Ногоон хотын эрэлд: Улаанбаатарын “судас” уухичиж байна

Монгол Улс 1.5 сая гаруй ам км газар нутагтай. Үүнийг гурван сая хүнтэйгээ харьцуулбал хааш хаашаа 0.5 ам км газарт тарайж хэвтмээр атаархам дүр зураг хэний ч төсөөлөлд бууна. Харин дээрх газар нутгийн ердөө 0.3 хувийг эзэлдэг Улаанбаатарт ирж, очигсодтойгоо нийлээд 1.5 сая хүн аж төрдөг учраас огт өөр нөхцөл байдал сэтгэл чилээнэ. Хүн амын төвлөрөл огцом нэмэгдэж, хөгжил дэвшилд тэмүүлэхийн хэрээр дэлхийн хотуудад тулгардаг олон асуудлын нэг нь тээврийн хэрэгсэл билээ. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд тээврийн хэрэгслийн түгжрэл, түүнээс агаарт ялгаруулах утаа, автын осол байнга нэмэгдэж буй нь томоохон асуудал болдог. Сүүлийн жилүүдэд авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй дуу чимээ нэмэгдэж буй нь иргэдийн эрүүл мэнд, ажиллах чадварт ч сөргөөр нөлөөлж буйг эрдэмтэд тогтоожээ. Тэгвэл улаанбаатарчуудын хувьд ч энэ нь “шүдний өвчин” болсоор байна. Хотын гудамжаар тааваараа “бэлчдэг” тэр олон хувийн машиныг хазаарлая гэхнээ манайд метро байхгүй. Тэгэхээр ад үзэх нь холгүй байдаг автобусандаа л найдахаас өөр замгүй. Гэрээс гарч буудал хүртэл дугуйгаа жийгээд метронд суучихдаг токиочуудыг бодвол бид шатахуун “залгидаг” автобус, машинаар л хөл залгуулдаг онцлогтой. Өнөөдөр дэлхийн томоохон хотууд ногоон хөгжилд хүрэхийн тулд нийтийн тээврийн салбарыг зориуд тусгайлан авч үздэг болжээ. Хотын эрүүл харилцаа нийтийн тээврээс ихээхэн хамааралтай учраас тэр. Өөрөөр хэлбэл, нийтийн тээвэр бол аливаа хотын цохилох зүрхний амин судас нь гэж үздэг. Тиймээс ногоон хот бий болгодог хүчин зүйлсийн нэг болох нийтийн тээврийн салбарын тухай энэ удаагийн нийтлэлээ бид бэлтгэлээ.
“Ахмад” автобуснууд

Нийтийн тээврийн тухай ярихад нас, зүс, “унд хоол”-ноос нь эхлээд засвар үйлчилгээ гэх мэт зайлшгүй хөндөх ёстой хэдэн сэдэв бий. Эхнийх нь автобусны нас. Нийтийн тээврийн газрын бүртгэлийн санд “данстай” тээврийн 1273 хэрэгслийн 47 хувийг 7-10 жил “амьдарсан” автобус эзэлж буй. 11-12 жил болсон “өвгөн” автобуснууд хар тугалга, азотын исэл гэх мэт хүний биед хортой бодис ялгаруулаад Улаанбаатарын гудамжинд сүнгэнэж байгаа цагт бид ногоон хот гэж ярих нь утгагүй. Тиймээс стандартад нийцсэн, тээврийн шинэ хэрэгслээр паркаа шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг мэргэжилтнүүд хэлэв. Энэ сарын сүүлээр л гэхэд 12 жил нь гүйцэж, гавьяаныхаа “амралтыг” авах 112 автобус байгаа юм билээ. Харин манай нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаад БНСУ-д хэдийнэ “тэтгэвэртээ” гарсан (зургаа хүртэлх жил ашигласан) автобуснуудыг оруулжирэн, паркаа “шинэчилдэг” байдал одоо ч үргэлжилсээр. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй, тав тухтай байдал хийгээд байгаль орчинд хүртэл сөргөөр нөлөөлдгийг хаана хаанаа сайн мэднэ. Гэвч мөнгөгүйн зовлон хэцүү тул бүгдийг нь “Цоо шинэ автобус авчир” гэж тулган шахах бас халуухан. Ямартай ч нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор баталсан “Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн дагуу Нийтийн тээврийг хөгжүүлэх сан байгуулж, тэндхийн зөвлөлийн шийдвэрээр угсраа 40, их багтаамжийн 120, дунд багтаамжийн 40 хүртэлх шинэхэн автобусыг урьдчилгаа төлбөр төлөх нөхцөлтэйгөөр худалдан авахыг даалгажээ.
Энэ онд Беларусь улсын Минскийн автомашины үйлдвэрээс угсраа 20 автобус оруулж ирсэн нь нам шалтай, 150-160 зорчигчийн багтаамжтай, Евро-3 стандартын шаардлага хангасан гэнэ. Тэгвэл “Hyundai County” загварын дунд багтаамжийн 30 автобус нь 30-35 зорчигч тээвэрлэх аж. Эдгээр автобус манай улсын цаг агаарын нөхцөлд тохирсон, цантахгүй шил цонхтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой тусгай тоноглол буюу замтай юм байна. Мөн үндэсний үйлдвэрлэгч “Экобус” компанийн үйлдвэрлэсэн Евро-4 хөдөлгүүртэй, байгаль орчинд ээлтэй 20 эко автобусыг саяхан үйлчилгээнд гаргаад буй. Цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлийгүндэснийүйлдвэрлэгчдэд даатган, монголинженерүүдийн гараар байгаль орчинд ээлтэй автобус зохион бүтээлгэхэд дэмжлэг үзүүлэхээ хотын мээр онцолсон.
Түлш, шатахууны чанарт анхаарахыг зөвлөжээ

Агаарын чанарын алба, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл 2”-ийг 2014-2017 онд хэрэгжүүлэх юм. Манай хууль тогтоомжоор бол автомашины хаягдал утааг хэмжих аргачлал нь зөвхөн хяналтын зориулалттай байдаг учраас хар тугалга, азотын исэл болон тоосонцрын ялгарлыг тодорхойлох боломжгүй аж. Тиймээс ЖАЙКА-тай хамтран хаягдал утааг хэмжих шинэ арга технологи нэвтрүүлж, дөрвөн автомашин, том оврын гурван автобусанд хэмжигч төхөөрөмж суурилуулан өдгөө хянаж байгаа аж. Ингэхэд нийтийн тээврийн хэрэгслээс ялгардаг утаанд агуулагдах зарим хорт бодисын хэмжээ арлын орны стандартаас 260-500 дахин их байжээ. Тиймээс дээрх төслийн багийнхан хөдөлгүүрийн чанарыг сайжруулах, импортоор орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний чанарт анхаарч, тухайн тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээг хугацаанд нь сайн хийж байх шаардлагатай гэж зөвлөжээ. Ийм чанар муутай шатахуун хэрэглэж байгаа тохиолдолд Улаанбаатарт хэчнээн сайхан шинэ автобус оруулж ирээд, хаанахын ч шилдэг гэсэн шүүлтүүр суурилуулаад огт нэмэргүй гэнэ.
Сүүлийн жилүүдэд дэлхийн орнууд байгаль орчин, агаар мандал дахь хорт хийг бууруулахын тулд газрын тосны бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагаа маш өндөр болгон, Евро стандартад заасан гол үзүүлэлт болох хар тугалга, хүхрийн хэмжээг бууруулах шат дараалсан арга хэмжээ авч байгаа аж. Уул уурхайн яамны Түлшний бодлого, зохицуулалтын газраас мэдээлснээр, Монгол Улс хойд хөршийн “Роснефть” компаниас шатахууны нийт хэрэглээнийхээ 90 орчим хувийг импортолж буй ньЕвро-2 стандартынх юм. Евро-2-оос Евро-4 стандартад шилжвэл автомашинаас ялгарах утааны хүхрийг 10, хар тугалганы хэмжээг 2.6 дахин бууруулах боломжтой юм байна. Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 58.347 тонн Евро-3, 4 стандартын газрын тосны бүтээгдэхүүн импортолсны 37.615тонн нь 90-ээс дээш октантай автобензин, 20.732 тонн нь дизель түлш байсан нь чамлалттай үзүүлэлт. Нийтийн тээврийн газрын нэгэн мэргэжилтэн “Экологийн шаардлага хангасан Евро-4, 5 стандартад нийцсэн тээврийн хэрэгсэл худалдаж авах гэхээр түлшний асуудал тулгардаг. Үүнийг шийдэж байж Евро-4, 5-д нийцсэн автобус оруулж ирэх тухай ярьж болох байх” гэлээ.
Ухаалаг тээврийн төсөл, хөтөлбөрүүд

Өдгөө манай нийтийн тээврийн салбарт байгаль орчинд ээлтэй гэж тодотгож болох хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжиж буй. “Тусгай замын автобус”, “Улаанбаатар метро”, “Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг энд дурдаж болно.
Тусгай замын автобус (BRT)

Нийтийн тээврийн ердийн автобусны үйлчилгээний орчин үеийн дэвшилт хувилбар нь тусгай замын автобус хэмээн орчин үед үзэж буй. Нийтийн тээврийн багтаамж ихтэй уг төрөл нь автозамын 2-4 эгнээг тусгаарлан, зөвхөн автобус явуулахаар зохион байгуулдаг онцлогтой агаад нэг чиглэлд 8000-25.000 зорчигч/цаг тээвэрлэх хүчин чадалтай байх аж. Тус замаар өөр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй учраас хугацааг 20-40 хувь хэмнэх гэнэ. Мөн цахилгаан хөдөлгүүртэй байхаар төлөвлөж буй нь байгаль орчинд ч ээлтэй. Нисэхээс Долоон буудал, Ханын материалаас Шар хад, Нарны замын дагуу 2017 оноос хэрэглэгчдэд үйлчилж эхлэхээр тооцжээ. Уг төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Монгол Улс, Азийн хөгжлийн банк гарын үсэг зурсан агаад хүрээлэн буй орчинд нийтийн тээврээс үзүүлэх нөлөөллийг 80 хувь бууруулна гэсэн тооцоо бий.
“Улаанбаатар метро”

Толгойтооос Амгалан өртөө хүртэл метроны 17.7 км замтай болох талаар сүүлийн хэдэн жил ярьж буй. Хэрэв уг замыг барьчихвал агаарын бохирдлыг 30 хувиар бууруулахаас гадна иргэдийн цагийг хэмнэн, эдийн засагт эергээр нөлөөлөх гэнэ. Автобусаар 45 минут зорчдог байсан газарт 15 минутад хүрэх боломжтой учраас тэр. Мөн төвийн дүүргүүдийн түгжрэлийг багасган хөдөлгөөний ачааллыг 16 хувиар бууруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулснаар автомашины ослын тоо буурч, нийгмийн зардал багасах нигууртай. Уг бүтээн байгуулалтын ажлын анхны хөрөнгө оруулалт тунель, гүүр, өртөө зэрэг барилга дэд бүтцэд 1.3, вагон болон бусад техник тоног төхөөрөмжид 0.2 гээд 1.5 тэрбум ам.долларын зардал гарах тооцоо бий. Санхүүжилтийн эх үүсвэр одоогоор тодорхой болоогүй, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эсэхийг Засгийн газар хэлэлцэж эцэслэх бололтой. Тэгэхээр 2017 онд метротой болох мөрөөдөл хэр бодитой зүйл вэ гэдэгт одоохондоо хариулт нэхэх эрт байна.
Ухаалаг автобус, ухаалаг иргэд

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн нээлт өнгөрсөн долдугаар сард болсон. Үүнээс хойш карт борлуулах, цэнэглэх 350 орчим цэгээр дамжуулан 536.873 цахим карт борлуулжээ. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим тасалбарын систем нэвтэрч эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт зорчигчдын 60 гаруй хувь нь карт ашиглаж байна гэсэн судалгаа гарсан гэнэ. Нэг үеэ бодоход улаанбаатарчууд ухаалаг автобусаар үйлчлүүлж сураад буй. Орох, гарах хаалгаа “мэдэхгүй” зорчигчид өөд өөдөөсөө мөргөлдөн, бух шиг зүтгэдэг байсан урьдын явдал одоо ул болж, урдуур сууж, дунд болон хойд хаалгаар буух ёстой гэсэн зарчмыг хэн хүнгүй мөрдөж сурав. Урьд нь бүхэл бүтэн нэг хүн тасалбар түгээгээд зогсож байхад яаж ийгээд бултаж “туулайчлах” гэдэг байсан зорчигчид өдгөө жолоочийн хажуугийн хайрцагт сайндураараа төлбөрөө хийгээд явдаг болсон. Энэ бол иргэдийн сэтгэхүйд гарч буй том дэвшил. Энэ бол хотын соёл.
Богино рейсийн хэргийг гаргамаар байна

Автобусныхан ар араасаа осол гаргаж, олон нийтийг айдаст автуулаад буй энэ үед бид хэн нэгнийг буруутгахын тулд бус, энэ салбарт юу нь болж, юу нь яагаад болохгүй байгаа тухай хөндөхийг зорьсон юм. Угаасаа нийтийн тээврийнхнийг хэчнээн муулж гоочлоод нэмэргүй, бидэнд одоохондоо үүнээс өөр сонголт үгүй. Автобусны жолооч нарыг “нисгэгчид” гэх мэтээр яаж ч зүхэж хараагаад асуудал шийдэгдэхгүй. Тиймээс асуудалд илүү бодитой хандах хэрэгтэй байна. Нийтийн тээврийнхэн осол гаргасан шалтгааныг тайлбарлахдаа “Хотын түгжрэл дунд рейсээ гүйцээхийн тулд цагт хавчигдаж яваад ийм юм боллоо”, эсвэл “Автобусны жолооч нар хүнээ булаалдан, нэгнээсээ өрсөх гэж хурдалснаас болдог” гэдэг. Ортой л байх. Уг нь нийтийн тээврийн шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь автобуснууд богино рейс хийдэг болсон явдал. Энхтайваны өргөн чөлөөний дагуух автобусны давхцалыг бууруулсан нь зөвхөн хотын төвийн агаарын бохирдол буурахад нөлөөлөөд зогсохгүй, биенээсээ өрсөн “хүн-мөөг” түүх гэсэн нисгэгчдийн уралдааныг хязгаарлах давхар ач холбогдолтой юм. Дамжин суухад 30 минутын дотор үнэгүй гэдэг санаа уг нь их зөв. Даанч манай хөрсөн дээр одоохондоо нэг л буухгүй байна.
Хотын нэг захаас нөгөөг хүртэл хүн тээвэрлэх гэж өдрийн талд нь шахам түгжирч зогсохын оронд автобуснууд богино зайд хүн тээвэрлэх нь олон талын тустай. Ялангуяа хотын төвд дунд оврын автобусаа явуулаад, захын дүүргүүд рүүгээ их багтаамжтай тээврийн хэрэгслээ үйлчилгээнд гаргамаар санагддаг юм. 40-50 мянган хүн амтай хотын зүүн зах руу дунд оврын наймхан автобус явуулдгаас болж өглөө, оройд бяцхан дайн өрнөж, хүч тамир дорой жаахан хүүхдүүд унаагүй хоцрон нүүр амаа хөлдөөх тохиолдол бишгүй гардаг гэнэ лээ. Тэгсэн хэрнээ нийтийн тээврээр зайлшгүйүйлчлүүлэхшаардлагагүй III, IV хороолол гэх мэт хотын төв орчимд баахан том автобуснууд хоосонданхалзаад л байдаг. Ийм тэнцвэргүй хуваарилалт байж таарахгүй.
Зайлсхийх-шилжих-сайжруулах менежмент


“Ногоон хотыг байгуулахад эхний ээлжинд иргэдийн хувийн тээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлах, бусад төрлийн тээврийн хэрэгсэл (нийтийн тээвэр, унадаг дугуй, явган зам зэрэг)-ийг түүнтэй өрсөлдөхүйц хэлбэрээр хөгжүүлэх бодлого баримтлах шаардлагатай. Үүний тулд “зайлсхийх-шилжих-сайжруулах” хөтөлбөрийг зөв хэрэгжүүлэх, зах зээлийн хөгжлийн явцтай уялдуулах, хөгжингүй орнуудын туршлагаас суралцах замаар ногоон хотын тээврийн салбарыг бий болгоно” хэмээн нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ хэлсэн юм. Хөгжиж буй хотууд иргэдийг хувийн машинаас зайлсхийж, аль болох унадаг дугуй, байгаль орчинд ээлтэй ногоон тээврийн хэрэгсэл ашиглах, нийтийн тээврээр үйлчлүүлэхийг дэмжих бодлого хэрэгжүүлдгийг манайх ч гэсэн туршаад л байна. Жишээ нь, дэлхийн олон оронд байдаг автомашингүй гудамжны анхныхыг өнгөрсөн зун байгуулсан. Мөн цаашид хотын төв рүү хувийн машинтайгаа орвол тодорхой хэмжээний татвар төлдөг байх зохицуулалтыг ч судалж буй гэсэн. Гэхдээ бидэнд бодож байж хөдлөх ёстой зүйл олон бий. Тухайлбал, авто тээврийн хэрэгсэл ихсэхийн хэрээр улс орнуудад оршин суугчид нь алхах буюу дугуй унах явдал нэмэгдэх төлөвтэй ч үүнд зориулсан дэд бүтцээсбас их хамаардаг юм байна. Тиймээс хувийн машинаас хэрхэн зайлсхийж болох, нийтийн тээвэр рүү яаж шилжих, түүнийгээ ямар арга замаар илүү сайжруулах талаар шийдвэр гаргахдаа долоо хэмжиж нэг огтлох учиртай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ