Хүүг цагдаа зодож, амь насанд нь хүрсэн үү?

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангийн сурагч хүү энэ сарын 23-ны өдөр тархиндаа цус харваж нас барсан байна. Хэрэг гардаг өдөр хүү доод ангийнхаа хүүхдэд таагүй хандсан хэргээр тус аймгийн цагдаагийн газарт хүргэгдэж иржээ. Ингээд орой сургуульдаа буцан ирж, анги цэвэрлэх ажилдаа оролцож байгаад ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг тархиндаа цус харваж нас барсан болохыг Шүүхийн эмнэлэг тогтоожээ. Хүү цагдаагийн газраас сургууль дээрээ шууд ирсэн бөгөөд энэ үеэр ангийн хүүхдүүддээ хандаж, “цагдаа нар намайг зодсон, толгой өвдөөд байна” гэж өгүүлжээ.

Хүүгийн ар гэрийнхэн тус хэрэгт Өвөрхангай аймгийн цагдаагийн албан хаагчдыг сэжиглэж байгаа бөгөөд зарим нэг эх сурвалжид “Талийгаачийн ангийн хүүхдүүдээс цагдаа нар мэдүүлэг авсан. Талийгаач ухаан алдахаасаа өмнө бидэнд “Цагдаа нар намайг зодсон. Толгой өвдөөд байна” гэж байсан тухай мэдүүлэгтээ өгүүлэхээр хүүхдүүдийн мэдүүлгээс энэ хэсгийг нь хасаад байгаа” гэж өгүүлжээ. Харин талийгаач хүү цагдаагийн газарт байх үеийн бичлэг байгаа гэж цагдаагийн хэлтсээс ар гэрийнхэнд нь мэдэгдэж байгаа аж.

Бид энэ талаар зарим эх сурвалжаас тодруулахад “Тархиндаа цус харвасан байдалтай 11-р ангийн сурагч нас барсан, ар гэрийнхэн нь цагдаад зодуулсан гэж яриад байгаа. Хүүгийн цагдаагийн газарт байх үеийн камерын бичлэг байгаа” гэсэн юм. Бид үйл явдлыг эргэн мэдээллэх болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ