Ч.Лодойсамбуу: П.Батбаяр өнөөдөр хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байгаа байх
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагаас баасан гарагт шилжих шөнө 02:00 цагийн үед нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч, хошууч Ц-г аавынх нь хамт гэрт нь хутгалж, амь насыг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарсан тухай бид өмнө мэдээлсэн. Бямба гариг буюу 11 дүгээр сарын 28-нд угхэрэгт холбогдуулан шалгахаар Пүрэв овогтой Батбаярыг улсын хэмжээнд эрэн сурвалжилж эхэлсэн юм. Сэжигтнийг 11 дүгээр сарын 29-нд 12:00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармаг орчмоос баривчлан саатуулсан. Улмаар гэмт хэрэгтэй холбогдуулан сэжигтнээс мэдүүлэг авч эхлээд байна.
Эх сурвалжуудын анхны мэдээгээр энэхүү хэрэгт хохирогчийн төрсөн дүүгийн найз залууг сэжиглэж байгаа. Хүний амь бүрэлгэх болсон шалтгааныг хохирогч нь хэрэгтэнийг өөрийн дүүтэй суулгахгүй гэсэнтэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байсан юм.
Одоогоор сэжигтнээр байцаагдаж буй П.Батбаярын найз Ч.Лодойсамбуутай ярилцлаа.
-Улс даяар эрэн сурвалжлагдсан энэ залууг та яаж таньдаг юм бэ?
-Бид багын танилууд. Арван жилээ төгсөөд төмөр замын вокзал дээр ачаа тээш хүлээлцэх хэсэгт ачаа зөөдөг ажил хийж байхдаа танилцаж, найзууд болсон. Тэр үед хүмүүс тэнд галт тэргээр ирсэн бусдын ачааг хувиараа ачиж зөөж, хүргэж өгдөг ажил хийдэг байсан юм.
-Хамт ажилладаг байхдаа ар гэрийнхээ төлөө явдаг байсан сайн залуу гэж та хэлсэн. Гэмт хэрэг хийхээр зан авиртай байсан уу? Юу ярьж, юу төлөвлөдөг байсныг нь одоо та санаж байна уу?
-Сайн санаж байна. Бид тэнд янз янзын л хүмүүстэй хамтарч ажиллана. Тэр бүхэнтэй их эвтэй, арга эвийг нь олоод л ажлаа хийдэг, их найрсаг, нийтэч, хөгжилтэй залуу. Ийм хэрэг үйлдсэн гэдэгт шууд итгэж өгөхгүй л байна. Их харамсч байна. Ээж аав нь тэнд бас л портер машинаар ачаа зөөдөг байсан. Үргэлж л ажлаа сайжруулах тухай ярьдаг, их зорилготой хүн. Машиныхаа тоог нэмэх юмсан. Байртай болно. Вагоноор ирсэн ачааг зөвхөн хот дотор зөөх биш хот хооронд ачаа тээвэрлэдэг болмоор байна гээд л их тэмүүлэлтэй зүйл ярьдаг хөдөлмөрч залуу. Яагаад ийм үйлдэл хийснийг нь үнэхээр ойлгохгүй байна.
-Найзын тань зургийг олон нийтэд тарааснаар улс даяараа жигшиж байна. Сэжигтний зургийг тараасан явдалд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Мэдээж энэ бол хуулийн дагуу явуулж байгаа ажил. Эрэн сурвалжлах шатанд ингэж л ажиллана шүү дээ. Зүгээр бусад мэдээллийн сайтууд сэжигтнийг шууд л алуурчинг хайж байна, алуурчныг барилаа гэх зэргээр хууль, сэтгүүл зүйн ёс зүйн дүрмээ илт зөрчөөд байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. Сэтгүүлч бол дамжуулагч шүү дээ. Өөрөө үзэн ядаад, түүнийгээ бичиж буулгаад, уншигчдад тулгаад, үзэн ядахыг уриалаад байж болохгүй л дээ.
-Хэрвээ таны найз хэрэг хийсэн нь нотлогдвол онц гэмт хэрэгтэнг өмөөрсөн гэж олон хүнд хэлүүлэхээс та зовохгүй байна уу?
-Гэмт хэрэг гэдэг ойлголт үүсэхээс өмнө хүн, хүний харилцаа, нөхөрлөл байсан шүү дээ. Сайн мэддэг хүнийг маань нэрийг нь ч мэдэхгүй хүмүүс элдвээр хэлэхэд л жоохон эмзэглэж байна. Юм бүхэнд учир шалтгаан бий. Яагаад ингэсэн юм бол доо гэж хүн бүр бодоосой гэсэндээ ярьж байна. Гэхдээ би найзынхаа хийсэн энэ үйлдлийг эрс буруутгаж байгаа. Юу ч тохиолдсон бай хүний аминд хүрч болохгүй шүү дээ. Гол нь та бүгдийн алуурчин гээд байгаа хүн алуурчин бэлтгэх сургуульд сураагүй, тийм орчинд өсөөгүй шүү гэдгийг л цөөн ч гэсэн хүмүүст ойлгуулахыг хүссэн.
-Танд нэмж хэлэх зүйл бий юу?
-Баярлалаа. Хохирогчдын ар гэрийнхэнд чин сэтгэлээсээ гүн эмгэнэл илэрхийлье. Батбаярын найзуудыг төлөөлөөд тэр гэр бүлээс уучлал гуйж байна. Би мэдэж байна. Батбаяр өнөөдөр хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байгаа. Гэвч өнгөрсөнийг буцааж болохгүй. Тиймээс залуустаа хандаж хэлэхэд эргээд харамсах үйлдэл хэзээ ч битгий хийгээрэй. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай гэж уриалмаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ