Цэцийн шийдвэр Монгол Улсын асуудал боллоо

Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэц гаргаснаар Монголын шүүх засаглалд хүндхэн байдал үүсээд байна. Тухайлбал Нийслэлийн 2-3 дүүргийн дунд байгаа эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийг дүүрэг бүрт байгуулах ёстой гэж Цэц айлдсан. Үүгээр ч зогсохгүй 2-3 аймгийн дунд байгаа эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийг аймаг бүрт байгуул хэмээн ёстой л алтан загасны эмгэн лугаа аашиллаа. Шүүх байгуулах төсөв хэн нэгэн эрх мэдэлтний халааснаас гарахгүй нь тодорхой. Хямралын энэ цаг үед 2016 оны 4 дүгээр сарын 1-ний дотор Цэцийн шийдвэрийг биелүүлэх бололцоо улсын төсөвт байгаа эсэх нь эргэлзээтэй. Тиймээс ч шүүх засаглалыг ацан шалаанд оруулаад байгаа энэ асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахаар боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд та ямар бодолтой байна вэ?

- Үндсэн хуулийн Цэцийн энэ шийдвэрийг яаж биелүүлэх вэ гэдэг нь Монгол Улсын асуудал болоод байна.

Аймаг бүрт давж заалдах шатны шүүх дагнан байгуулахад дор хаяж 80 орчим шүүгч хэрэгтэй. 80 шүүгчийн 80 туслах, дагалдах зардал олон тэрбумаар тоологдоно. Багахангай дүүрэгт цоо шинээр шүүх байгуулна. Байшин барилга, орон сууц албан тасалгаа хэрэгтэй. Төсөв, хөрөнгө одоогоор алга байна. Олон шүүгчдийн амьдрал ахуйг хөндсөн, бөөн хөдөлгөөн нүүдэл суудал болно. Нөгөө талаас аймаг бүрт давахын ачаалал бага учраас маш үрэлгэн байдал үүснэ. Дагнаж, мэргэшсэн шүүгчээр хэрэг, маргаанаа шийдүүлэх иргэдийн эрх хөндөгдөнө. Хамгийн гол нь Шүүх байгуулах тухай хуулийг өөрчлөн хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа Монгол Улсад байгаа юу гэдгийг би мэдэхгүй юм. Тийм учраас уг асуудал Монгол Улсын асуудал боллоо.

Шүүхийн шинэтгэлийн гол амин сүнс нь шүүхийг дагнан байгуулж, шүүгчийг мэргэшүүлж байгаа явдал юм. Мэргэшсэн шүүгч тухайн чиглэлээрээ илүү чанартай шийдвэр гаргана. Энэ хирээрээ иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх илүү өндөр түвшинд хангагдаж байгаа бодит үр дүн гарч эхэлж байлаа. Өмнө нь аймаг бүрт давж заалдах шатны шүүх байхад тэнд ачаалал бага байсан. Иймддагнасан шүүхийг манай улсад байгуулах гол боломж нь шүүхийн ачааллыг тэнцвэржүүлж, хэд хэдэн аймаг дунд шүүх бүрэлдэхүүнийг мэргэшүүлэх гарц байсан. Ерөөсөө эрүү, иргэний хэрэг, маргаан мөн чанар, шийдвэрлэх процедурын хувьд ч өөр учраасшүүгч нар нэгэн дуугаар дагнах нь маш зөв алхам болсныг бидэнд онцлон хэлж байгаа.

Одоогийн байдлаар шүүгч нар аймаг бүрт очиж шүүх хуралдаан хийж иргэдэд ойр байгаа. Мөн цахим болон бусад хэлбэрээр иргэдэд шүүхийн үйлчилгээг бүрэн хүргэж байна. Тэгэхлээр иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөөгүй, бүрэн хангагдаж байгаа гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Дагнасан шүүхийн ач холбогдол, явцын үр дүнгээс үзэхэд шинэтгэлийн гол зарчмаасаа ухрахыг зөвтгөх үндэслэл надад харагдахгүй байгаа.

Ер нь ямар хууль хэрэгтэй, ямар хууль батлах юм гэдгийг хууль тогтоогч, улс төрчдийн хүсэл зорилго мэдэхээ болчихсон цаг үед бид амьдарч байна. Үүнийг эдийн засаг нь мэддэг болсон. Тэр хуулийг хэрэгжүүлэх эдийн засгийн баталгаа байхгүй бол хууль батлах нь утгагүй. Тиймээс ч Засгийн газар энэ хуулийг батлах нөөц хөрөнгө мөнгө, санхүү гаргаж өгвөл ийм хууль батлах бололцоотой. Үгүй бол яахыг хэн ч хэлж мэдэхгүй. Ийм л хэцүү нөхцөл байдалд Монголын шүүх орчихлоо.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байгаа энэ үед Цэц Шүүх байгуулах тухай хуулийг хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 1-ний дотор энэ хуулийг Үндсэн хуульд нийцүүл гээд хугацаа өгчихлөө. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

- Үндсэн хуулийн шүүх бол хууль дээдлэх ёсны чухал институц. Уул ньшүүх шийдвэр гаргахдаа хэрэгжих бололцоо, арга зам, үр дагаврыг тооцох ёстой доо. Цэц маань болно гэж үзсэн юм байлгүй.

- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдаж байгаа?

- Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай юу гэвэл шаардлагатай.Би цөөнгүй жилийн өмнөөс л Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж хэлж байсан цөөн хүний нэг. Тухайн үед хүмүүс гайхаж байсан. Ийм ийм асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гээд миний анх ярьж, бичиж байсан асуудлыг өнөөдөр олон хүн ярьж байна. Шаардлага, үндэслэлийг жич ярих сэдэв мөн.

-Шүүхийн шинэтгэлийн гол амин сүнс нь дагнасан шүүх байгуулах байсан шүү дээ. Одоо бол дагнасан шүүхээс ухраад зогсохгүй, дахиад дагнасан шүүх байгуулах ч бололцоогүй байдалтай болчихлоо гэж Х.Тэмүүжин гишүүн УИХ дээр энэ асуудлыг хэлэлцэж байх үеэр шүүмжилж байсан. Энэ талаар?

-Шүүхийн шинэтгэлийн амин чухал нэг хэсэг нь шүүхийг дагнаж, шүүгчийг мэргэшүүлэх явдал байсан. Уул нь энэ асуудал их аятайхан болж байсан юм. Х.Тэмүүжингийн хэлсэн үнэн.

-Ер нь шүүхийн шинэчлэлийг хийх сонирхол Цэцэд байхгүй юм биш үү. Иргэн хүн шүүх бүрэлдэхүүнд ороод шүүгчидтэй адил хэмжээнд шийдвэр гаргахаар тусгасан нь бас л унаж байсан. Шүүх байгуулах тухай хууль хоёр уналаа. Шинэчлэл эргээд ухралтад орлоо гэдэгтэй та санал нийлэх үү?

Уул нь Үндсэн хуулийн 48.1 дэх хэсэг буюу одоогоор гол маргаан үүсгээд байгаа хэм хэмжээг Улсын Их Хурал Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлээр "Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ” гэж тайлбарласан, зохицуулсан. Үүнийг л их анхаарах байсан даа.

-Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр шүүх засаглалыг шинэчлэх боломжгүй гэдгийг энэ бүхэн харуулаад байна уу?

- Одоогоор тэгж харагдаж байна. Гэхдээ эдийн засаг нь даавал бас ч тэгж үзэж болохгүй.

-Та өнгөрсөн долоо хоногт Өмнөговь, Дундговь, Төв аймагт ажиллаад ирсэн. Орон нутгийн иргэд шүүхийн шинэтгэлийн талаар ямар бодол саналтай байна вэ?

-Орон нутгийн иргэдийн хувьд шүүхийн шинэтгэлийн талаар харилцан адилгүй мэдээлэлтэй байна. Зарим газар мэдээлэл сайн, зарим аймагт мэдээлэл муу байдаг юм байна. Ерөнхийдөө их том шинэтгэл гэдгийг сайн ойлгоогүй байна. Гэхдээ өөрчлөгдөж байгаа гэсэн бодолтой болсон байна. Гомдол, санал бараг алга, ам сайтай байна.Монгол Улсын Ерөнхийлөгчийн шүүхийн шинэтгэлийн бодлогыг талархан дэмжиж байна, ухарч болохгүй шүү, хийсэн ажлаас чинь илүү хийх ажил их байгаа гэж хэлсэн Ерөнхийлөгчийн үгийг зөв үнэлгээ гэж үзэж байна.Ийм богино хугацаанд маш том зорилго дэвшүүлээд шүүхийн шинэтгэлийг зоригтой хийж байгаад сэтгэл дүүрэн байгаагаа иргэд илэрхийлж байна.

-Орон нутаг дахь шүүхүүдэд ямар хүндрэл бэрхшээл байна вэ?

-Орон нутаг дахь шүүхүүдэд тулгардаг нийтлэг нэг асуудал бол шүүгчийн орон тоотой холбоотой бэрхшээл байна. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Монголын шүүх хэргийн төрлөөр дагнаж байгуулагдсан. Ингэхдээ ихэнх шүүх яг л тулсан гурван шүүгчийн орон тоогоор ажиллаж байна. Шүүгч ч гэсэн хүн л юм чинь эрүүл мэнд нь муудна, өвдөнө, чөлөө авна. Нэг нь эзгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болох, шүүх хурал хойшлох, хэргийг шилжүүлэх, шүүх бүрэлдэхүүн өөр аймгаас дуудах гэх мэт асуудлууд түгээмэл гардаг юм байна. Түүнчлэн шүүхүүд бүсчилж болон нүүдэллэж ажиллаж байгаатай холбоотойгоор иргэдийн дунд гэрийнхээ хажууд шүүх хурлаа хийлгэнэ гэсэн сэтгэхүй газар авсантай холбоотойгоор шүүгчид томилолтоор явах шаардлага нэмэгдэж, машин тэрэг хүрэлцэхгүй томилолтын зардал байхгүй зэрэг эдийн засгийн бэрхшээл бас тулгардаг болж. Үүнээс гадна орон нутгийн шүүхүүдэд бас нэг нийтлэг бэрхшээлбайгаа нь дэд бүтэц. Шүүхийн шинэ байр, шүүхийн ордон хэзээ баригдах вэ гэсэн өндөр хүлээлттэй байгаа нь мэдрэгдэж байлаа.

Л.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ