Богд ууланд осгосон хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна

Өчигдөр буюу 12 дугаар сарын 27-ны оройн 18цагийн орчим, Чингисийн хүрээ жуулчны баазын ар тал, Богд уулын зүүн аманд аялж явсан 18 настай иргэн С хунгарт унасан байсныг ууланд алхаж явсан Г.Арслан гэх хүн аварч, эмнэлгийн байгууллагад хүргэжээ.Энэ үйл явдлын тухай #c0c0c0;">Г.Арслан өөрийн фэйсбүүк хуудастаа “Ууланд алхаж яваад амрах зуур “Амь авраач” хэмээн нэгэн хүн дуудсан. Тэр зүгт очтол 70 градусын налуутай, огцом уруу газар байсан ба чулуун дунд цасан дээр нэг хүн хэвтсэн байсныг хойно алхаж явсан хэдэн хүмүүстэй нийлэн уулнаас доош буулгаад цагдаа, 103 дуудаж өглөө. Мөн хүний алтан амь аврахад гар бие оролцсон Г.Аззаяа болон бусад хүмүүст талархал илэрхийлье” гэжээ.

Хунгарт унасан хүүг Яаралтай түргэн тусламжийнхан Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. С хүү бага зэргийн осголттой, хөлийн хуруу хөлдсөн, “шок”-ын байдалтай байсан бөгөөд одоогоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй, биеийн ерөнхий байдал нь тогтмолжсоныг эх сурвалж мэдээллээ.

Эл хэргийг нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ. Хэргийн газарт байсан гэрчийн хэлснээр, С нь уулын тусгай хувцас гуталгүй байсан ба хэт налуу газарт хөл алдан унасны улмаас ухаан алдсан. Уулнаас буулгах зуур “Би өчигдөр ууланд гарсан байх аа. Унахдаа ухаан алдсан. Сэргээд ойр хавийн хүмүүсээс тусламж гуйсан ч хэн ч ирж туслаагүй болохоор мөлхөж явсаар энд ирсэн” хэмээн ярьжээ.

Энэ удаад азаар хүний алтан амь эрсдээгүй ч жил бүрийн өвөл болоход аялал зугаалга цана, чаргатай холбоотой энэ мэт хэргүүд ихэсдэг. Улаанбаатар хотын бохир агаараас зугтсан иргэд нийслэл хотын орчимд гарч цэвэр агаараар амьсгалж, амралтаа идэвхитэй өнгөрөөхийг хүсдэг болсон.

Жил хүрэхгүй хугацааны өмнө Хандгайтад чаргаар гулгаж байсан 2 жаал гэмт хэрэгтэн болж нэг хүний алтан амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарч байсан гээд хэргүүдийг тоочвол гарын таван хуруунд багтахгүй. Мөн дахин ийм хэрэг гарахгүй гэх баталгаа үгүй юм. Тиймээс иргэд өөрсдөө сонор сэрэмж бэлтгэлтэй байхаас гадна хүмүүсийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлж буй эдгээр уулын амуудыг холбогдох албаныхан анхааралдаа авч зохион байгуулалттай болгож, хяналт шалгалт тавих хэрэгтэйг хэлэх нь илүүдэхгүй биз ээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ