Ж.Батзандан: Улс төрчдийн хийж байгаа мэдэгдэл ор үндэсгүй

-ТӨР, ИРГЭН ХОЁРООС ӨӨР ХЭН Ч МОНГОЛ УЛСАД ГАЗАР ӨМЧЛӨХ ЭРХГҮЙ-

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн гомдлыг нэр бүхий иргэд гаргасны дагуу өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж, Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан.

Цэцийн энэхүү шийдвэр найман хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад төрөөс хэрэгжүүлж буй ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл зогсох нөхцөл үүсгээд байгаа юм. Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонхи хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан билээ. Мөн энэхүү асуудлаар банкны удирдлагууд шуурхай хуралджээ.

Монголын банкны холбооны дарга О.Орхон “Орон сууцны найман хувийн зээл ингээд хууль эрх зүйн орчингүй болж байгаа учир иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд бид орон сууцны найман хувийн зээлийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс үүдэн зогсоож байна. Энэ бол өнөөдрийг хүртэл олон хүний хөөцөлдөж хэрэгжүүлсэн ажлыг нурааж байна гэсэн үг. Банк өөрөө ч эрсдэлд орж байна” гэсэн юм.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл зэрэг байгууллагуудаас гишүүдэд өчигдөр бичиг ирүүлсэн байна. Тус бичигт “Моргэйжийн зах зээлийг явуулах боломжгүй боллоо. Цаашид зээлийн хүүг өсгөхөөс өөр аргагүй байдалд орохоор болж байна. Хэрвээ УИХ Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд, ипотекийн системийг устгах гэж байгаа бол буцаад хуучин хэвэндээ оруулна шүү” гэх утгатай бичгийг ирүүлсэн гэдгийг УИХ-ын дарга хэлсэн. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед гишүүдийн асуусан асуултад ҮХЦ-ийг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариулт өгч байсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Энэ оны долдугаар сард Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулсан нь үл маргах журмаар иргэдийн газрыг авах гэж байна гэсэн мэдээллийг Д.Оюунхорол, С.Ганбаатар нарын гишүүд хийсэн. Үндсэн хуулийн цэц мөн Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргалаа. Өнөөдөр (XII/10) чуулганы нэгдсэн хуралдаан дээр гишүүд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авах боломжгүй гэсэн. Та хуралд оролцсон хүний хувьд ямар байр суурьтай байна вэ. Уншигчдад илүү тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль 2009 онд батлагдсан. 2006 онд Ипотекийн эд зүйлийг шүүхээс гадуур худалдан борлуулах тухай хууль гэж батлагдсан. Үндсэн хуулийн цэц нэг л зарчмын асуудал дээр байр сууриа байнга илэрхийлж байгаа. Газрыг шүүхийн хяналтаас гадуур худалдан борлуулах нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаалагч үүргийн гүйцэтгэлийг шүүхээс гадуур албадан дуудлага худалдаагаар хийх замаар хангуулж болохгүй гэдэг байр суурь илэрхийлж байгаа. Энэ нь Үндсэн хуультай зөрчилдөнө. Үл хөдлөх барьцааны тухай хуульд бас тодорхой заалт бий. Барьцааны газрыг шүүхээс гадуур худалдан борлуулахыг хориглоно гэсэн.

-Өнгөрсөн долдугаар сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан санагдаж байна?

-2015 оны долдугаар сард УИХ-аас оруулсан нэмэлт өөрчлөлт бол газар өмчлөгч газраа барьцаалж, зээл авах тохиолдолд хоёр боломж олгож байгаа. Ердийн журмаар зээл авах нэг боломж бий. Хоёр дахь нь, үл маргах журмаар зээлийн гэрээгээ байгуулаад, газраа барьцаалаад, зээл авах бололцоо юм. Гэхдээ хоёулаа зээлийн гэрээ болон барьцааны гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд шүүхийн хяналт дор, шүүхийн журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах заалт. Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур үүргийн гүйцэтгэлийг газраас хангуулахыг хуулиар хориглож байгаа учраас энэ хоёр зам хоёулаа шүүхийн хяналт дор байгаа. Харамсалтай нь, Үндсэн хуулийн цэц Нотариатын мэдэгдэх хуудсыг шүүгчийн захирамжаар баталгаажуулж байгаа хэлбэр нь шүүхийн хяналт биш гэж үзсэн.

-Эрх зүйн маргаан уу?

-Тийм. УИХ-ын гишүүд бид шүүхийн шийдвэр гарч байгаа бол, шүүх дээр очиж байгаа бол, шүүхийн процедурын дагуу явж л байгаа бол энэ нь шүүхийн хяналт юм гэж үзэж байгаа. Маргаан эндээ л байгаа юм. Үндсэн хуулийн цэц шийдвэрээ гаргасан. Энэ нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад саад тотгор учруулж байгаа шийдвэр гэж үзэж буй. Удахгүй Үндсэн хуулийн цэцийн Дээд суудлын хуралдаан болно. УИХ тайлбар, шийдвэрээ хүргүүлэх шаардлагатай байгаа. Ер нь өмчийг эдийн засгийн эргэлтэд аль болох өргөн хүрээнд оролцуулах, ялангуяа газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж байж Монгол Улс хөгжинө гэж бид харж байгаа.

-Үл маргах журмаар иргэдийн газрыг банк авах, эсвэл өөр хэн нэгэн өмчлөх нь гэсэн асуудал яригдаж байна. Та юу хэлэх вэ?

-Монгол Улсын хуулиар газар өмчлөх хоёрхон субьект бий. Нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь Монголын төр. Төр, иргэн хоёроос өөр хэн ч Монгол Улсад газар өмчлөх эрхгүй. Зарим улс төрчид хэрвээ газрыг эдийн засгийн эргэлтэд чөлөөтэй оруулах юм бол гадны иргэдийн гарт, банкуудын өмчлөлд газар шилжинэ гэсэн яриа, улс төржсөн мэдэгдэл хийгээд байгаа. Түүн шиг ор үндэсгүй зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

-Үүнээс болж найман хувийн зээл зогслоо гэсэн мэдээллүүд гарч байна. Үнэхээр энэ зээл зогсчихсон бол олон иргэн хорих юм биш үү?

-Газар барьцаалж зээл авах харилцаа бол зөвхөн банк, санхүүгийн байгууллагатай холбоотой харилцаа биш. Иргэд хоорондын харилцаа, аж ахуйн нэгж хоорондын харилцаа, төр иргэний хооронд ч байж болох харилцаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ