Хүндийг өргөлтийн ДАШТ үргэлжилж байна
АНУ-ын Техас мужийн Хьюстон хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээн энэ сарын 19-нд эхэлсэн бөгөөд одоогоор эрэгтэйчүүдийн 56 кг, 62 кг, эмэгтэйчүүдийн 48 кг болон 53 кг-н жингийн медалийн эзэд тодроод байна. Мөн хэд хэдэн дэлхийн рекорд эвдэгдээд байна. Тус жингүүдийн шилдгүүдээр Азийн хүндийг өргөгчид тодроод байна.
Эмэгтэйчүүдийн 48 кг-д 39 орны тамирчид өрсөлдсөн. 48 кг-н БНХАУ-ын тамирчин Jiang Huihua огцом 88 кг, түлхэлттэйд 110 кг, нийт 198 кг-г өргөж алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Вьетнам улсын тамирчин Voung Thi Huyen 85+109=194 кг-г өргөж, хүрэл медалийг Hiromi Miyake 85+108=193 кг-г өргөж шагналын тавцан дээр зогссон байна. Тус жинд БНАСАУ-ын тамирчин 18 настай Ri Song-gum түлхэлттэй өргөлтөөр 110 кг өргөж жингээ тэргүүлээд байсан ч огцом өргөлтөө амжилтгүй өргөж 4-р байранд шалгарсан байна. Энэ жинд алтан медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин тус жинд өрсөлдсөн бүх тамирчдаас хамгийн залуу нь буюу 17 настай ажээ. БНХАУ-ын баг тус жингийн сүүлийн 3 удаагийн ДАШТ-ний алтан медальт Tan Yayun-ны оронд 17 настай залуу тамирчинг авчираад байсан юм. Ийнхүү БНХАУ-ын баг сүүлчийн 4 Дэлхийн аварга дарааллан эмэгтэйчүүдийн 48 кг-н жингийн аварга цолыг хүртэж байна. Тэгвэл мөнгөн медалийг хүртсэн Вьетнам тамирчин энэ онд Ази тивийн АШТ-ний алтан медалиа дээрээ Дэлхийн Аваргын мөнгөн медалийг нэмж байна.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 53 кг-н жинд Тайваны тамирчин Лондонгийн Олимпийн мөнгөн медальт, өнгөрсөн жилийн ДАШТ-ний мөнгөн медаль, Инчон-2014 Азийн наадмын алтан медальт, 2012 оны Ази тивийн аварга Hsu Shu-ching алтан медаль хүртжээ. Тайваны тамирчин огцом өргөлтөөр 96 кг, түлхэлттэй өргөлтөөр 125 кг, нийлбэр дүнгээр 221 кг-г өргөж аваргын алтан медалийг хүртсэн байна. Мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин 2010 оны Дэлхийн аваргын алт, 2009 оны Дэлхийн аваргын мөнгөн медальт Chen Xiaoting 101+120=221 кг-г өргөж, хүрэл медалийг Филиппин улсын тамирчин 2014 оны Азийн наадмын аварга Hidilyn Diaz 96+117=213 кг-г өргөж хүртсэн байна. Хэдийгээр Тайван болон БНХАУ-ын тамирчид нийлбэр дүнгээр адилхан 221 кг-г өргөсөн ч Тайваны тамирчны биеийн жин 52.61 кг, харин БНХАУ-ын тамирчны биеийн жин 52.78 кг учир Тайваны тамирчин аваргын алтан медалийг хүртсэн. Харин тус жинд өнгөрсөн жилийн аварга Казакстаны тамирчин Zulfiya Chinshanlo ирээгүй байна. Түүний оронд ирсэн Казакстаны тамирчин нийлбэр 202 кг-г өргөж 6-р байранд орсон байна.
Энэ удаагийн ДАШТ-ний 53 кг-н жинд өрсөлдсөн манай улсын тамирчин Г.Баасанжаргал огцом 73 кг, түлхэлттэй 84 кг, нийт 157 кг-г өргөж 32-р байр, О.Баярцэцэг 68+85=153 кг-г өргөж 35-р байранд орсон байна.
Эрэгтэйчүүдийн 56 кг-н жингийн аваргууд тодорсон байна. Тус жинд 28 улсын тамирчид өрсөлдөж, БНАСАУ-ын тамирчин Om Yun Chol 131+171=302 кг өргөж 2012 оноос хойш тус жиндээ босоо байна. БНАСАУ-ын тамирчин тус жинд 2012 оны Лондонгийн олимпийн наадамд алтан медаль хүртээд байсан бол 2013, 2014, 2015 оны Дэлхийн аварга болж байна. Мөн тэр 2014 оны Азийн наадам, 2013 оны Ази тивийн аварга цолыг хүртээд байсан юм. Мөнгөн медалийг БНХАУ-ын тамирчин Wu Jingbiao 139+163=302 кг-аар, хүрэл медалийг Thach Kim Tuan 130+157=287 кг-аар тус тус хүртсэн. Мөн БНХАУ болон БНАСАУ-ын тамирчид нийлбэр 302 кг өргөсөн ч БНАСАУ-ын тамирчин бага жинтэй байсан учир аваргын алтан медалийг хүртсэн. Үүнээс гадна тус жинд огцом өргөлтөөр БНХАУ-ын тамирчин тус жингийн мөнгөн медалийн эзэн Wu Jingbiao 139 кг-г өргөж дэлхийн рекордыг шинэчилсэн бол, түлхэлттэй өргөлтөнд БНАСАУ-ын тамирчин Om Yun Chol 171 кг-г өргөж дэлхийн рекордыг шинэчиллээ.
Тус жинд манай улсын тамирчин Ө.Чагнаадорж өрсөлдөж 105+130=235 кг-г өргөж 25-р байранд шалгарсан байна.
Тэгвэл 62 кг мөн л БНАСАУ болон БНХАУ-ын тамирчдын өрсөлдөөнөөр үргэлжилсэн байна. Аваргын алтан медалийг БНХАУ-ын тамирчин 2013 оны Дэлхийн аварга Chen Lijun 150+183=333 кг-г өргөж, мөнгөн медалийг БНАСАУ-ын тамирчин, 2012 оны Лондонгийн Олимпийн алт, ДАШТ-ний хошой алт, хошой мөнгөн медальт, Азийн наадмын 2014 оны алт, 2010 оны мөнгөн медаль, Ази тивийн аваргын алт, мөнгөн медальт Kim Un Guk 151+177=328 кг-г өргөж, хүрэл медалийг Азербайжаны тамирчин 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний 2011 оны хүрэл, Европын хошой аварга Valentin Xristov 141+176=317 кг-г өргөж хүртсэн байна. Алтан медаль хүртсэн БНХАУ-ын тамирчин нийлбэр дүнгээр 33 кг- өргөж дэлхийн рекордыг шинэчилсэн бол огцом өргөлтөөр мөн 183 кг-г өргөж дэлхийн рекордыг шинэчилжээ.
Эрэгтэйчүүдийн 62 кг-н жинд манай улсаас Э.Мөнхдөл өрсөлдөж 116+142=258 кг-г өргөж 41-р байранд орсон байна.
Н.Цэнгэл
Өнөө шөнө эмэгтэйчүүдийн 58 кг, эрэгтэйчүүдийн 69 кг-н аваргууд тодорно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ