М.Батгэрэл: Хакухог япон хүнтэй суусан гэж харамладагт нь баярладаг

Хакухогийн хясаанд нуусан сувд хэмээн түүнийг тодотгодог нь хоосон үг биш. Гоо үзэсгэлэнтэй, өндөр боловсролтой, ганц бие хатагтай М.Батгэрэл дүүгийнхээ арын албыг хариуцдаг. Өөрөө бол миний арын алба хариуцах гэж юу байхав, зүрх сэтгэлийн хувьд л дүүдээ өмөг түшиг болдог байж болох юм хэмээн даруухан хэлнэ лээ. Гэтэл зүрх сэтгэлийн хэрэгцээнээс илүү хэрэглээ, сэтгэлийн хүчээс хэтийдэж гарах хүч гэж байдаг гэж үү? Чухам эгчийгээ дэргэд нь очсноос хойш Хакухо тасралтгүй найман удаа түрүүлсэн гэдэг юм билээ. Үүнээс илүү үзүүлэлт гэж ч юу байхав. Магад Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд омогт Тайхогийн олон жил ноёрхсон рекордыг эвдсэн нь М.Батгэрэл хатагтайн сэтгэлийн энергитэй тодорхой хэмжээгээр холбоотой юм байна гэж би хувьдаа дүгнэсэн. Дархан аваргын гурав дахь охин болж мэндэлсэн түүнийг багад Мөөеө аварга, Батгэрэл хамгийн азтай нь гэж хэлдэг байж.

Аавын үг, аваргын тодорхойлолт шүншигтэй байж. Зуун дамжсан хоёр их хүчтний гал голомтыг чимэх хувь тавилан түүнийх байж. Их сургуулиа дүүргэж, Лондонд үргэлжлүүлэн сурч, дараа нь арлын Японд суурьшсан тэрээр цагтаа загварын тайзнаа алхаж, миссийн тэмцээнд оролцох урилга хүртэл авч байсан. Гэвч түүний явах замнал өөр зүгт чиглэсэн нь гэр бүлийнх нь үнэт зүйлтэй холбоотой. Угаас монгол бөхийн том ген, онцгой үзэгдэл Мөөеө аварга хүчтний хувиар л ард олонд танигдаж, хайрлагдсан нь болохоос удам судар хөөвөл язгууртан угшилтай, бичиг эрдмийн улс. Тиймдээ ч шогийн мэдрэмж нь тэгтлээ хөгжсөн байж л дээ. Үүнийг дагасан бодь сэтгэл, даруу зан, эгэл хэв маяг байлгүй л яахав. Ингээд олныг үл нуршин хатагтай М.Батгэрэлээс дүүгийнх нь Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, наадмын үеэр авсан

Японы сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын Хөдөлмөрийн баатар цолны мялаалга, наадам төрөлх Төв аймагт болсон. Хакухогийн гэргий хүүхдүүд, хадмууд, япончууд гээд гадаад талаасаа өргөн, том бүрэлдэхүүнтэй наадам боллоо. Наадам хийх нь хэний санаа байсан бэ?

Олны буян оломгүй далай гэгчээр наадам сайхан болсон. Хоёр зууны аав, хүү аварга, баатрууд төрлөө гэж монгол түмнээрээ баярлаж бахархсан. Талархал хүндэтгэлийн баяр наадам маань ард түмний хүсэл байсан юм. Ирсэн зочиддоо,эрхэм нөхөддөө бүгдэд нь баярлалаа. Хичээл зүтгэл гарган ажилласан G entertainment болон Ганболд ахдаа, Төв аймаг, Өвөрхангай, Архангай, Төв аймгийн Эрдэнэсант сум, нийт Монголчууддаа,аав ээж ах дүү, хамаатан садан, мөн Шангри-Лагийн хамт олондоо баярлалаа. Хоёр зуун дамжсан гэж хэлж байгаа боловч сумогийн 1300 жилийн түүхэнд хэн ч эвдээгүй рекордыг эвдсэн, магадгүй, цаашлаад хэр их хугацаагаар үргэлжлэхийг хэн ч таашгүй. Тиймээс ялангуяа япончууд маш их анхаарал тавьсан. Японоос баяр наадамд оролцохоор 140 гаруй хүн ирсэн.

Дүү чинь Монголын төдийгүй олон улсын хэмжээний од, хүндлэл хүлээсэн аварга. Домогт их аварга Тайхогийн 32 удаа Эзэн хааны цом хүртсэн рекордыг гучин насандаа эвдсэн гээд домогт аваргуудын нэг боллоо. Харин аав ээж, ах эгчийнхээ хувьд, таны хувьд жишээ нь түүний ямар чанарыг хүндэтгэн хайрлаж үздэг вэ?

Бид жирийн л гэр бүл, онцолж ялгараад байх юмгүй. Гэхдээ аваргын охин, аваргын эгч болж төрж, өсчээ. Энэ бол ховор хувь заяа гэж боддог. Хакухо их гүйцэтгэл сайтай хүүхэд байсан юм. Нэг юм хийсэн л бол заавал дуусгадаг, тэгэхдээ бүр төгс хийж байж санаа нь амарна. Чадахгүй бол чадахын төлөө хичээдэг. Зан аашийн хувьд их зөөлөн хүн. Япончууд хүртэл, Хакухо их зөөлөн, хэнийгээ дуурайсан юм бол, аав нь мундаг хүчтэй хүн, ээж нь эмч гэх мэтээр ярьцгаана. Ер нь тэр зөөлөн зангаараа бусдад хайрлагддаг.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ