Цэргүүдээр төмөр зам бариулах ажил АН-ынханыг зөрчилдүүлж эхэллээ
Цэргүүдээр төмөр зам бариулах асуудлаар АН-ынхан дотооддоо зөрчилдөж эхлэв. УИХ-ын дарга, З.Энхболд Гашуун Сухайт, Сайншанд, Бичигт-Хөөтийн чиглэлд тавих төмөр замын ажилд 10 мянган цэргийг дайчлах төсөл хэрэгжүүлэхээр болсноо сүр, дуулиантайгаар зарласан. Уг ажлыг улсын төсвийн 24 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ. Мөнгөө ч ирэх оны төсөвт суулгуулчихсан байгаа. Үүнийг нь сөрөг хүчин болох МАН-ынхан анхнаасаа дэмжихгүй гэдгээ хэлсэн. Тэгвэл АН дотор ч уг төслийг дэмжихгүй хүн олон байгаа аж. Тодруулбал,Хотын дарга Э.Бат-Үүл “Төмөр зам барих ажилд цэргүүдийг татан оруулах нь хувийн хэвшлийг дампууруулсан үйлдэл болно” хэмээн ихэд бухимдан ярьсан нь өчигдөр цахим ертөнц дэхь олон нийтийн анхаарлыг ихээхэн татлаа.
Э.БАТ-ҮҮЛ: Х.БАТТУЛГЫГ ЦЭРГИЙН КОММУНИСТ БАЙСАН ГЭЖ БИ ЯАЖ МЭДЭХ БИЛЭЭ
Хотын дарга Э.Бат-Үүл энэ талаар ярихдаа “Ардчилал хөгжсөн Монгол оронд 25 жилийн дараа их цочирдмоор зүйлийг олж харлаа. Уг нь хувийн хэвшлээ дэмжих тал дээр улам л их хүч хаях шаардлага тулгараад байгаа. Гэтэл төмөр замыг 10 мянган цэрэг татаж бариулах тухай яригдаж байна. Энэ чинь чөлөөт эдийн засаг, ардчилалыг сүйтгэнэ гэсэн үг юм. Цэргийн эдийн засаг бий болно гэсэн үг. Жишээ нь Гитлер олзны цэргүүдээр замаа бариулсан. Мөн Сталин олзны цэргүүдээр Монгол дахь төмөр замыг Хятад руу цэрэг, зэвсэг зөөвөрлөх зориулалтаар бариулсан байдаг. Энэ бол цэрэгжсэн эдийн засаг. Коммунистууд хүртэл цэрэгжсэн эдийн засгаасаа айдаг байсан. Цэрэгжсэн эдийн засаг эдийн засгийн бүх салбаруудыг дампууруулдаг. Хувийн хэвшил байхгүй болно. Хэрвээ ажил хийе гэж хүсвэл цэрэгт л орох шаардлагатай болно. Ийм аймшигтай зүйлийг манай улс төрчид яриад сууж байна. Ийм үйл ажиллагааг дарангуйлагч нар л хийж байсан. Х.Баттулгыг Сталин, Гитлерийн сүнсийг босгож ирэх юм гэж би яаж мэдэх вэ. Ийм цэргийн коммунист байсан гэж би яаж мэдэх вэ. Уг нь хувийн хэвшилд ажиллаж байсан хүн шүү дээ. Юу руу явж байгаа, үр дагаврыг нь огтхон ч ойлгохгүй байна. Улаанбаатарт маш олон залуус ажилгүй байна. Тэдэнд хөдөлмөрийн хөлсийг нь өгөөд ажиллуулалдаа. Тэгвэл зах зээл чинь идэвхжинэ биз дээ” гэсэн юм.
Үүнээс үзвэл уг ажлыг АН дотор Э.Бат-Үүл тэргүүтэй зарим хүмүүс огт дэмжихгүй нь тодорхой боллоо. Намын нөхрөө дарангуйлагчтай зүйрлэж хэлсэн нь түүнийг уг асуудалд ихээхэн дургүй байгааг илтгэж байна. Энэ нь хурцадсаар төмөр зам барих ажлыг удаашруулж ч мэдэхээр байгаа юм. Мөн тус намын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд үүнээс үүдэлтэй томоохон зөрчил үүсч, хэрүүл болж магадгүй. Цаашилбал төмөр зам тавих ажил дутуу, хагас хийгдэж, зогсож мэдэх нөхцөл байдал ч үүснэ. Хэрвээ тэгвэл улсын төсвийн 24 тэрбум төгрөг салхинд хийснэ гэсэн үг.
УИХ-ын дарга З.Энхболдын хэлж буйгаар Төмөр замын цэргийн анги байгуулан 10 мянган залууг татаж МСҮТ-д давхар сургасныхаа дараа цалинтай ажиллуулах гэнэ. Энэ оны эхээр зорилтот цэрэг татлага эхлүүлж, эдгээр цэргийн ангиудад мэргэшүүлэх сургалт явуулахаар тооцоолсон байна. Тэгээд ирэх хавраасцэргүүд бүтээн байгуулалтын ажилдаа хүрз, жоотуугаа бариад орцгоох аж. Халагдахдаа дансандаа цалингийн хуримтлалтай, нийгмийн даатгал нь өндөр төлөгдсөн, мэргэшсэн залуус болсон байх нь.Дээрээс нь цэргүүдийн хувцас, ахуй хангамжзэрэг бүх зардлыг дотооддоо зохицуулах тул үйлдвэрлэлээ давхар дэмжинэ гэж буй. Үүнийг ярьж яваа нь З.Энхболд болохоос санаачлагыг нь УИХ-ын гишүүн Х.Баттулга гаргасан гэдэг. Харин олон нийтэд ухуулан сурталчилж, ойлгуулах ажлыг З.Энхболд, Л.Эрдэнэчимэг гишүүнтэй хоршин хийхээр зүтгэж байгаа нь энэ.
Тэдний яриад байгаа төслийг өнгөцхөн харвал сайн, сайхан ажлын эхлэл гэж ойлгогдохоор. Харин лавшруулан судалбал засч, залруулах шаардлагатай олон зүйл байгаа юм.
Наад зах нь тус ажлыг хийж гүйцэтгэхэд 24 тэрбум төгрөг хүрэлцэхгүй. Х.Баттулга гишүүн “Энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ мөнгөнд санаа зовохгүй байна” гэж ярьжээ. Бүхэл бүтэн 10 мянган хүний бүтэн жилийн хоол, байр, хувцас, сургалт, нийгмийн даатгал, цалин хангамжийн асуудлыг 24 тэрбумаар бүрэн шийднэ гэдэг хэцүү. Ер нь бол хүрэлцэхгүй нь тодорхой. Гэтэл яагаад мөнгөнд санаа байгаа нь сонин. Хардах эрхийнхээ дагуу бодоход, АН-ынхан энэ ажлаар сонгуулийн шоу хийж, иргэдийн итгэлийг олж аваад орхих гэж байж магадгүй юм. Эсвэл 10 мянган цэргийг ажил хийлгэх нэрээр нэг байранд цуглуулж, хэдэн сар хооллож ундлаад сонгуульд өөрсдийгөө дэмжүүлээд “Юун төмөр замын ажил. Саналаа авсан бол болж” гээд төмөр зам барих ажлыг энэ жилдээ орхиж мэднэ.Цэргийн ангийн удирдлагуудалба хаагчийнхаа санал өгөх эрхэд бүдүүлгээр халдаж, дугуйлах нэрсийг нь шууд зааж өгдөг ньнууц биш. АН-ын дарга энэ жилдээ 10 мянган цэргээр намдаа санал өгүүлээд төмөр замын ажлыг ирэх оноос эхлүүлнэ гэж ч тооцоолж байж мэдэх юм.
Нөгөөтэйгүүр Монгол Улс олон улсын хөдөлмөрийн конвенцид нэгдсэн. Энэ конвенцид цэрэг, хоригдлыг албадан хөдөлмөр хийлгэхийг хориглосон байдаг. Тийм байхад цэргүүдийг дайчилж төмөр зам тавина гэж ярьж буйнь Э.Бат-Үүл даргын хэлсэн шиг коммунист цэргийн албадан хөдөлмөр шиг зүйл болж мэдэх юм. Өнөөдөр Хойд Солонгост л ийм зүйл байдаг байх. Цаашилбал үндэсний компаниуд хийх ажилгүй болж зах зээлээ шахагдан гарч дампуурч мэднэ. Энэ бол үндэслэлтэй л зүйл.
ЦЭРГҮҮДИЙН БАРЬСАН ТӨМӨР ЗАМЫН ОЛОН УЛСАД ӨРСӨЛДӨХ ЧАДВАР НЬ ЯМАР БАЙХ ВЭ?
Цэргүүдээр төмөр замаа бариуллаа гэж бодъё. Гэтэл тэр төмөр замын олон улсад өрсөлдөх чадвар нь ямар байх нь ойлгомжтой. Уг нь төмөр замын ажлыг инженер, техникийн мэргэжилтнүүдтооцоо, судалгаатайгаар барих ёстой. Гэтэл манайхан төмөр замын талаар “А” ч үгүй цэргүүдэд богино хугацааны сургалт явуулаад барина гэж ярьж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар “Төмөр зам баривал хилээр гаргаж буй түүхий эд,бүтээгдэхүүн нь өртөг бага байхаар, гарсан бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр өрсөлддөг, Монгол Улсад илүү их хэмжээгээр баялаг бүтээдэг тогтолцоогоор явах ёстой. Түүнээс биш Хойд Солонгос шиг компаничилсан арга хэмжээгээр асуудлыг шийдэх боломжгүй. Монгол Улсад эдийн засгийн хувьд үр ашигтай, өрсөлдөх чадвар сайтай төслүүдийг бид дэмжиж явах ёстой. 10 мянган цэргээр төмөр зам бариулна гэдэг ОУ-ын конвенцийг, эдийн засгийн агуулгыг зөрчсөн эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадварын эсрэг арга хэмжээ. Үнэнийг хэлэхэд Монгол Улсад төмөр зам бариулахгүй гэдэг арга. Монгол Улс энэ хямралаас гарахын тулд экспортоо нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, хуримтлалыг нэмэгдүүлэх ёстой” гэж ярьжээ.
Бас нэг ноцтой мэдээлэл байгаа нь зүүн тийш тавигдаж буй төмөр замын /техник эдийн засгийн үндэслэл/ ТЭЗҮ-ийг энэ ондоо багтааж гаргах үүргийг Японы тал өгөөгүй гэдэг. Манайхан л өгсөн гэж худлаа яриад байна. Тэгэхээр ТЭЗҮ нь гараагүй ажлыг хийхээр яарч байна гэсэн үг.Монгол Улс ТЭЗҮ нь гараагүй зүйл дээр хөрөнгө оруулалт тавихгүй гэсэн хуультай. Маш олон хөрөнгө оруулалтыг энэ үзүүлэлтээр хасдаг. Гэтэл манайхан юу, юугүй 10 мянган залууг цэрэгт татах гэж байдаг. Энэ бүгдээс харахад 10 мянган цэрэг ирэх сонгуульд л АН-ын талд ажиллаж өгөхөөс биш төмөр зам ч тавихгүй шинжтэй. Харин ирэх жилээс төмөр зам тавьж магадгүй. Эрх баригчдын энэ ажил хаашаа эргэхийг харжил сууя.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ