Д.Ангар: Монголын Хөрөнгийн Биржийн ХУВЬЧЛАЛД дор хаяж 50 мянган хүн оролцох боломжтой
Монголын Хөрөнгийн Биржийг 2016 онд хувьчлах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Ингэхдээ дуудлага худалдааны доод үнийг таван тэрбум төгрөг байхаар тогтоожээ.
Энэ шийдвэртэй холбоотой Монголын хөрөнгийн зах зээлийн шилдэг мэргэжилтнүүдийн нэг "Новел Инвестмент" компанийн захирал, МХБ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Ангар нэгэн төслийг эхлүүлэх болсноо өнөөдөр зарлалаа.
Ингэснээр хөрөнгийн биржийг олон нийтийн санхүүжилтээр хувьчлан авах бөгөөд хөрөнгө оруулсан иргэн бүр хувьцаатай болж, үр өгөөжийг нь хүртэх боломжтой юм.
Д.Ангар “Миний зүгээс МХБ-ийг хувьчлах нь зүйтэй гэсэн байр суурийг барьж байсан. 100 хувь төрийн өмчтэй хөрөнгийн биржийн ил тод байдал, засаглал алдагдах эрсдэлтэй. Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагч орж ирэхэд ч зарим талаараа учир дутагдалтай байсан.
66 хувь нь олон нийтэд хувьчлагдаж байж хариуцлагатай, ил тод байх зарчим нь хангагдана.
Бидний зүгээс хөрөнгийн биржийн хувьчлалд олон нийтийн оролцоог хангах санаачлагыг гаргаж байгаа юм. Таван тэрбум төгрөгтэй хүн мэдээж Монголд байгаа. Гэхдээ хөрөнгийн биржийн бизнесийг мэддэг хүн хэр их байгаа билээ гээд бодохоор хувьчлал хязгаарлагдмал хүрээнд явагдана гэж бид харж байгаа.
Бидний санаачилсан төслийн гол зорилго нь 50 мянган хувьцаа эзэмшигчийг оролцуулах. Олон нийт сан үүсгээд энэ хувьчлалд оролцох боломжтой. Crowd Funding буюу олон нийтийн санхүүжилтийн хэлбэр дэлхий нийтэд дэлгэрч, үр ашгаа өгөөд явж байна.
Бид 50 мянгаас доошгүй иргэдийг МХБ-ийн хувьчлалд оролцуулна. Нэг иргэнээс оруулах мөнгөний доод хэмжээ нь 100 мянган төгрөг. Үүний үр дүнд 5-20 тэрбум төгрөг босгох боломжтой гэж харж байгаа” гэдгийг онцолсон юм.
Д.Ангар нь 2014 оны зургаадугаар сараас 2015 оны есдүгээр сар хүртэл МХБ-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Түүнийг ажлаа авахад МХБ-ийн алдагдал нэг тэрбум төгрөг байсан бөгөөд түүнийг ажлаа өгөхөд 250 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж байжээ.
Эрсдлээс яаж урьдчилан сэргийлэх вэ
Мэдээж олон мянган хүний мөнгийг цуглуулаад эрсдэлд оруулахгүй. Өмнө нь Монгол 999 нэртэй энэ төрлийн механизмыг туршигчдын ажиллагаа бүтэлгүйтсэн удаатай.
Харин Монголын Хөрөнгийн биржийн хувьчлалд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх энэ төслийнхөн санхүүгийн ил тод байдлыг чухалчлах бөгөөд хувьчлал явагдах хүртэл хуримтлагдсан мөнгийг Засгийн газрын бондод хөрөнгө оруулалт хэлбэрээр өсгөж, хөрөнгө оруулагчдын мөнгийг эрсдэлгүй, өндөр өгөөжтэй байлгах менежментийг хариуцан ажиллах болно.
Хувьчлалд оролцохын ач тус, өгөөж
50 мянган хүн тус бүр 100 мянган төгрөгөөр Монголын Хөрөнгийн Биржийн хувьчлалд гар бие оролцвол цаашдаа биржийн үйл ажиллагааг илүү олон нийтийн хяналттай болгох, бирж ашигтай ажиллахын хэрээр оруулсан хөрөнгө оруулалт нь ашигтай байх нөхцлийг бүрдүүлнэ.
Түүнчлэн өмнөх хувьчлалуудынх шиг хувьчлагдсаны дараа биржийн зориулалт өөрчлөгдөх, байр талбай нь түрээслэгдэх , үйл ажиллагаа нь доголдох зэрэг сөрөг үр дагавар гарахгүй байх давуу талтай.
Мөн энэ үйл ажиллагаа амжилттай явагдвал төрийн өмчийн бусад томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчлах дараа дараагийн үйлсэд ч шат дараалан оролцох, дундаж давхаргынхан, залуучууд өмчийн эзэн болох боломжууд нээгдэх юм.
Менежментийн зардал
Энэхүү төслийг "Новел Инвестмент" үнэт цаасны компани санаачлан, хэрэгжилтийг ханган ажиллах бөгөөд хувьцаа эзэмшигчдээс төвлөрүүлсэн хөрөнгөнөөс аливаа шимтгэл, суутгал, менежментийн зардал суутган авахгүй.
Хуримтлагдсан хөрөнгө МХБ-ийн өмч хувьчлал болох хүртэл 100 хувь эрсдлээс хамгаалагдсан Засгийн газрын бондод байрших бөгөөд төслийг хэрэгжүүлэгчдээс хувьцаа эзэмшигчдэд жилийн 10 хувийн өгөөжийг олгох юм.
Тиймээс менежментийн зардал нь зөвхөн 10 хувиас давсан өгөөжөөр санхүүжнэ. Хэрвээ хувьцаа эзэмшигчдийн өгөөж 10 хувьт хүрэхгүй бол төслийг хэрэгжүүлэгч аливаа зардал санхүүжилт авахгүй. Төслийн хөндлөнгийн хяналтыг дэлхийн хамгийн том 10 аудитын компани (PwC, Deloitte, Ernst Young, KPMG, ВОО...)-ийн аль нэгээр хийлгэнэ.
Төслөөс гарах
Хувьцаа эзэмшигч энэхүү төслөөс өөрийн хүссэн үед гарах боломжтой бөгөөд энэ тохиолдолд хувьцаа эзэмшсэн хугацааны туршид хугацаагүй хадгаламжийн хүүнээс өндөр буюу жилийн 8 хувийн өгөөжийг тооцон олгоно.
Энэ төсөлд хэзээ, хэрхэн оролцох тухай мэдээллийг түүний фэйсбүүк хуудсанд хандаж авах, мөн "Новел Инвестмент" компанитай холбогдон авах боломжтой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ