Р.Надал, Р.Федерер нар нэг ч хожигдолгүй хагас шигшээд шалгарлаа
Их Британий Лондон хотын О2 Аренад үргэлжилж буй АТР Тур Финал тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж хагас шигшээд өрсөлдөх теннисчид шалгарлаа. Энэ удаагийн тэмцээний ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй шилдэг 8 теннисчдээс эхний хэсгээс Н.Жокович, Р.Федерер дараагийн хэсгээс Р.Надал болон С.Вавринка нар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон. Швейцарын шилдэг теннисчин Р.Федерер хэсгийн сүүлчийн тоглолтоо Японы теннисчин К.Нишикоритой хийсэн байна. Тоглолт 3 сетэд 7-5, 4-6, 6-4 харьцаагаар Швейцар теннисчний ялалтаар өндөрлөж Р.Федерер хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон бол К.Нишикори тэмцээнээ өндөрлүүлсэн. Энэ хэсгийн сүүлчийн тоглолт Сербийн Н.Жокович болон Чехийн төлөөлөл Т.Бердих нарын хооронд явагдаж Н.Жокович өрсөлдөгчөө 6-3, 7-5 харьцаагаар буулгаж авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон бол Т.Бердих тэмцээнээ өндөрлүүлсэн байна. Ийнхүү энэ хэсгээс Р.Федерер хэсэгтээ 3 тоглолт хийж 3 хожсон бол Н.Жокович 2 хожиж 1 хожигдсноор хагас шигшээд шалгарсан.
Өнгөрсөн шөнө Британий Э.Мюррей тэргүүтэй хэсгийн сүүлчийн тоглолт явагдлаа. Энэ хэсэгт Р.Надал ганц ч хожигдолгүй хагас шигшээд шалгарсан. Тэр хэсгийн сүүлчийн тоглолтоо нутаг нэгт Д.Феррертэй хийсэн. Тоглолтын эхний сет тун өрсөлдөөнтэй өрнөж тайбрейкээр Д.Феррер өрсөлдөгчөө хожсон бол хоёрдугаар сетээс Р.Надал шилдэг тоглолтоо үзүүлж 6-3 харьцаагаар хожсон бол түүний эрч хүчтэй тоглолт сүүлчийн сетэд ч үргэлжилж 6-4 харьцаагаар хожсноор дараагийн шатанд шалгарсан. Сүүлийн үед тааруу амжилттай байгаа Р.Надал ийнхүү АТР Тур Финалд тун амжилттай тоглож байна. Тэрээр одоо хагас шигшээд өөрийн хүчтэй өрсөлдөгч Сербийн Н.Жоковичтой өрсөлдөнө. Тэгвэл энэ хэсгийн өөр нэг тоглолт тун сонирхолтой явагдлаа. Учир нь Э.Мюррей болон С.Вавринка нарын аль хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болох байсан. Мөн тоглолт тун өрсөлдөөнтэй өрнөж эхний үед тайбрейкээр С.Вавринка хожсон бол сүүлийн сетэд мөн 6-4 өрсөлдөгчөө буулгаж авснаар хагас шигшээд өрсөлдөх эрхтэй боллоо. Хэрвээ энэ тоглолтонд Э.Мюррей ялсан бол ойрын үед үзээгүй шилдэг дөрвөлийн тоглолтыг үзэх байлаа. Энэ цаг үед Р.Федерер, Н.Жокович, Р.Надал, Э.Мюррей нарыг “Big Four” хэмээн нэрлэдэг бөгөөд эдний өрсөлдөөн одоо ч гэсэн талбайн теннисний кортонд хүчтэй өрнөсөөр байгаа.
Ийнхүү АТР Тур Фианл тэмцээний хагас шигшээд өрсөлдөх тамирчдын нэрс тодорлоо. Хагас шигшээгийн эхний тоглолт Их Дуулгын 15 удаагийн аварга Испаний шилдэг теннисчин Р.Надал хүчтэй өрсөлдөгч АТР-н чансааны тэргүүн теннисчин Их Дуулгын 10 удаагийн аварга Н.Жоковичтэй хүч үзэх бол дараагийн тоглолт нь Их Дуулгын 17 удаагийн аварга “Швейцар цаг” хочит Р.Федерер болон түүний нутаг нэгт Их Дуулга тэмцээний 2 удаагийн аварга С.Вавринка нарын хооронд явагдана. АТР Тур Финал тэмцээний цомыг Р.Надал болон С.Вавринка нар хүртэж чадаагүй байгаа юм. Р.Надал өөрийн карьертаа байхгүй байгаа цомыг авахыг хүсэж байгаа нь дамжиггүй. Тийм ч учраас тэмцээний турш шилдэг тоглолтоо үзүүлж байна.
Харин хосын төрөлд ах дүү Брайнууд хагас шигшээд энэ оны Уэмбльдоны эрэгтэй хосын төрлийн аварга Румыны Хориа Текэу болон Нидерландын Жан-Жюльен Ройер нартай тоглох бол нөгөө тоглолт нь энэ оны Францын Их Дуулгын хосын төрлийн аварга Бразилын Марсело Мело/ Хорватын Иван Додиг нарын хослол Румыны Флорин Мержа/ Энэтхэгийн Рохан Бопанна нарын хооронд явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ