Т.Баттөгс ДАШТ-ий долоо дахь медалиа зүүв
Марокко улсын Касабланка хотноо 11 дүгээр сарын 13-15-нд самбо бөхийн ДАШТ боллоо. Энэ удаагийн тэмцээнд 82 орны тамирчид оролцсоноос манай улсаас 6 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож, нэг хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 64 кг-д Т.Баттөгс ДАШТ-ий медалийн тавцанд зогсож, ДАШТ-ий долоо дахь медалиа зүүв.
Эмэгтэйчүүдийн 64 кг-д 13 орны аваргууд барилдсанаас ОУХМ Түмэн-Одын Баттөгс эхний тойргуудад Францын Сара Локо, Мексикийн Андреа Гиллен нарыг цэвэр ялж зооны аваргын төлөө тулаанд Беларусийн Т.Мацкод торгуулийн 0:1 оноогоор хожигдов. Улмаар 34 настай бөх маань хүрэл медалийн төлөө барилдаанд Молдавын бөхийг 1:0 оноогоор ялсан юм. Энэ нь түүний ДАШТ-ээс авч буй дөрөвдэх хүрэл, тэр дундаа сүүлийн гурван жил дараалан 64 кг-д хүрэл медаль зүүж байна. Мөн 2005 оны алт, 2002, 2012 оны мөнгөн медальтай. Тэрээр эдгээр медалийг 56 кг, 60 кг, 64 кг гэсэн гурван өөр жинд 14 жилийн туршид хүртсэн нь Т.Баттөгсийн хэр чансаатай тамирчин болохын нэгэн нотолгоо билээ. Тэрээр медаль хүртсэнийхээ дараагаар “Самбо бөхийн спортдоо их дуртай болохоор барилдсаар явна. Медалийн буухиаг таслахгүйг хичээлээ” хэмээн ярив.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ