Д.Оюунтуул: Эмчилгээний зардлаа олох гэж
Саяхан “T&T” нэртэй продакшн нээгджээ. Энэхүү продакшныг жүжигчин Д.Оюунтуул болон жүжигчин А.Туяа нар хамтран байгуулсан байна. Хошин урлагийн гэх тодотголтой бүсгүйчүүд шинэ продакшн байгуулаад зогсохгүй удахгүй анхны уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхээд байгаа аж. Ингээд жүжигчин Д.Оюунтуултай ярилцсанаа хүргэе.
-Та сүүлийн үед “Их хотын залуус”, “Хуримын сюрприз” зэрэг кино бүтээлд тоглоод нэлээд завгүй яваа харагдах юм. Бас саяхан продакшн байгуулсан гэж сонссон. Шинэ продакшныхаа талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-За юуны өмнө “Өдрийн сонин”-ы хамт олонд болон уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. Удахгүй хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байна. Миний хувьд шинэ оноо уран бүтээлийн олз омог ихтэйгээр угтаж байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нд жүжигчин А.Туяа бид хоёр хамтраад “T&T” нэртэй продакшн байгуулаад эхний уран бүтээлээ бэлэн болгоод байна.
-Ямар төрлийн уран бүтээлээр гараагаа эхлэв?
-Шинэ жилийн сэдэвтэй богино хэмжээний телевизийн кино хийсэн байгаа. Дөрөв таван телевизтэй гэрээ хийгээд тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
-Шинэ бүтээлийн нэр?
-“Чамд аз жаргал хүсье” нэртэй. Шинэ жилийн баяраар гэртээ гэр бүлээрээ цуглаад, гоё ширээ засаад хамтдаа зурагт үздэг шүү дээ. Би ч гэсэн багадаа хурдан шинэ жил болоосой гэж зурагтаар гоё нэвтрүүлэг гарахыг тэсч ядан хүлээдэг байсан. Үүнтэй л адил хүмүүс баяраар их л гоё юм үзэхийг хүсдэг. Тиймээс Туяа бид хоёр ярьж байгаад анхныхаа уран бүтээлийг өргөн хүрээтэйгээр хүргэхийн тулд дэлгэцийн бүтээл барьж авсан.
-Хэзээнээс телевизээр цацагдах юм бол?
-Арванхоёрдугаар сарын 25-30 хүртэл телевизээр цацагдах байх.
-Продакшныхаа нэрний тухайд тайлбарлаач. Би ойлгохдоо та хоёрын нэрийн эхний “Т” үсэг гэж ойлгоод байгаа?
-Зөв таалаа. Намайг хүмүүс Оюунтуул гэхээсээ илүүтэйгээр Туул гэж дууддаг. Тийм болохоор хоёр нэрнийхээ эхний үсгээр продакшнаа нэрлэсэн. Нэр өгөх чинь бас чамгүй хэцүү юм билээ. Урлагийн байгууллага учраас өөдрөг, гэгээлэг нэр өгөх хэрэгтэй байдаг.
-Шил шилээ дарсан олон продакшн бий болж байна. “T&T” продакшн эдгээрээс ялгаатай нь юу байх вэ?
-Тайз, дэлгэц гээд бүхий л төрөлд хүч үзнэ дээ. Ирэх нэгдүгээр сард уран сайхны киноны ажилдаа орохоор төлөвлөөд байна. Уран бүтээлчдийн хувьд бид хараахан олны танил болоогүй залуу уран бүтээлчдийг продакшндаа авч хамтарч ажиллах зорилготой байгаа. Хийж бүтээе гэсэн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзэлтэй залуучуудын хувьд манай продакшны үүд хаалга нээлттэй. Урлагийн сургууль өнөөдөр харьцангуй олон болчихсон шүү дээ.
-Та бүхний барьж авч буй сэдэв жанр их сонирхол татаж байна?
-Аль ч жанр байж болно. Анхны бүтээл телевизийн уран бүтээл байгаа бол цаашдаа тайзны жүжиг хийх бодолтой байна. Дөнгөж эхэлж байгаа болохоор хийх зүйл ч их байна, хүсэл мөрөөдөл ч дүүрэн байна даа. Уран бүтээлч хүний хувьд санал ирдэг. Сайхан дүр ирвэл тоглох юмсан гээд. Мөнгөндөө гол биш миний үнэхээр тоглох юмсан гэж хүсч мөрөөдсөн дүр байвал продакшныхаа хажуугаар бас бүтээгээд явах юмсан гэж боддог.
-Хүсч мөрөөддөг дүр гэлээ. Таны хувьд ямар дүр бүтээхийг хамгийн их хүсч байна вэ?
-Яагаад ч юм би үлгэрийн дүр бүтээхийг мөрөөддөг. Үлгэрийн дүрд ч дуртай. Жаахан байхад “Бушхүүгийн үлгэр”, “Алтан-Өргөө” зэрэг киног их үздэг байсан. Одоо ч үзэх дуртай. Бодит амьдрал юм шиг мөртлөө ид шидийн өгүүлэмжтэй. Яг иймэрхүү кинонд гүнж биш юм аа гэхэд чөтгөр шулмын эсрэг дүр ч юм уу, эсвэл нэг сайхан хатны дүр ирвэл би дуртай тоглоно.
-Яагаад гүнж байж болохгүй гэж?
-Гуч гараад гүнжид тоглох нас ч өнгөрсөн байх аа. (инээв)
-“Их хотын залуус”-т тоглох саналыг анх хэн тавьж байв. Энэ кино сүүлийн үед залуусыг багагүй байлдан дагуулж байна?
-Энэхүү кино “Эмоци” продакшн болон “Боловсрол” телевизийн хамтын бүтээл юм. Хотын залуусын амьдралыг харуулсан их сайхан кино болсон гэж би бодож байгаа. Яг одоо 40 дүгээр ангийнхаа зургийг авч байна. “Их хотын залуус” кинонд зуны өдрүүд үргэлжилдэг шүү дээ. Тэгвэл 40 дүгээр ангиа шинэ жилийн үдэш буюу арванхоёрдугаар сарын 31-нд зориулж хийхээр үлдээсэн байсан. Цас орохыг хүлээсэн. Одоо яг зураг авалт явагдаж байна. “Их хотын залуус” олон ангит кинонд тоглох саналыг надад “Эмоци” продакшны жүжигчин Тэмүүжин, Нарансолонго хоёр тавьсан. Би “Эмоци” продакшныхаа уран бүтээлчдэд талархаж байгаа.
-Таны урлагт эргэн ирсэн дохио бол “Хуримын сюрприз” уран сайхны кино байлаа. Тухайн үед үзэгчид хэр хүлээж авах бол гэсэн айдас байсан уу?
-Миний дүрийг хэрхэн хүлээж авах нь үзэгчдийн асуудал. Гэхдээ би тайз, дэлгэц рүү гарахад хүнд нөхцөлд орчихсон байсан. Хүн болгон л мэдэж байгаа. Ийм байдалтай байхад “Оюунлаг” продакшны уран бүтээлчид болох Отгоо, Сэрээ хоёр намайг “Хуримын сюрприз” кинондоо тоглох санал тавьсан. Үүний ачаар анхны дэлгэцийн уран бүтээлд тоглож үзэгчдийнхээ өмнө гарлаа. Дараа нь “Их хотын залуус” кинонд тоглолоо. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар миний уран бүтээлийн гараа сайхан эхэллээ. Урам зориг авлаа. Цаашид уран бүтээл хийх зориг хүсэл ч төрсөн. Хэрвээ ямар нэгэн бүтээлд тоглох санал ирээгүй бол надад үнэхээр эмзэг тусах байсан. Бүтэн жил би ажилгүй байлаа шүү дээ. Уран бүтээлээ л хийхийг хүсч байсан. Миний хийж чадах зүйл л тэр. Мэдээж хоолоо олж идэхийн тулд ямар нэг ажил хийх ёстой байсан.
-Таныг Солонгост барилга дээр ажиллаж байна гээд шуугиад байсан?
-Шар хэвлэлүүдээр намайг Солонгост барилга дээр ажиллаж байна гээд бичсэн байсан. Барилга дээр эмэгтэй хүн ажиллана гэж байхгүй шүү дээ. Цэвэрлэгээний ажил хийсэн. Мөнгө хэрэгтэй байсан учраас Солонгост эмчилгээнийхээ хажуугаар ажил хийсэн нь үнэн. Мэдээж хүн л юм хойно амьдрахын төлөө ажил хийхээс аргагүй байсан. Тэнд ажилладаг монголчууд намайг дотно хүлээж авсан. Ашиглалтад орох гэж байгаа шинэ барилгын дотор цэвэрлэгээг монгол эмэгтэйчүүдтэй хамт хийдэг байсан.
-Өдөрт хэдэн цаг ажилладаг байв?
-Өглөө 08.00-22.00 цаг хүртэл ажилладаг байсан. Өдөрт 80-90 мянган вон авна. Монгол мөнгөөр 100 мянга орчим төгрөг л дөө.
-Урлагийн тайзнаас гэнэт хар бор ажлын талбарт шилжихэд сэтгэл зүйн хувьд хэр хүнд тусч байв. Тухайн үед яг юу бодогдож байсан бэ?
-Тийм зүйл ёстой бодогдоогүй. Харин ч энэ ажлыг яаж сайн хийх вэ, гологдчихгүй хийчих юмсан гэж хичээдэг байсан. Дөрвөн давхар вакум цонх цэвэрлэнэ. Солонгосчууд яс шалгаж авна. Жижигхэн шохойны цэг ч үлдээхгүй цэвэрлэдэг байлаа. Хамт ажиллаж байсан эмэгтэйчүүд “Туулыг ажил хийж чадахгүй байх гэж бодож байсан чинь овоо чамбай юм гээч” гэж ирээд л ярьдаг байсан. Угаасаа жүжигчид хөдөө, гадаа байнга л тоглолтоор явна. Жижиг зайнд ч амарчихдаг, хүйтэн орчинд ч хувцсаа солиод өмсчихдөг. Заримдаа яван суун, хоолтой хоолгүй яваад сурчихсан болохоор нэг их хүнд байгаагүй. Харин цэвэрлэгээний бодис нь их хурц үнэртэй, хүний биед хортой юм билээ. Би хамт ажилладаг эмэгтэйчүүддээ цэвэрлэгээгээ дуусгаад ядаж нэг аяга тараг ууж байгаарай гэж захина. Ер нь хүний нутагт байгаа хүн биеэ л сайн бодох хэрэгтэй санагдсан.
-Хэр удаан цэвэрлэгээ хийсэн бэ?
-Нэлээн удаан хийсэн шүү.
-Солонгост ажиллаж, амьдарч байгаа хүмүүс танд хэр тусалж байсан бэ. Мөнгө, төгрөг эмчилгээнд тань нэмэрлэж байсан уу?
-Ер нь тийм тохиолдол байсан. Гэхдээ хүний нутагт хөлс хүчээ урсган байж олсон мөнгийг нь би зүгээр авахыг хүсээгүй. Тийм ч хүмүүжил надад байхгүй. Тиймээс ажил хийж өөрөө мөнгө олохыг хүссэн. Яахав гадаадад ажиллаж, амьдарч буй монголчууд нэг нэгэндээ их амь, тусалж дэмжихийг хичээдэг юм билээ. Хамт ажиллаж, уулзаж байсан хүмүүс намайг танихгүй хэрнээ нэг удаа ч гэсэн хоолонд орчих, метронд суух картаа цэнэглэчих зэргээр их тусалж байсан. Танай сониноор дамжуулаад тэр бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархсанаа илэрхийлмээр байна. Намайг ажилд оруулаад, хажуудаа дагалдуулаад ажиллуулж байсанд үнэхээр их баярласан шүү.
-Ер нь та хэр удаан эмчилгээ хийлгэсэн бэ?
-Солонгос руу нийтдээ зургаан удаа явж лазер эмчилгээнд орсон. Ерөнхийдөө цаг алдсан. Түлэгдээд удсаны дараа очсон учраас сорвижилт удаан эмчлэгдэж байгаа. Харамсалтай нь би мөнгөний асуудлаас болоод түлэгдсэн даруйдаа эмчилгээнд явж чадаагүй.
-Эргээд эх орондоо ирээд хийх ажлаа олж ядан нэлээд хүнд байсан учраас продакшн байгуулахаар шийдсэн юм шиг санагдлаа?
-Тийм. Би “Шинэ үе” продакшны удирдлага дор ажиллаж байсан болохоос биш өөрөө хүн удирдаж үзээгүй ш дээ. Яг ийм нөхцөл байдалд орчихсон хүнд хаана ч ажил байхгүй ш дээ. Хэнд итгэхэв, хэн намайг авахав. Эсвэл би хэнийг гуйж бусдын хаалга тогших вэ гээд асуудал тулгарсан. Хүн болгон л өөрийн гэсэн амьдаралтай. Өөрсдийнхөө амийг яая гэж байгаа цаг үед өөрөө л юм хийх ёстой юм байна гэж бодсон. Яг энэ үед манай Туяа намайг их дэмжсэн. Туяа “Х-Түц” продакшн, би “Шинэ-үе” продакшнд байхдаа их дотно найзууд явсан. Хэн хэнийгээ мэднэ. Гол нь бид хоёрын зорилго нэг зүгт чиглэсэн учраас хамтраад уран бүтээл хийхээр шийдсэн. Туяа надаас дүү шүү дээ. Залуу хүн гэхэд хийе бүтээе гэсэн сэтгэлтэй, гал цогтой бүсгүй.
-Одоо “Шинэ-Үе” продакшнаас бүр мөсөн гарчихсан уу?
-Тэр үеэс л “Шинэ-Үе” продакшнтай хамааралгүй болсон.
-Тухайн үед эмчилгээний зардал мөнгө, сэтгэл санааны тусламж үзүүлсэн үү?
-Би “Шинэ-Үе” продакшнд найман жил ажилласан. Тухайн үед продакшны зүгээс эмчилгээнийхээ зардалд нэмэрлээрэй гээд гурван сая төгрөг өгсөн.
-Жүжигчин Алдармаа тантай холбогдож байгаа юу. Эмчилгээний зардлыг чинь бүрэн төлсөн үү?
-Бүрэн төлөөгүй учраас л одоо шүүхээр яваад байна. Түлэнхийн төвд эмчлүүлэхэд гарсан зургаан сая төгрөгийн зардлыг төлсөн. Анх Солонгос руу явахад эмчилгээнд шаардлагатай арван сая төгрөгийг гаргасан. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Ганц ч удаа яаж байна, ийж байна гэж санаа тавиагүй. Үлдсэн бүх зардлаа би өөрөө гаргасан. Таньдаг хүнээсээ хүүтэй мөнгө зээлээд эмчилгээгээ хийлгэсэн. Тэр өрөө одоо төлнө дөө. Би Алдармааг уучилсан. Шоронд оруулаагүй. Уг нь эмчилгээнд шаардлагатай бүх зардлыг чинь даана, гаргана гээд төрсөн эгч нь гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэвч би сүүлийн таван удаа явсан эмчилгээний зардлаа өөрөө л гаргасан. Одоо дахиад явах шаардлагатай байгаа.
-Хэзээ явж эмчлүүлэх вэ?
-Мөнгөний асуудлаас болоод хойш тавиад л сууж байна. Түлэгдсэн хүн л энэ зовлонг ойлгоно. Эмч нар сорви бүрмөсөн арилахгүй гэсэн.
-Одоо ямар зовиур байна. Нэлээн тод сорви харагдаж байна?
-Байнга чийгшил өгч тосолж, арчилж байхгүй бол арьс таталдана. Хүзүүний арьс таталдана. Би өсч яваа залуу хүн биш харьж яваа насны хүн болохоор байнга л арьсаа чийгшүүлж санаа тавьж байхгүй бол эргэж хумигдаад байдаг юм байна. Манай Түлэнхийн төвд лазерын эмчилгээ ч хийх боломж байхгүй. Хэзээ нэгэн цагт хөрөнгө чинээтэй болох юм бол энэ төрлийн тоног төхөөрөмж Түлэнхийн төвд авч өгнө гэж бодож байгаа. Ямар сайндаа кинонд тоглохдоо хүзүүний зүүлт, ороолт зүүгээд л явж байна. Гоо сайхан талаасаа ч тэр хамгийн их хохирсон нь би. Миний хувь тавилан л юм байлгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ