Абдул Каримыг хэн дарамтлав
Нийслэлийн өмч хувьчлалд нэлээд дуулиан дэгдээсэн явдал өрнөлөө. Тэгвэл дуулианы эзэн болох Улаанбаатар таймсын объектыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан эрхэм Абдул Карим гэрээг буцаахаар болсон. Үүнийг ард түмний шахалт мэтээр тайлбарлаж байна.
Шар мэдээ ард түмний төлөөлөл биш
Абдул Карим гэрээгээ цуцлах болсон шалтгаанаа Монголын ард түмний хүсэлтээр хэмээн тайлбарласан. Тэрээр өөрийх нь болоод гэр бүлийнх нь талаар худал мэдээлэл тарааж буйд харамсч буйгаа илэрхийлж, ийнхүү тодорхой шалтгааны улмаас хэмээн тайлбар хэлэв. Тэгэхээр бүхэл бүтэн улс үндэстнийг шар хэвлэлээр төлөөлүүлэн бодож байгаа нь тун харамсалтай. Яг өөрийнх нь бичсэнээр монголын ард түмэн, олон нийтийн хүсэл сонирхлыг цөөн хэдэн шар мэдээнээс тэр олж харав уу?
Абдул Карим гэж хэн бэ?
Түүний хувьд Араб гаралтай, монгол эхнэртэй, монгол иргэншилтэй нэгэн. Өдгөө 60 орчим настай тэрээр Монголд ирээд 30 гаруй жил болж байгаа аж. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гадаад хүн МУ-ын иргэн болохын тулд дор хаяж 2 үеэрээ амьдарсан байх ёстой гэсэн заалт байдаг хэмээн мэдээлж байна. Тэгвэл Монгол Улсын Харьяатын тухай хуулийн 2-р бүлгийн 9-р зүйлийн 1.2-т “... иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх” гэж заасан байна. Үүнээс үзэхэд Абдул Карим бол Монгол Улсын иргэн мөн. Энэ дагуу тэрээр дуудлага худалдаанд оролцох эрх нь бүрэн нээлттэй хүн юм байна.
Хасын Ганхуягийн итгэл үнэмшил юу байв?
Тэрээр саяхан TV8 телевизийн “Нээлттэй хүн” нэвтрүүлэгт оролцохдоо “Абдул Карим бол утсан хүүхэлдэй. Цаана нь өөр хүн байгаа” гэв. Харин дараа нь Абдулыг дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу олон нийтэд өөрийгөө буруу ойлгуулжээ гэсэн тайлбар хийсэн. Түүнчлэн Абдулыг гэрээгээ буцаах болсон шийдвэрийг дуулаад ихэд цочирдсон гэнэ. Тэгвэл тэр яагаад "утсан хүүхэлдэй" гэж хэлэв. Түүний итгэл үнэмшил мөнгөний цэвэр байдал. Түүнийхээр Монголд өнөөдөр 24 тэрбумыг гаргах хөрөнгөтөн байхгүй гэж үзвэл өрөөсгөл болно. Уг нь тухайн дуудлага худалдаа зөв зарчмаар шударга болсон гэж тэр хэлсэн. Гэтэл гэнэт яагаад шалгах шаардлага тавих болов? Түүний "Абдул Карим гуайд," гэж хаягласан мэдэгдэлд иргэншлийг нь баталгаажуулахыг хүссэн тухай дурьдсан боловч тус мэдэгдэлдээ үргэлжлүүлэн өөрөө түүнийг монголын иргэн мөн гэсэн байх юм.
Абдул хэн нэгний шахаанд орсон уу?
Дуудлага худалдаа бол зах зээлийн эдийн засгийн хамгийн шударга зарчим. Энэ шударга зарчмаар газрыг дуудлага худалдаанд оруулж, улсын төсөвт томоохон хэмжээний хөрөнгө оруулсан нь хэний дургүйцлийг хүргэв. Авлигачдын, олигархиудын үзэгний үзүүрээр шийдэгддэг байсан ийм газруудын нэгийг сүр дуулиантайхан худалдан авч, нийгмийн сэтгэл зүйд газар үнэтэй гэдгийг мэдрүүлснээрээ хэн нэгний дарамтанд орчихов уу. Олон нийт ингэж хардах эрхтэй. Ямар ч байсан тэрээр гэрээг буцаах шийдвэрийг гаргалаа. Монголчууд бид ч гадны аль нэг оронд очоод дуудлага худалдаанд орж болно. Тэр тусмаа Абдул Карим шиг тухайн орны иргэншилтэй бол бүр ч асуудалгүй.
Гадны нэртэй, гадаадын тодотголтой юм бүхний эсрэг учир утгагүй хардлага дагуулж байдаг сэтгэлгээнээс бид хэзээ салах вэ? Энэ байдлаараа гадны хөрөнгө оруулалт зогсохыг үгүйсгэх аргагүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр нэг л мэдэхэд Монгол Улс арал дээр ганцаар үлдэх вий. Тэр цагт бид мянга хашгираад биднийг хэн ч харахгүй, сонсохгүй. Эцэст нь Улаанбаатарыг найрсаг, олон улсын хот болгоно гэж байгаа эрхэм хотын захирагч Э.Бат-Үүл даргад энэ асуудлыг найрсгаар шийдвэрлэх хүндхэн үүрэг оногдов бололтой.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ