Хөдөө аж ахуйн бирж технологийн шинэчлэл хийнэ
Хөдөө аж ахуйн салбар нь 2014 оны байдлаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 14 орчим хувь буюу 3 их наяд төгрөгийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 28 орчим хувь энэ салбарт хамрагдаж байна.
“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь хөдөө аж ахуйн гаралтай 8 төрлийн бараа, түүхий эдэд суурилсан 56 гэрээг зохицуулалттай зах зээл дээр арилжаалж байна. 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 166 удаагийн арилжааг зохион байгуулж, нийт 419 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Зах зээлийн орчин болон цаг агаарын тааламжтай нөхцөл зэргээс сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний хэмжээ, үүний дотор малын тоо толгой тогтмол өсөлттэй байна. Гэвч тус салбарын бараа, түүхий эдийн бэлтгэл нь улирлын чанартайгаас шалтгаалан жилийн туршид жигд, тасралтгүй нийлүүлэгдэх боломжгүй, мөн үнэ ханш нь байнга хэлбэлздэг, ирээдүйд “ҮНЭ” тодорхойгүй байдаг зэрэг нь бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэгчид, малчид, тариаланчид, үйлдвэрүүдийг бизнесээ төлөвлөх, эрсдэлээ тооцох боломжгүй тодорхойгүй нөхцөл байдалд хүргэдэг.
Иймд Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 330 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж“ ХХК дахь төрийн эзэмшлийг 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргах замаар хөрөнгө оруулалт босгож, компанид технологийн шинэчлэл хийхийг даалгасан.
Технологийн шинэчлэл хийснээр 2016 оны сүүлийн хагасаас эхлэн фьючерс гэрээний арилжааг нэвтрүүлэх боломжийг нээх бөгөөд цаашид арилжаалах гэрээний төрлийг олшруулах боломжтой болж байна.
Мөн фьючерсийн арилжааг нэвтрүүлснээр нэмүү өртөг шингэсэн бараа, түүхий эдийн арилжааг хийж гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн зах зээлд татан оролцуулах, Зүүн өмнөд Азийн зах зээлд Монгол улсын бараа, түүхий эдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжтой юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ