Дулааны аргаар боловсруулсан мах нийлүүлэх компаниуд гэрчилгээгээ авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015.11.09-11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Энэ үеэр хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсны нэг нь дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг Монгол Улс, БНХАУ-д экспортлох, импортлох хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг байлаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар урд хөршид мах, махан бүтээгдэхүүн гаргах үед хяналт шалгалт хийж олгох мал эмнэлэг, ариун цэврийн гэрчилгээний загварыг БНХАУ-ын талтай урьдчилан тохирч Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр баталгаажуулахаар бэлэн болгоод байсан юм.
Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн авах хүсэлтэй гадаадын орнууд юуны түрүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийдэг. Энэ дагуу БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын ажлын хэсэг 19 үйлдвэртэй танилцсанаар “Мах маркет”, “Монгол эко мах” компани бүтээгдэхүүнээ экспортлох болзлоо хангасан юм. Мөн нэр бүхий таван аж ахуйн нэгжийн баримт бичгийг БНХАУ-ын талд хүргүүлээд байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд 2015.11.13-ны өдөр “Мах маркет”, “Монгол эко мах” компанийн удирдлагыг хүлээн авч уулзан гэрчилгээний загварыг нь албан ёсоор гардуулж амжилт хүслээ. Тэрээр “Дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны махыг экспортод гаргах салхийг хагалж бусдаа түүчээлж байгаа хоёр компани болон цаашид бүтээгдэхүүнээ экспортлох аж ахуйн нэгжийн баримт бичгийн бүрдүүлэлтийг Мэргэжлийн хяналтын байгууллага 24 цагийн дотор гаргаж өгч байх болно” гэлээ.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжин гадны байгууллагын тавьдаг шаардлагыг хэрхэн хангах, юунд анхаарах тухай зөвлөгөө өгөхийн зэрэгцээ өмнө нь шаардлага хангаагүй үйлдвэрийн алдаа, дутагдлыг засч залруулах чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж байна. Үүний дүнд өнгөрсөн дөрөвдүгээр сард манай нэр бүхий 9 аж ахуйн нэгж мах, махан бүтээгдэхүүнээ урд хөршид нийлүүлэх зөвшөөрлөө авсан юм.
Хамгийн сүүлд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс манай улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох сонирхлоо илэрхийлсэн. Энэ дагуу тус улсын холбогдох албаны мэргэжилтнүүдтавдугаар сард ирж “Монгол фүүд”, “Хүн од”, Траст трейд”, Очир дагинас”, “Монтува”, “Завхан хүнс”, “Хүнс комплекс” зэрэг аж ахуйн нэгжид хянан магадлагаа хийгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ