Далайн мангас буюу жинхэнэ Кракен

Номхон далайд орших Калифорны буланг мексикчүүд Кортесийн тэнгис гэж нэрлэдэг. Чухам энд 2011 оны 3-р сард далайн аварга кальмар наймаалжны сүрэг загас агнуурын хөлгийг довтолж 7 хүний аминд хүрсэн байна. Аймшигт явдал олон хүний нүдний өмнө болж өнгөрчээ. 12 метрийн урттай онгоц наран шарлагын газартай харалдаа замаар зогсоол руугаа явж байлаа. Гэнэт усан доороос хэдэн арван бүдүүн, гулсамхай тэмтрүүлүүд мушгиран гарч ирээд хүмүүсийг шүүрэн авч усан доогуур оржээ. Дараа нь хөлгийг хүчтэйгээр ганхуулснаа хөмрүүлж хаясан байна.

«Би далайн давалгаанаар эрэг рүү шидэгдсэн 4-5 цогцсыг олж харсан. Тэд бүгдээрээ далайн мангасуудын соруулын ул мөр болох хөх толбоор битүү хучигдсан байлаа. Нэг нь арай амьсгаа хураагаагүй байсан ч хүнтэй адилгүй болсон байсан. Наймаалжнууд зажилж зажилж нулимаад хаячихсан юм шиг л харагдаж байсан!» гэж Сан-Францискогийн серфингч Тимми Ирвин сэтгүүлчдэд ярьжээ.

Цуст явдлыг мөрдөхөд оролцсон “Baja California Sur” Их сургуулийн далайн биологч багш, доктор Луис Сантьяго хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж мэдэгдэл хийхдээ:

«Эмгэнэлт явдал болсны дараахан бид хэргийн газар луу очиж ухаалаг занга тавьсны ачаар дайрсан нялцгай биетнүүдийн нэгийг барьж авсан. Энэ нь Гумбольдт (Dosidicus gigas) хэмээх махчин наймаалжны эмэгчин байв. Түүний жин нь 45 кг, биеийн урт нь 2 метр. Харин тэмтрүүл нь 6 метр хүртэл сунадаг байж. Сүргийн ихэнх нь эмэгчин наймаалж байсан бөгөөд загасчид руу санаатайгаар, зохион байгуулалттай довтолсон гэсэн дүгнэлтийг хийгээд байна. Тэдний “агнуурын талбай” дахь загас эрс цөөрч байгаа тул өлсгөлөн наймаалжнууд иймэрхүү довтолгоо хийх нь хойшид олширч болзошгүй гэж бид болгоомжилж байна» хэмээжээ.

Аварга наймаалжнуудыг нутгийн иргэд “улаан чөтгөрүүд” гэж нэрлэдэг байна. Тэд сүүлийн жилүүдэд ихээхэн хэрцгий, догшин болж байгаа аж.

Эдгээр амьтад хүнд довтолсон анхны тохиолдол нь энэ бишээ. Сан-Диего хотын орчимд тонгорог шиг хурц хошуутай, 2 метрийн урттай аварга наймаалжнууд шумбагчид болон амрагчдад довтолж байсан бөгөөд заримынх нь цогцос хожим эрэгт шидэгдэн гарсан аж. Аварга наймаалжтай тулгарах нь арслантай торонд орсноос өөрцгүй хэмээн Калифорны шумбагчид ярьдаг гэнэ. Өмсгөл баг, аппарат сэлтээ хуу татуулж арайхийн амь гарсан хүмүүс ч цөөнгүй байдаг. Уг нь эдгээр амьтад 120-300 метрийн гүнд амьдардаг ч сүүлийн үед 25-40 метрийн гүнд эргэлдэх болжээ.

#ffffff;">#ff0000;"> Хачирхалтай бодит байдал

Далай тэнгисийн гүнд амьдардаг эдгээр амьтад маш нууцлаг, баригдашгүй тул саяхныг хүртэл хүмүүс тэднийг маш ховорхон олж хардаг байв. Дундад зууны үлгэр домогт тэднийг далайн хөлөгт довтолж живүүлдэг аймшигт мангас мэтээр дүрсэлдэг. Утга зохиолд «кракен» гэж нэршжээ. Энэ амьтан аварга шүдэт халимтай тулалдсан ч дийлж чадна. Аварга наймаалжны хошуу, тэмтрүүлийн ул мөр бүхий 15 тонн жинтэй, 11 метрийн урттай шүдэт халимны сэгийг 2011 онд Берингийн арлын эргээс олжээ. Ихэнх кальмарууд гэрэлт цох шиг гэрэл цацруулдаг. Тэдний хошуу маш хүчтэй, нүд нь хүнийхтэй төстэй. 10 тэмтрүүлийн 8 нь жирийн, харин 2 нь бусдаасаа урт, төгсгөлдөө соруултай байдаг. Тэдний хурд нь аймшигтай: биенийхээ хөндийд хураасан усыг тусгай нүхээр цацаж тийрэлтэт пуужин шиг л хурдална. Энэ үедээ уснаас дээш 10 хүртэл метрийн өндөрт үсрэх чадвартай.

Далайн мангас буюу жинхэнэ Кракен

19-р зууны дунд үе хүртэл эрдэмтэд аварга наймаалж байдагт эргэлзэж, айсан далайчдын хоосон төсөөлөл хэмээн үздэг байжээ. Гэвч 1873-10-26-нд тэдний эргэлзээнд цэг тавигджээ. Канадын Ньюфаундленд арлын эрэг хавьд загасчид тор хаясан байлаа. Усны гадаргуу дээр хөвж яваа аварга том зүйлийг хараад сүйрсэн усан онгоцны үлдэгдэл юм болов уу хэмээн бодоцгоож. Нэг эр ойртож очоод сэлүүрээрээ цохиод автал нөгөө “зүйл” амилж хүмүүс аварга наймаалж болохыг нь ойлгожээ. Урт тэмтрүүл завийг ороон усан доогуур авч орохыг завдлаа. Самбаатай нэг загасчин амжиж мангасын тэмтрүүлийг хутгаараа таслан хаяжээ. Кракен хар бэх цацсаар далд оров.

Загасчид тэмтрүүлийг эрдэмтдэд өгснөөр аварга наймаалж байдгийн хөдөлшгүй баримттай болжээ. Шинэ Зеландын Айленд-Бэй арлын орчмоос үхсэн наймаалж олдсон нь 10 метр урт биетэй, зөвхөн нүдний тойрог нь 30 см байжээ. Түүнийг задалж үзэхэд 1 том, 2 арай жижиг нийт 3 зүрхтэй байв. 12 метрийн урттай тэмтрүүлүүд нь ямар ч олзыг шүүрэн барьж, хүчирхэг эрүү амаараа хэсэгчин тасчих боломжтой байжээ.

Далайн мангас буюу жинхэнэ Кракен

20 метр буюу түүнээс урт наймаалж байдаг эсэх нь одоогоор батлагдаагүй авч Канадын биологч, далай судлаач Фредерик Олдрич далайн гүнд 50 метрийн урттай кракенууд бий хэмээн итгэдэг ажээ. Учир нь олдсон сэгнүүдийн ихэнх нь 8-15 метрийн урттай, 5 см-ийн соруултай харьцангуй залуу, эсвэл өвчтэй, дорой наймаалжнууд байсан гэнэ. Гэтэл олон халимны биеэс 20 см-ээс багагүй хэмжээтэй соруулын мөр олдож байсан ажээ.

Английн халим агнаач, судлаач Вуллен нэг удаа Энэтхэгийн далайд наймаалж шүдэт халим хоёр тэмцэлдэж байхыг олж хараад усан доорх галт уулын дэлбэрэлттэй адилтгаж байв.

Зарим судлаачид Бермудын гурвалжин хавьд алга болсон онгоцнуудын хагасыг аварга наймаалжтай холбон тайлбарладаг. Далай судлаач эрдэмтэд энэ хавьд өгөөш бүхий хүчирхэг ган хавх хэд хэдийг тавьсан удаатай. Харамсалтай нь, нэг ч мангасыг барьж авч чадаагүй билээ. Хэсэг хугацааны дараа далайн ёроолоос гаргаж авсан хавхнууд аймшигтайгаар тахийж, төмөр торны завсар арьс, булчингийн үлдэгдэл харагдаж байжээ. Дор хаяж 3 тоннын жинтэй мангас л хавхнуудыг ингэж “эвдэж” чадна гэж мэргэжилтнүүд тооцоолон гаргажээ.

Аварга наймаалжнууд далай тэнгисийн томоохон хөлөг онгоцыг өөрсдийн заналт дайсан - шүдэт халимтай эндүүрэн довтолсон тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Хөлөг хурдаа саан зогсох үед наймаалж “алдаагаа ойлгон” яваад өгдөг гэнэ. Хамгийн сүүлчийн ийм тохиолдол 2003 онд Жюль Верний дурсгалд зориулан Дэлхий тойрсон аялал хийж явсан Францын багийнхантай таарсан байна. Удаан хугацааны турш хөөцөлдсөний эцэст эрдэмтэд 2007 онд Mesonychoteuthis hamiltoni зүйлийн аварга наймаалжийг амьдаар нь барьж чаджээ. Энэ бол 494 кг жинтэй, 10 метрийн урттай, нүднийх нь диаметр гэхэд л 30 см “сайхан амьтан” байлаа. Гэхдээ эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь нялх наймаалж гэнэ. Түүнийг 1200 литрийн ёмкость дотор хөлдөөгөөд судалж эхэлжээ. Жижиг наймаалжнууд нь далайн гахай шиг хүнд дасаж гаршихдаа сайн. Тэд ой сайтай: том шоог жижгээс, босоо тавьсан тэгш өнцөгтийг хэвтээгээс, тойргийг квадратаас, ромбыг гурвалжингаас ялгана. Мөн хүмүүсийг таньж өөр хооронд нь ялгаж чаддаг. Гэвч наймаалж хичнээн жижиг байна, хор нь төдийчинээ хүчтэй байдаг. Наймаалжинд хазуулсан амьтдын төв мэдрэлийн систем нь гэмтэж, таталт өгч эсэргүүцэж чадахаа больдог. Хүн ч ялгаагүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ