Д.Ганбат: Хорт хавдар үүсгэдэг хуванцар савыг халах зорилгоор бидон тараасан
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нутгийнхандаа бидон тараасан нь цахим ертөнцөд багагүй шуугиан тариад буй. Түүнд жиргээчид “бидон Ганбаа” гэх нэр ч өгөөд амжжээ. Д.Ганбат гишүүнээс энэ талаар тодрууллаа.
-Таныг тойргийнхондоо өөрийн зурагтай бидон тараасан гэж нийгмийн сүлжээгээр шуугиад байна. Үнэхээр тийм зураг, бичигтэй бидон тараасан юм уу?
-Зураг хөрөгтэй тараана гэж юу байх вэ. Фотошопын аргаар хийсэн юм шиг байна лээ. Тэрний араас маргалдаад яваад байх сонирхол алга.
-Зүгээр ч нэг бидон тараагаагүй, хуванцар савыг халах зорилгоор тараасан гэж сонссон. Та энэ талаараа яагаад хэлэхгүй байгаа юм бэ?
-Орон нутагт, хаана ч гэсэн монголчууд маань хуванцар шанага, хуванцар сав суулга, химийн хортой зүйлүүд хэрэглэж байна. Сүү, цагаан идээ, ундны ус, хоол ундаа хуванцар сав суулганд хадгалдаг. Үүнээс үүдэн хорт хавдартай болж байна. Сүүлийн 10-аад жилд хорт хавдар маш ихэссэн. Хөдөө орон нутагт бүр ихэссэн. Үүний шалтгаан нь хуванцар сав суулга хэрэглэж байгаагаас болж байна гэсэн дүгнэлт гарсан. Тийм учраас хуванцар сав суулгыг халах талаас нь санал санаачлага гаргаад ажиллаж байна.
-Хичнээн бидон тараасан юм бэ. Айл бүрийг хамруулж чадсан уу?
-Эхний ээлжинд Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд хувцанцар сав суулгаа солих хүсэлт тавиад хамтарч ажилласан.
-Зэс шанага бас тараасан гэсэн?
-Зориулалтын төмөр шанагыг нь тараасан.
-Нэг талаараа иргэдэд хэрэгтэй ажил ч нөгөө талаараа сонгууль дөхөж байгаа учраас сонгуулийн шоу гэж харах хүмүүс олон байна?
-Сонгууль дөхөж байгаатай холбоотой ийм ажил хийж байгаа ч юм биш. Энэ ажлыг хоёр жилийн өмнөөс хийж байгаа юм. Сонгууль дөхөж байгаа болохоор дуулиан шуугиан болоод байгаа юм байлгүй. Аль болохоор хуванцар савнаас татгалзъя, ундны ус, сүү цагаан идээгээ зориулалтын саванд нь хадгалаач ээ л гэж байгаа юм. Мөн зориулалтын төмөр шанагаа хэрэглээч гэсэн зүйлийг яриад байгаа. Хорт хавдрыг багасгахаар ийм санал санаачлага гаргаад ажиллаж байна. Үүнийг сонгуулийн шоутай холбоод байх шаардлага байхгүй.
-Иргэд Сонгуулийн хуулийн талаар ямар бодолтой байна вэ?
-Орон нутгийн иргэд Сонгуулийн хуулийг нэг их сонирхохгүй байна лээ. Гол нь цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байна. Үүн дээр Засаг яаж ажиллах гэж байна. Гурил, будааны үнэ зэргийн талаар ярьж байсан.
-Орон нутагт өвөлжилт хэр байна. Баянхонгор, Говь-Алтайн зарим сумдад өвөлжилт хүндэрсэн талаар албаныхан мэдээлж байсан?
-Нэлээн хэдэн суманд өвөлжилт хүндэрч байна. Цас ихтэй, зам даваа хаагдсан байна. Онцгой байдлын Ерөнхий газраас комисс гаргаад ажиллаж байна. Нэлээн хэдэн жил хадгалагдсан өвсийг үнэгүй тараах, тэжээлийнхээ үнийг 50 хувь бууруулсан зэрэг арга хэмжээнүүдийг авч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ