Словени улс дамжуулах хоолойд хөрөнгө оруулахаар боллоо
ОХУ Хар тэнгисээс Болгар, Грек, Итали, Австри хүрэх газ дамжуулах хоолойн өмнөд урсгалын бүтээн байгуулалтад 1.7 тэрбум евро зарцуулахаар шийдвэрлэсэн гэж Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ. Харин Словенийн Ерөнхий сайд Аленка Братусек хоолой дайран өнгөрөх шугам улсаар нь дамжихад эдийн засгийн давуу эрх эдлэх хүсэлтэй гэдгээ уламжилсан байна.
Өөрөөр хэлбэл нэмэлт төлбөр авч, байгалийн хийн хэд хэдэн цорго гаргах шаардлагатай гэснийг “Итар Тасс” уламжиллаа. Братусек “Газпром”-ын гүйцэтгэх захирал Алексей Миллертэй хэлэлцээр хийх үеэрээ энэ саналаа илэрхийлжээ.
Харин “Газпром”-ын талаас Словен улс бүтээн байгуулалтын ажилд оролцож, хөрөнгө оруулах ёстой бөгөөд үүний хариуд хий нийлүүлэх асуудлыг хөнгөвчлөх боломжтой гэсэн байна. Тиймээс Словен улс 1.1 тэрбум еврогийн хөрөнгө оруулахаар болжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ