Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчилнэ

Засгийн газрын хуралдаан өчигдөр болов. Тус хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тухайлбал, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн төслийн ажлыг шуурхай хэрэгжүүлэх шаардлагыг харгалзан тус төслийн нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг Хөгжлийн банкны гүүрэн санхүүжилтийн механизмаар шийдвэрлэхийг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлснээр цахилгаан эрчим хүчний дутагдаж буй хэрэглээг тодорхой хэмжээнд хаах, ОХУ-аас авч байгаа импортын эрчим хүчний хэмжээг бууруулах, станцын үйлдвэрлэлийн хэмжээ 2 дахин нэмэгдэж, 1кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх өөрийн өртгийг 41.32 төгрөгөөр бууруулан 67.48 төгрөг болж, системийн алдагдал жилдээ 7.0 төгрөгөөр буурах ач холбогдолтой юм.

Станцын өргөтгөлийн төслийн хүрээнд 35 МВт-ын турбингенераторыг шинээр суурилуулж, хими, ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжүүдийг шинэчилж, сүлжээний групп бойлерийг ялтсан бойлероор сольж, ус хөргөх цамхаг шинээр барих, цахилгаан хангамж бусад туслах тоноглолын шинэчлэлийн ажлууд хийгдэх юм.

“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн хүчин чадлыг өргөтгөх, зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэхээр шалгарсан компанитай гэрээ байгуулж, төслийг 53.8 сая ам.долларт багтаан хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригтод үүрэг болголоо.

Товч мэдээ:

-Худалдан авах ажиллагааны газраас 2016 онд худалдан авах ажиллагааг нь зохион байгуулах улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, ажил үйлчилгээний жагсаалтыг баталлаа.

-Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн нэр бүхий төрийн жинхэнэ албан хаагчдад Эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов. Нэр бүхий албан хаагчдад Тэргүүн түшмэлийн зэрэг дэв олгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Ургамлын үр, үрслэг, суулгац, амьтан, түүний үр, хөврөл үр, түүхий мах, дайвар бүтээгдэхүүн болон бичил биетний өсгөвөр, эмгэгт материалын дээжийг улсын хилээр нэвтрүүлэх боомтуудын жагсаалт”-д нэмэлт орууллаа.

-Монгол Улсаас Сент Дюси Улс, Бүгд Найрамдах Габон Улс, Бүгд Найрамдах Нигер Улс, Бүгд Найрамдах Камерун Улс, Маршалын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тус тус тогтоох тухай асуудлыг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

-Цэргийн сургалтын хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжиж, гарын үсэг зурах эрхийг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд олголоо.

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ