84-р сургуулийн захиргаа эцэг, эхчүүдээс тэрбум төгрөг хураах гэж байна, Л.Гантөмөр сайд аа
Ерөнхий боловсролын дунд сургуулиудын зүгээс эцэг, эхчүүдээс тохижилт, хуримтлалын гэх мэтээр бага багаар мөнгө “саадаг” байсан бол одоо бүр тэрбумаар нь цуглуулахыг санаархаж байгаа хэтийдсэн үйлдэл гарчээ.
Тодруулбал, БЗД-ийн 84 дүгээр сургуулийн багш нар саяхан эцэг, эхийн хурал зарлаж нэгэн төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх хичээлийн нэмэлт хөтөлбөртөө хүүхэд бүрээс 300 мянган төгрөг хураахаар болсоноо дуулгажээ. Дуулгах юу байхав, соёлтойгоор албадаж, тэгээд бүр эцэг эхчүүдээс санал авч 50-иас дээш хувь нь зөвшөөрвөл энэхүү хөтөлбөрөө хэрэгжүүлнэ хэмээсэн талаар нэрээ нууцлахыг хүссэн эцэг, эхчүүд бидэнд хандлаа.
Ямар нэмэлт хөтөлбөр гэхээрээ хүүхэд бүрээс 300 мянган төгрөг шаарддаг байна аа, гэж та гайхаж магадгүй. Гэтэл энэ ердөө л барууны бестселлер гэгдэх номын үргэлжлэл, манай сэтгэхүйд таарахгүй агуулгатай, барууны боловсрол, хүүхдүүдийн хүмүүжлийг хэт өндөрт залж, шүтсэн нэгэн товхимол байгаа юм. Зарим хүн хэдэн жилийн өмнө “Бүтээмж өндөртэй хүний 7 дадал” хэмээх ном олон улсад хэдэн саяараа зарагдаж, манайд хүртэл орчуулагдаж байсныг мэдэх байх. Тэгвэл тэрхүү номын үргэлжлэл болох“Өсвөр үеийнхний дээдэлж мөрдөх 7 дадал” хэмээх ном өнөөдөр 84 дүгээр сургууль ийнхүү дээр ирчихсэн, эцэг эхчүүдийг эвгүй байдалд оруулж,“ардын багш” нар гадны номыг айхтар рекламдаж, хичээлийн нэмэлт хөтөлбөр болгохоор шахамдуулж байна. Бодвол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлбэл багш нарт цалингийн багагүй нэмэгдэл сургуулийн захиргаа, өнөөх төрийн бус байгууллагаас амласан байхыг үгүйсгэхгүй. Тийм бишсэн бол ардын хүүхдэд ерөнхий эрдмийн хичээлийг нь заах гэж үйлээ үзэж буй багш нар юу гэж л гэнэтхэн эцэг эхчүүдээс 300 мянган төгрөг нэхээд сууж байх вэ дээ.
Номыг орчуулагч "Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн Б.Сайнбаяр хэмээх залуу энэхүү хөтөлбөрөө хэний ч дэмжлэггүйгээр бүхэл бүтэн сургууль дээр авч ирнэ гэж байхгүй. Тэгэхээр 84-р дунд сургуулийн захирал С.Марта шууд хамааралтай болж таарна.
Энд нэг зүйлийг тодруулахад тус сургуулийн 1-12 ангийн 4200 гаруй сурагчдад жилд 300 мянган төгрөгийн төлбөртэй "Манлайлах урлаг” гэх сургалтыг заана гэж бодоход нийтдээ нэг тэрбум төгрөг хангалттай давна. Багагүй хэмжээний мөнгө дугтрах бизнес сэдсэн байгаа биз.
Асуудлын гол нь багш нар нь энэ хөтөлбөрийг заах эсэх талаараа эцэг эхчүүдээс илээр санал авч эхэлсэн гэнэ. Тэгээд ч эцэг, эх нь хүүхдийнхээ нэр усыг бичээд санал өгнө гэдэг эрүүл ухаанаар бодоход дараа нь хүүхдээ багшийн дарамт, хавчлагад оруулна гэсэн үг.
Олон хүн дунд мэдээж ийм хэмжээний төлбөртэй хөтөлбөрт хүүхдээ суулгая гэсэн эцэг эх байсан л байлгүй. Гэхдээ нийт эцэг эхчүүдийн талаас илүү хувь нь зөвшөөрвөл шууд эхлүүлнэ хэмээсэн нь олон эцэг эхийг цочирдуулж байна.
Тэгээд ч 84 дүгээр сургуульд нэмэлт сургалтын цаг байхгүй гэдгийг эцэг эхчүүд баталж байна. Гурван ээлжээр хичээллэж, хамгийн сүүлийн ээлжийн ангиуд орон 20.00 цагт тардаг аж.
Зарим эцэг, эхийн дургүйцэлтэй тулгарсан багш нар нь одоо бүр сурагчдыг ятгаж, “Манлайлагч болох боломжтой” хэмээн өнөөх хөтөлбөрөө сурталдаж, ээж ааваасаа ятгаж гуйхыг зөвлөж суугаа гэнэ.
Ер нь бол сургуулийн бүх хүүхдийг манлайлагч болгоод өг гэж 84 дүгээр сургуулийн захирал, багш нараас хэн ч гуйгаагүй. Яс юман дээр тэр манлайлагч гээч нь юу гэсэн үг юм, бүү мэд.
Тэр тусмаа цагаан толгойгоо үзэж амжаагүй нэгдүгээр ангийн сурагчдад хүртэл “Бяцхан манлайлагч” гэх энэ хичээлийг мөн л 300 мянган төгрөгийн төлбөртэй заана гэж байгаа. Халуурал, дэмийрэл биш үү.
Ер нь бол эдийн засаг хямралтай үед эцэг эхчүүдийг ингэж албадаж байгаа үйлдлийнх нь төлөө сургуулийн захирал С.Мартыг АТГ-т шалгуулахад ч буруутахгүй.
Мөн "Манлайлах урлаг” ТББ-ын УЗ-ийн гишүүн, орчуулагч Б.Сайнбаяр хэмээх залуу ч бас эцэг, эхчүүдийг ичээж, нэрэлхүүлж доромжилсон энэ үйлдэлдээ уучлалт гуйх ёстой. Товчхондоо түүний энэ үйлдэл бол дэлгүүрүүдэд 20 мянган төгрөгөөр зарагдаж буй алгын чинээ номоо хэд дахин нугалж борлуулах гэсэн бэртэгчин ажил гэдэг нь илэрхий байна.
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг ямар нэг хэлбэрээр төлбөр хураамж авах асуудлыг ор тас хориглосон тушаал салбарын сайд нь гаргасан байдаг. Харин ямар бөх зүрхтэй болохоороо 84 дүгээр сургуулийн захирал ийм зальжин үйл ажиллагаа сэдсэн ТББ-тай хамтарч, багш нараараа эцэг эхчүүдийг шахамдуулж байна вэ?
Т.Бэх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ