Улсын заан, хурандаа Ц.Баярсайхан бусдыг залилсан хэрэгт холбогдлоо

“Гарьд магнай” гэж Монголын уран сайхны гоё кино бий. Монгол бөхийн ёс жудаг ямар байдгийг энэ киноноос үзэгчид харж, мэдэж авдаг. Уг кинонд “Монгол бөхийн торгон ногоон дэвжээ ёс бусын зүйлээр сэвтэх ёсгүй” хэмээн “молиго” Очир амбантны цагаан Жигмэдэд мунаар цохиулан унаад хэлдэг үгийг одоо ч манай бөхчүүд санаж, сэрж явмаар санагдана. Яагаад ингэж хэлэх болов гэхээр Монгол бөхийн торгон ногоон дэвжээг чимж, улс даяар алдар цолоо нутаг усныхаа уул усыг өндөлзүүлэн дуудуулдаг бөхчүүд маань үүнийгээ ашиглан гэмт хэрэг үйлдэж байна. Ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээж байх ёстой бөхчүүд маань хайр даалгүй, хачин жигтэй хэрэгт холбогдох боллоо. Бөхчүүдийн холбогдсон хэргээс хамгийн ноцтой нь хар тамхины хэрэг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат улсын начин Ц.Улаанхүү 523 грамм мансууруулах бодис худалдах зорилгоор олж авч, борлуулахыг завдсан үйлдэлдээ 11 жилийн хорих ял шийтгүүлсэн юм. Түүнээс өмнө болон хойно бөхчүүд танхай, зодоон цохионы хэрэгт холбогдон шийтгүүлэх нь шийтгүүлж, тэгсхийгээд “зохицуулсан” нь ч бий. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын харцага Г.Ганхуяг нэг уушийн газрын үйлчлэгчид гар хүрсэн, өнгөрсөн хавар Бурхан Халдун ууланд аялж явсан хүмүүсийг айлган сүрдүүлсэн, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын харцага Г.Намсрайжав, хүүтэйгээ (улсын арслан Н.Батсуурь) хамт явж байгаад албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдааг зодож гэмтээсэн, улсын начин Б.Одхүүгийн танхайрсан үйлдэл гэх зэргээр тоочвол бидний хүндэтгэдэг бөхчүүдийн өдүүлсэн гэмт хэрэг нэлээд олон бий. Энд торгон ногоон дэвжээн дээрээ нэгнийгээ цохиж унагасан үйлдлүүдийг оруулаагүй. Зөвхөн шүүх цагдаад шалгуулж, шийдвэрлэсэн хэргийн зах зухаас дурдав. Яагаад энэ бүхнийг дурдав гэхээр олонд тэр бүр муугаа дуудуулаад байдаггүй, 1964 оны луу жилтэй бөхчүүдийн нэг Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, улсын заан Ц.Баярсайхан дээрх бөхчүүдийнхээ араас шүүх, цагдаагаар эргэлдэх болжээ. Түүнийг бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилан мэхэлсэн гэсэн үндэслэлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг нь хэлэлцэхээр болоод байгаа юм. Энэ сарын 21-нд буюу өнгөрсөн даваа гаригт тус шүүх Ц.Баярсайханд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлосон ч хохирогчийг хуралд оролцуулах хүсэлт гаргаснаар ирэх оны нэгдүгээр сарын 4 хүртэл хойшлуулсан юм. Тэрбээр дээрх хурлын үеэр “Хохирлоо төлсөн, түүнд өр төлбөргүй болсон. Тиймээс хохирогчийг хуралд оролцуулж өгөөч” гэж хүсэлт гаргасан аж. Монгол Улсын гавьяат тамирчин, улсын заан хэмээх үндэсний бөхийн цол гавьяа нь нөлөөлснийх үү, эсвэл ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны даргаар дэд хурандаа цолтой ажиллаж байсан, ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны дарга, онцгой байдлын хурандаа гэх албан тушаалын цол хэргэмээс нь сүрдсэн үү, цагдаагийн байгууллага хэргийг нэлээд удаан шалгаж байж Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор арайхийн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна. Бидэнд олдсон мэдээллээр тэрбээр аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс нийт 500 сая төгрөгийг “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн мэхлэн авсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоод байгаа гэнэ. Ингээд шүүхэд очоод хэрэг нь шийдэгдэхгүй хойшилж байх үед Ц.Баярсайханд холбогдох залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл дахин гарч иржээ. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газарт хянаж байсан бусдын 50 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэх үйлдэл хэрэг дээр нь нэмэгдэж байгаа гэнэ. Хэрэв түүнийг шүүхээс бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэм буруутайд тооцвол Өршөөлийн хуульд хэрэг нь хамрагдахгүй, ял шийтгэлээ биечлэн эдлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ