Төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам.долларын зээлийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа. Төслүүдийг Хятадын талд уламжлах, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулж ажиллахыг Сангийн сайд Б.Болор болон холбогдох бусад сайд, Нийслэлийн Засаг даргад даалгасан байна.

БНХАУ-ын Засгийн газраас олгох нэг тэрбум ам.долларын экспортын зээлийн хөрөнгөөр Эгийн голын усан цахилгаан станцыг барих, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртлэх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэл хийх, Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Мах боловсруулах 12 үйлдвэр барих, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

Зээлийн ашиглагдаагүй үлдэгдлээр хэрэгжүүлэх төслийн жагсаалт

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2011-2015 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн ашиглагдаагүй үлдэгдэл болох 244,5 сая ам.долларын хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг батлав.

Ерөнхий хэлэлцээрийн дагуу авах 300 сая ам.долларын ашиглагдаагүй үлдэгдэл хөрөнгөөр дараах төслүүдийг хэрэгжүүлэхээр боллоо.

-Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл

-Ухаалаг боловсрол төсөл

-Харгиа урьдчилсан цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл

-10 аймгийн дулааны станц барих төсөл

-Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

-Шүүх шинжилгээний байгууллагын чадамжийг сайжруулах төсөл

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим гавын хяналтын систем байгуулах төсөл

-Хууль сахиулах их сургуулийн төв байрны сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт төсөл

Төслүүдийг БНСУ-ын Засгийн газарт санал болгох, төслийг цаг хугацаанд нь үр дүнтэй хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн сайд М.Зоригт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Доригжав, Эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ