Самбо бөхийн ДАШТ Касабланкад үргэлжилж байна

Самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Марокко улсын Касабланкад эхлэв. Африк тивд анх удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээний өмнөх өдөр Олон улсын самбо бөхийн холбооны (FIAS) 27-р конгресс Ле Литтораль зочид буудалд хуралдлаа.

Хурлаар өмнөх конгрессоос хойш FIAS ямар ажил хийсэн тайлан сонсож, санхүү болон гишүүнчлэлийн талаар мэдээлэл сонсож, цаашид өөрийн спортыг дэлхий дахинд хэрхэн түгээх талаар хэлэлцсэн юм. Тус холбоонд Македон, Вьетнам, Тайвань, Перу улсууд бүрэн эрхэт гишүүнээр элсэж, мөн бичг баримтаа хараахан бүрүдүүлж амжаагүй өөр 21 улсыг дэд гишүүнээр батлав. Ийнхүү Олон улсын самбо бөхийн гэр бүл 88 бүрэн эрхэт гишүүнтэй болж байгаа юм. 2016 оны уралдаан тэмцээний хуваарийг ярилцсан бөгөөд тамирчдын олон улсын чансааг туршилтын журмаар гаргах болов. Түүнчлэн жил бүрийн 11-р сарын 16-нд ОХУ-д тэмдэглэж хэвшээд буй Самбо бөхийн өдрийг дэлхий нийтийнх болгох саналыг гаргалаа.

Энэ удаагийн ДАШТ-д 82 орны тамирчид оролцохоор Мароккод ирээд байгаа бол 11 оронд тус тэмцээнийг телевизээр шууд дамжуулан үзүүлэх аж. 2014 оны ДАШТ-ийг самбо бөхийн эх орон ОХУ-аас гадна Монгол, Беларусь гэсэн гуравхан улсад шууд дамжуулсан билээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ