Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Япон Улсын нийслэл Токио хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ оны сүүлийн “Их дуулга”-д 94 орны 474 (эрэгтэй 294, эмэгтэй 180) жүдоч өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар хүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар шагналт VII байр эзэлжээ.

Эхний өдрийн байдлаар бүх таван жинд дэвжээний эзэд түрүүлсэн байна.

Харин өнөөдөр манай улсаас дөрвөн бөх барилдсан ч гурав нь тэмцээнээ дуусгалаа. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа хэсгийн аваргын төлөө Недерландын Аника Ван Емдентэй баридсан ч мөн л ялагдаж, торгуулын тойрог руу орсон. Тэрбээр торгуулын тойрогт Австралийн Катринатай барилдаж ялснаар медалийн талаа барилдах эрхтэй болов. Манай бөх хүрэл медалийн төлөө Оросын бөх Екатерина Валковатай барилдана.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ