай хууль дээр та ямар бодолтой яваа вэ?
-Манай улс сонгууль бүртээ таарсан хуультай байсан. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хууль, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, УИХ-ын сонгуулийн хууль гэж байлаа л даа. Гурван жилийн өмнө Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг байгуулахдаа нэг хуультай болгох чиглэл өгсөн юм. Энэ дөрвөн хуульд байгаа хамгийн сайнуудыг нь шингээгээд энэ хооронд дахин сонгуулиуд явсан. Тэр сонгуулиудын сургамжуудыг тооцоод хэдэн жилийн турш томоохон өөрчлөлт орохгүй тийм хуультай болж чадсан. Сонгуулийн хууль гэдэг бол дөнгөн данган олонхи болсон АН Ардын намын саналыг авалгүй баталж болдоггүй хууль л даа. Онолын хувьд баталж болох ч бид тэгэлгүйгээр бүх намуудын хүслийг тусгаж чадсан. Парламентын гадна байгаа намуудын ч гэсэн хүсэл туссан хууль болсон. Сонгуулийн хуулийг намууд өөр нүдээр хардаг байсныг бид хэлэлцүүлгийн үеэр өөр болгосон. Энэ бол нам гээд гэрчилгээ авсан хэсэг бүлэг хүмүүс, хэдэн мянган нэр дэвшигчийн асуудал биш юм. Монголын ард түмэн бүх шатны төлөөллийн ардчиллын байгууллагаа бүрдүүлдэг хууль. Тиймээс энэ бол сонгогчдын хууль. Хоёр сая сонгогчийн хууль болохоос 24 намын хууль биш.
Зарим намуудын зүгээс сонгуулийн сурталчилгааг хоёр сар болгоё. Сонгуулийн бүх зардлаа улсаас гаргая гэх мэтчилэн санал оруулсныг хүлээн аваагүй. Тийм ухралт байж болохгүй. Хар машинаа больё гэж хүртэл санал ирүүлсэн. Хар машин гэдэг бол хар өнгөтэй л болохоос өнгөрсөн гурван сонгуулийн 3-4 сая саналын хуудсыг нэг ч саналын зөрүүгүй тоолсон машин. Сонгуулийн үеэр өөрийнх нь талд ажилласан хүмүүсийг дараа нь Хайнань явуулдаг байсан юм билээ. Тиймээс авлига авдаггүй, Хайнань явдаггүй, архи уудаггүй, ажил тасалдаггүй, хэн нэгэн даргын үгээр ажилладаггүй санал тоолох автомат хар машин манайд бий. Миний сая хэлсэн бүхэн чинь саналын хуудсыг хүн гараар тоолдог байхад хүнтэй холбоотой ямар эрсдэл байдаг тэр бүхэн гарч байсан гэсэн үг. Тиймээс УИХ Сонгуулийн хуулиа батлахдаа хуучин сонгуулийн бүх ололттой талаа хадгалж аваад, сайжруулах зүйлсээ өөрчлөлтөөр оруулж өгсөн.
-Ирэх жил аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль, УИХ-ын сонгуулийг хамтад нь зохион байгуулна. Нэг дор ингэж гурван сонгууль явуулахын үр дүн нь юу байх юм?
-Зардал хэмнэнэ. Ардчилсан намын зорилго нь бүх сонгуулийг нэг дор явуулах байсан. Ардын намынхан эсэргүүцсэн тул сум, дүүргийг намар, аймаг, нийслэл, УИХ-ын сонгуулиа зун явуулахаар шийдвэрлэлээ. Дөрвөн жилийн өмнөх сонгуулиар Нийслэл, УИХ-ын сонгууль хамт явагдаж байсан. Тухайн үе их хэмжээний зардал хэмнэсэн. Нэр дэвшигч болон намуудын зардлыг мөн хэмнэж байгаа. Одоо Ардчилсан нам сонгуулиа яаж хийх вэ гэхээр нийслэлд сурталчилгааны материалаа нийлүүлээд өгчихнө. Баянзүрх дүүрэгт УИХ-ын сонгуульд Батзандан нэр дэвшлээ, материал нь энэ байна. Сонгинохайрхан дүүргийн тэддүгээр хороонд нийслэлийн ИТХ-д Дорж дэвшиж байгаа. Материал нь ард нь байгаа. Энэ материалыг хэвлэх, түгээх, уулзалт хийх, телевизээр цацах зардал зун, намар хийхээр хоёр дахин их гарна. Одоо харин зардал талаасаа хоёр дахин хэмнэлт гарахаас гадна, зохион байгуулалт талаасаа ч амар хялбар. Аймаг дээр мөн адил. Ардчилсан намын зүгээс Сонгуулийн хууль дээр анх тавьсан зорилгын тал нь биелсэн гэж үзэж болно. Ер нь цаашдаа Америк шиг бүх сонгуулиа нэг өдөр явуулдаг болох хэрэгтэй.
-Сонгуулийн хуулийг хэлэлцэж эхлэхийн өмнө улс төрийн намууд эсэргүүцэл үзүүлэн жагсаал цуглаан хүртэл хийсэн. Гэвч эцсийн бүлэгт МАН бусад намаа хаяж АН-тай зөвшилцсөний дүнд Сонгуулийн тухай хуулийг батлаад гаргачихлаа. Жижиг намууд парламентын гадна үлдэх нь гарцаагүй болчихлоо гэх мэдэгдэл гарсан байна лээ?
-Жижиг нам, том нам гэсэн ойлголт хуулинд байхгүй. УИХ-д суудалтай, суудалгүй намын хооронд эрхзүйн чадамжийн ялгаа бий. Олон суудалтай, цөөн суудалтай гэх л ялгаа байгаа юм. Ямар ч намд УИХ-д олонхи болох боломж үргэлж нээлттэй. Хэрвээ боломж байдаггүй байсан бол 1990 онд АН УИХ-д орж чадахгүй. Түүнээс хойш бид зүтгэсээр байгаад энэ улсын бодлогыг тодорхойлогч болтлоо явж байна. Тэгэхээр жижиг нам гэнэ үү, парламентын суудлын гадна байдаг нам гэнэ үү өөрсдөө л сайн ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулиар монголчууд хэдэн ч нам байгуулж болно гэсэн байдаг. Нам байгуулахгүйгээр ч бие даан УИХ-ын гишүүн болж болно. Сонгуулиар ажлынх нь үр дүнг үнэлдэг системтэй улс болчихсон шүү дээ. Тэгэхээр сонгуулиар суудал авч чадахгүй бол дараагийн сонгуулиар өрсөлдөөд ялах боломж нь үргэлж нээлттэй бий. Хууль бүх намд ижил боломж олгож байгаа.
-Ажаад байхад сүүлийн үед УИХ-ын баталж гаргасан хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах боллоо?
-Наадах чинь бол туйлын худал мэдээлэл байна. Манай Их хурлын баталсан ганцхан хуулийг л Цэц унагаасан байдаг. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд баталсан. Түүнээс хойших таван удаагийн УИХ-ын тавуулангийнх нь хууль Цэц дээр унаж байгаа юм. Тэнд нь манай Их хуралд хамаатай ганцхан хууль байгаа. Цэц дээр очоод бөөн хууль унаж байгаа мэт буруу ойлголт хүмүүсийн дунд байна. Тийм зүйл байхгүйг албан ёсоор хэлчихье.
-Саяхан Ипотекийн найман хувийн зээлтэй холбоотой Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт гаргасны маргааш нь арилжааны банкууд дээр ипотекийн найман хувийн хүүтэй зээл зогслоо?
-Ипотек бол ингэж хамаагүй оролддог зүйл биш. Гадуур маш их ойлгомжгүй тайлбарууд яваад байна лээ. 2009 оны Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль, товчилж хэлбэл ипотекийн тухай хуульчид шинэ монгол үг зохиосон юм. Чи хэрэв орон сууцтай бол орон сууцны чинь ордер чиний өмч. Яагаад гэвэл тухайн үед нэг бол улсаас үнэгүй өгсөн байдаг. Нэг бол үнэгүй өгсөн байрыг үнэгүй хувьчилж авсан байсан юм. Гэтэл ипотекийн зээл олгодог болсноор яасан бэ гэхээр 20 жилээр ипотекийн зээлээр авсан байр чиний өмч мөн үү. Чи мөнгийг нь төлөөгүй байгаа учраас зээлээ төлж дуусгах хүртэл байрны ордерыг ордер гэж нэрлэж болохгүй байгаа юм. Дотор нь амьдарч болно, зарж болно. Зарахдаа зээлээ төлж дууссаны дараа зарна. Тийм учраас “барьцаалбар” гэж монгол үг шинээр зохиосон. Барьцаалбар нь банкин дээр хадгалагдана. Банкны зөвшөөрлөөр гүйлгээ хийнэ гэсэн хуультай болсон. Чи хэрвээ мөнгөө төлж дууссан бол банкнаас ямар ч зөвшөөрөл авахгүй, дураараа барьцаалж, түрээсэлж болно. Мөнгөө төлөх хүртлээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ биш барьцаалбар байгаа учраас заавал мөнгөө өгсөн банкны юмуу моргейжийн компанийн зөвшөөрлөөр явна гэсэн хуультай. Гэтэл Үндсэн хуулийн Цэц уг шийдвэрийг хүчингүй болгочихоор чи барьцаалбараа аваад дуртай хүндээ зарж болно. Нэг барьцаалбарыг олон газар барьцаалж болно. Олон хүнд зэрэг зарж болно. Чи мөнгөө төлөөгүй байгаа мөртлөө ийм эрх чинь үүснэ. Тэгэхээр банкууд эрсдэлд орохгүйн тулд зээлээ зогсоосон. Хамгийн сүүлийн жишээг дурдъя. Би арванхоёрдугаар сарын 25-нд “Буянт-Ухаа 2” хорооллын нээлтийг хийлээ. 1620 айлын орон сууц ашиглалтад орж улсын комисс хүлээж авсан. Цэцэрлэгтэй, сургууль баригдаж байна. Хуучнаар гурав, дөрөвдүгээр хороолол шиг комплексоор нь төлөвлөсөн шинэ хороолол юм. Цэцийн шийдвэр гарахаас өмнө 200 айл банкинд 30 хувийн урьдчилгаагаа төлөөд найман хувийнхаа зээлийг авахад бэлэн болчихсон байж. 200 хүний төлөх мөнгө, банкнаас ирэх 70 хувьтайгаа нийлээд арван тэрбум төгрөг байсан байна. ТОСК арван тэрбум төгрөгөө аваад Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид өгснөөр нөгөө хэд нь цалингаа тавьж дараагийнхаа баригдаж байсан байшин руу оруулахаар бүх зүйл тохирсон байсан. Цэцийн шийдвэр гарсны дараа моргейжийн зээл зогсонгуут тавхан айл байрандаа орж байна. Одоо 1620 айлын орон сууцанд тавхан айл амьдарч байгаа. Уг нь 200 гаруй айл ороод дараагийн 1400 айл нь зээлээ хөөцөлдөөд, үргэлжлээд орох боломжтой байсныг Цэцийн шийдвэр зогсоочихсон. Үндсэн хуулийн Цэц үүн дээр маш том алдаа гаргасан. Өнөөдрийн байдлаар 76 мянган айл найман хувийн зээлээр байранд орсон байна. Түүний гуравны нэгээс арай бага хувьд хамаарах хүмүүс нь хуучин байсан өндөр хүүтэй зээлнээсээ найман хувь руу шилжсэн байна. Тэр хүмүүсийн хувьд төлдөг мөнгө нь хоёр дахин ба түүнээс доош буурсан байгаа юм. Урьд нь 500 мянган төгрөг сар бүр төлдөг байсан бол 200 мянган төгрөг төлдөг болсон. Ямар их хэмнэлт тэр гэр бүлд авчирч байсан бэ. Тэр зүйл алга болоход хүрлээ. 1620 айл орон сууцанд орлоо гэхэд 1620 айлын хашаанд дунджаар хоёр яндан байсан гэж үзвэл 3200 яндан хаагдах байлаа шүү дээ. Газраа байраар солин үнэгүй орж байгаа айлууд бас байна. Тэрийг барьсан монгол ажилтнуудын царайг та нар харсан байх. Хийсэн ажлаараа бахархсан, гэхдээ цалингүй явж буйдаа гонсойсон хүмүүс байсан. Тэр барилгыг барьсан монгол хүмүүс цалингүй явж байна. Одоо бид барилгын материалын 60 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Хуучин гучхан хувь байсан. Үндсэн материал болох арматур, цемент, шохой, хаалга, цонх зэргийг үйлдвэрлэж байгаа. Барилгын салбарт маш хортой шийдвэр гарсан. Найман хувийн зээл дээр л барилгын салбар тогтож байсан байхгүй юу, эрэлт байсан учраас. Хэрвээ 1990 оноос өмнөх рүү яваад, хувийн өмчийг устгаад зөвхөн мөнгөө бүрэн төлсөн айлыг байранд ор гэвэл одоо нэг ч айл орж чадахгүй. Байр гэдэг бол 20, 30 жил төлдөг үнэтэй бараа. Зөвхөн Монголд биш дэлхий даяар тийм байгаа. Ипотек гэдэг бол дэлхий даяар байдаг ердийн систем. Үүнийг АН мөрөөдөж мөрөөдөж 2012 онд олонхи болж чадалгүй олуулаа болсон хойноо хийсэн ажил. Энийг МАН-ын гишүүд нүгэл гэж үзсэн юм байна лээ. Тэгээд зогсоож байна. Гэхдээ бид МАН-аас үл хамаарч олонхиороо УИХ дээр асуудлаа шийдээд л явна. Бид энд ямар ч нүгэл хийгээгүй. Бид дэлхий даяар байдаг моргейж болон ипотекийн зээлийг Монголдоо нэвтрүүлсэн. Манай ипотекийн хуулийн зөвлөх Америкийн хуульч байсан. Тэр нөхөр Америкийн стандартаар хууль гаргасан. Бид ч нэг их сайндаа зохиогоод байсан зүйл байхгүй. Гэтэл тэрийг л Үндсэн хууль зөрчсөн гэж бичээд байхаар би ойлгохгүй байна. УИХ бол хууль гаргана. Цэц хууль хүчингүй болгож болно. Гэхдээ хууль гаргах эрх нь УИХ-д байгаа учраас энэ долоо хоногоос хэлэлцүүлэг хийж аль болохоор хурдан гаргана. Яаралтай горимд шилжүүлчихсэн, текст гарчихсан байгаа. Энэ долоо хоногт өргөн баригдаад санал аваад явна.
-Ер нь нэгдүгээр сардаа багтаад хуулийн төсөл батлагдчих болов уу?
-Багтана. Тэрийг би баталгаатай амлана.
-Зээл батлагдахтай уялдуулан хүү буурах нь гэх яриа олны анхаарлын төвд байгаа?
-Зээлийн хүү бууруулах боломж сүүлийн 25 жилд анх удаа бүрдлээ. Зээлийн хүү гэдэг бол моргейжийнх байна уу, машиных байна уу гэдгээс үл хамаардаг. Банк зээлийн хүүг юунд үндэслэж тогтоодог вэ гэхээр зардал дээрээ үндэслэдэг. Банкны зардал юу байх вэ. Хадгаламжийн хүү буюу мөнгөө хадгалуулсан хүнд буцааж өгдөг. Өнөөдөр хадгаламжийн нэг жилийн хүү 16 хувь. Инфляцийн хувь байна. Мэдээж хэрэг инфляциас доогуур хүүтэй зээл өгөхгүй. Дээр нь банкны ажилтнуудын цалин, дулаан цахилгааны зардал нэмэгдэнэ. Энэ бүхэн нийлсээр 20 хувийн хүүтэй зээл гарч ирж байгаа юм. Яагаад бид зээлийн хүүг бууруулж чадахгүй 25 жил явсан бэ гэхээр инфляци гэдэг зүйл үргэлж хоёр оронтой тоонд байсан. Энэ жил анх удаа 3.5, гурван хувь руу орж байна. Тэгэхээр бид Монголбанкны бодлогын хүүг хоёр оронтой биш, нэг оронтой тоо руу оруулж болж байна. Монголбанкны бодлогын хүү буурна гэхээр хадгаламжийн хүү буурна. Зээлийн хүү буурахын нөгөө талд үргэлж хадгаламжийн хүүгийн бууралт явна. Тэрийг манай ард иргэд үргэлж ойлгох хэрэгтэй. Нэг зоосны хоёр тал шүү дээ. Хэдийгээр найман хувийн зээл эхлэх үед инфляци 14 хувьтай байсан ч инфляциас доогуур хувьтай зээлийн хүү бодлогоор гаргаж Монголбанк мөнгөний нийлүүлэлтийг хоёр дахь зах зээлээс моргейжийн бондыг худалдаж авсан. Гэхдээ зориуд бага хүүгээр авсан. Тэрний хүчинд найман хувийн хүүтэй зээл эхэлсэн. Ажлын эхлэл маш сайн байгаа. 76 мянган иргэн байртай болж байна. 77 мянган монгол барилгачин ажиллаж байна. Барилгын материалын болон мебелийн үйлдвэрт олон мянган хүнд халтай шийдвэрийг Цэц гаргасан.
-Саяхан орон нутгийн иргэдийн амьдралд мэдэгдэхүйц өөрчлөлт үзүүлэхээр болсон нэг зүйл бол шатахууны үнэ буурсан явдал байлаа?
-Манай улс том газар нутагтай. Гурван чиглэлээр, урд талыг оруулбал дөрвөн чиглэлээр шатахуунаа авч байгаа. Улаанбаатараас хангагддаггүй. Эрээнцав, Увсын Боршоо, Баян-Өлгийн Цагаан нуураар шатахуунаар хангагддаг. Эдгээр боомтууд дээрх татварыг тэглэсэн. Татвар тэглэгдэхээр шатахуун хямдарна.
Гэхдээ Улаанбаатарын үнээс ихгүй байхаар зохицуулалт хийсэн. Ингэж бид 25 жил хийж чадаагүй шатахууны үнээ улс даяар ижил байлгах бодлого хэрэгжүүлсэн. Энэ хооронд боомтгүй аймгийн шатахууны үнэ хэвээр хоцорчихож байгаа юм. Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгорыг цаад талаас нь хангасан ч зардалтай, наанаас нь хангасан ч зардал гарна. Энэ тал дээр Газрын тосны газар болон Засгийн газар ажиллаж байна.
-Сүүлийн үед Оюу толгойн хөрөнгө оруулалтын талаар сайн, муу янз бүрийн мэдээлэл гарч байна. Ерөнхийдөө эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл ямар байх вэ. Зарим хүмүүс өгөөж нь мөд орж ирэхгүй, өнөөдрийн цаг үед амьдарч байгаа та нар юу ч хүртэхгүй гэж ярьж байна?
-Фрийдланд гэж бизнесмэн бий. Тэр хүн Оюу толгойг анх нээхдээ хэтэрхий гоёчилж ярьсан юм. Оюу толгойг ашиглаад эхэлбэл Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн гурав дахин өснө, та нар бүгдээрээ сайхан амьдарна, ноогдол ашгаа маш хурдан хүртэнэ гэх мэтчилэн. Яахав төслөө явуулахын хувьд магтана шүү дээ. Бие даагч гишүүд түүгээр нь яриад байгаа юм. Яг газар дээрээ буухаар Фрийдланд зүгээр наймаачин хүн шүү дээ. Наймаачин хүн наймаагаа хийчихээд л гараад явчихна. Араас нь Рио Тинто Фрийдландын ярьсныг хэрэгжүүлэх гэж орж ирлээ. Ноогдол ашгаа маргааш авна гэдэг бол худлаа юм байна. Яагаад гэвэл дөрөв биш найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэхээд байна гэдгийг хэлсэн. Тэр нь бол бодитой. Тэгэхээр зэрэг ноогдол ашгаа авах хугацаа хойшилно. Энэ ч бас бодитой. Анхны үнээ худлаа хэлснийг шуугиад яахав. Таван жил барих зүйлийг Фрийдланд гурван жилд бариад дуусгасан. Таван жил гарах ёстой байсан зардал гурван жилд гарахаараа хэтэрнэ. Хэтэрснийг манай татварынхан ойлгоогүй. Ойлголцох гэж хоёр жилийн хугацаа алдсан. Тэгэхээр гээндээ ч, гоондоо ч бий. Нэг л үнэн юм байгаа. Тэр нь юу вэ гэхээр Монголын газар нутаг дээр дэлхийд эхний тавд орох том зэсийн үйлдвэр байгуулагджээ. Монголчуудаас мөнгө гарсангүй. Тэнд ямар ч байсан мянган хүн ажиллаж байна. Гүний уурхайгаа ашиглаад эхэлбэл энэ тоо хоёр мянга болох юм гэсэн. Мянгаас хоёр мянган хүн ажилтай, цалинтай байх нь. Тэнд бараа нийлүүлдэг хэдэн арван мянган хүн ажиллуулдаг компаниуд байх шиг байна. Жил бүр татварт хэдэн зуун тэрбумаар тооцогдох мөнгө төлж байна. Би бол энэ нь илүү чухал гэж харж байгаа. Эрдэнэт үйлдвэр ч ялгаагүй л Монголын талаас мөнгө төлөлгүйгээр 1973 оноос хойш ярьж ярьж байж л 2000 онд өөрийнхөө талыг өргүй боллоо гэх бичиг Оросын талаас авсан. 1973 оноос 2000 он хүртэл 27 жилийн дараа бид өрөө төлсөн шүү гэж хаалгаж байгаа юм. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь Монголынх боллоо шүү гэж. Оюу толгой ашиглалтад ороод хэдэн жил болж байгаа билээ. Бидэнд бол арав дахь жилээсээ ноогдол ашиг нэхэж эхэлнэ гэдэг арай сэрүүдээд байгаа хэрэг. Тэр үед нийгэм гээд олон зүйл өөр байсан байх л даа. Гэхдээ Эрдэнэтийг ашиглалтад оруулсныг хүмүүс шүүмжилдэггүй. Бид Эрдэнэтийг сайн ч гэж хэлсэн муу ч гэж хэлсэн 1973 оноос хойш нуруун дээрээ Монголыг үүрч яваа. Зарим жил цор ганцаараа Монголыг тэжээж байсан. Оюу толгой ямар ч байсан зөв. Хөрөнгө оруулалтаа ихэсгэсэн, багасгасан ч бай. Татвар их төлсөн ч, бага төлсөн ч бай. Нэг хэсэг олон гадаад ажилтантай байсан бол, одоо 99 хувь нь монгол ажилтан байна. Эрдэнэтэд нэг хэсэг дан оросууд ажиллаж байсан үе бий. Тэр үед бас л шүүмжлэл дагуулдаг байсан. Одоо Оюу толгойгоос гарч байгаа зүйлд Монголын контент их байх талаар бодох ёстой. Цахилгаанаа Монголоос ав. Монголоос гарсан шатахууныг худалдаж ав. Хоол ундны мах, ногоогоо бүгдийг дотоодоос ав. Энэ шаардлагаа бид сайн тавих юм бол 5000 ам.доллараар гадагш гарч буй зэсний 4500 ам.доллар нь монгол контент байвал жинхэнэ үр ашиг нь тэр болох юм.
-Тэгвэл Таван толгой хэзээнээс хөдөлж эхлэх вэ?
-Таван толгойн хувьд Засгийн газар маш хариуцлагагүй төсөл оруулж ирсэн. Жаран жилээр Хятадын төрийн өмчит компанид өгөх гэж оролдсон. Тэрийг УИХ буруу гэж үзсэн болохоор буцаасан.
-Оюу толгой дээр асуухад хөрөнгө оруулалт орж эхлэхээр ирэх оны эдийн засагт хэр доргилт өгөх вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт 2015 онд “0” байсан. Энэ онд нэг тэрбум ам.доллар байна. Тэгэхээр мэдээж хэрэг төлбөрийн балансын үзүүлэлтэд өөрчлөлт орно. Одоо бол бид сурчихсан учраас тэр өөрчлөлтийг хэрхэн сөрөг байлгахгүй талаар арга хэмжээ авна.
-Гацууртын ордыг тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон. Өмнө нь хэд хэдэн удаа Их хурлаар орж ирж байсан уг төсөл яг яах ёстой вэ. Оюу толгой, Таван толгойнхоо үр өгөөжийг хүртээгүй байж дахин нэг ордыг ухах гэж байна хэмээн эсэргүүцээд байгаа юм билээ?
-Гацууртын орд руу орчихсон шүү дээ. Нөгөө 500 нинжа чинь ороод хууль бусаар олборлолт явуулж байгаа. Улсад тушааж буй алтны хэмжээ “0” грамм. Хууль ёсны лицензтэй компани нь тэнд хараад сууж байна. Хэрэв Гацууртын ордыг өнгөрсөн цагаан сараар хэлэлцээд УИХ шийдвэрийг нь гаргаад өгчихсөн бол Монголбанктай 50 тонн алтны гэрээ хийгдэх байсан. Тэр хэмжээний алт одоо Монголбанкинд хадгалагдаж байх ёстой байв. Төсөвт хичнээн их татвар төлөхийг мэдэхгүй. Ноён уулын булш чинь Гацууртын ордоос 9-18 км зайтай. Тэгэхээр Ноён уулын булш тоногдохгүй. Ийм л үр дүнтэй болох байсан. Хууль ёсны лицензтэй компани нь арбитрт өгөхөөр бэлдэж байна. Үүний төлбөрийг хэн төлөх юм. Эсэргүүцээд байгаа хэдхэн гишүүн төлөх юм уу. Сүүлд УИХ хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байхад маш тодорхой хариултаа өгсөн. “Та нарын үгээр бид Ноён уулаа хамгаалъя гэж нэг жил явлаа. Үр дүн нь ийм байна. Одоо больё” гэсэн.
-Сүүлийн үед цэвдэгийн тухай асуудал их хөндөгдөж байна...
-Гацууртын орд бол маш өчүүхэн газар байгаа. Цэвдэгийн тухай яривал 1.5 сая км хавтгай дөрвөлжин газрын тухай ярих л байх. 500 харьцах нь 500 метр газар цэвдэгт яаж нөлөөлөх үү. Бид цэвдэгт нөлөөлнө гээд ухахгүй байж болно. Гэхдээ нөгөө 500 нинжа чинь ухдагаараа ухна. Одоохондоо 500 нинжа байгаа ч удахгүй 20-30 мянга болно. Өвөрхангайн Уянгад 30 мянган нинжа ажилласан. Тэр түүх бидэнд сургамж болох ёстой. Улсад татвар төлдөггүй. Нин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ