Хүндийн өргөлтийн 15 тамирчин АНУ-ыг зорино

АНУ-д Хүндийн өргөлтийн ДАШТ энэ сарын 20-28-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд манай улсаас 15 тамирчин, 3 дасгалжуулагч оролцохоор удахгүй эх орноосоо мордох юм. Энэхүү олимпын эрх олгох хариуцлагатай тэмцээнд дэлхийн 118 орны 796 тамирчин өрсөлдөнө. Манай орны хувьд эрэгтэй, эмэгтэй тамирчид багаараа оролцох бөгөөд уг тэмцээнээс манай эмэгтэй баг олимпын эрх авах өндөр магадлалтай хэмээн дүгнэж байгаа аж.

Энэ удаагийн ДАШТ-д явах тамирчдын зардал болох 125 сая төгрөгийг Эрүүл мэнд, спортын яам, Биеийн тамир спортын хөгжлийн төв, Үндэсний шигшээ багийн албанаас гаргахаар болжээ.

Монголын хүндийн өргөлтийн тамирчид 1972 онд анх олимпын наадамд орж байсан ба түүнээс хойш нийт 5 удаа олимпод оролцсон байна.

Дашрамд сонирхуулахад, Монголын үндэсний шигшээ багаас ирэх жилийн олимпод оролцох эрхийг 10-13 тамирчид авна хэмээн төлөвлөж байсан. Тэгвэл өнөөдөр манай 12 тамирчин тус наадамд оролцох эрхээ аваад байгаа юм. Тухайлбал, чөлөөт бөхийн төрөлд 6, буудлагын спортын төрөлд 4, хөнгөн атлетикийн төрөлд 1, байт харвааны төрөлд 1 тамирчин Рео-гийн олимпод өрсөлдөх эрхээ аваад байгаа юм.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ