27 долларын хоолоор дайлаад 10 мянган доллар, машины эзэн болжээ

Сайхан сэтгэлээр тусласны хариу хэзээд эзэндээ эргэж ирдэг ажээ. Сара Хойдал хэмээх 22 настай залуу бүсгүй мөнгө муутай хоёр цэргийг хоолоор дайлж баярлуулсныхаа хариуд 10 мянган доллар, автомашины эзэн болжээ.

Сара Нью-Хэмпшир дэх Руби хэмээн зоогийн газарт зөөгчөөр ажилладаг аж. Өнгөрсөн сард АНУ-ын төрийн албан хаагчид төсөвгүйн улмаас цалингаа авч чадахгүй, сул зогсолт хийсэн тэр үед хоёр цэрэг эр тэднийд үдийн хоолоо идэхээр орж иржээ. Мэдээж нэг сарын цалингүй болсон цэргүүд үнэ хямд, багахан хоол захиалж. Үүнийг харсан зөөгч бүсгүй тэднийг хоолоор дайлж, тооцоог нь өдрийнхөө цалингаас өгчээ. Сара хүүхдээ ганцаараа өсгөдөг, амьдрал нь тийм ч сайнгүй нэгэн боловч улс эх орноо хамгаалдаг цэрэг эрс өлсч явахыг харж төвдсөнгүй, ийм зурвас тэдэнд үлдээжээ.

“Эх орноо хамгаалдаг та нар шиг залуус цалингүй ажиллаж байгаа нь харамсалтай. Гэхдээ та нарт би байна. Өдрийн хоолыг чинь би даая. Бүсгүйчүүдийнхээ төлөө зүтгэж байгаа та нартаа баярлалаа” хэмээн Сара бичжээ. Түүний энэ сайхан сэтгэлийг зоогийн газрын зүгээс магтан сайшааж, Твиттертээ бичсэн ч цалингаас нь хоолны үнэ болох 27 ам.долларыг суутгажээ. Гэвч энэ мөнгө хэдхэн хоногийн дараа Сарад хэд дахин үржиж орж ирсэн юм. Түүний тухай олж мэдсэн телевизийн хөтлөгч Эллен Деженере Сараг нэвтрүүлэгтээ урьж оролцуулаад бүсгүйн амьдрал тийм ч сайнгүйг мэджээ.

Ингээд тэрээр Сараг шагнанаа гээд эхлээд 27 ам.долларыг нь буцаан өгч үзэгчдээ инээлгэсний дараа өөрийнхөө нэвтрүүлгийг үзэж байгаарай гээд хагарсан телевизээ солиход нь туслаж, цоо шинэ зурагт бэлэглэжээ. Үүгээр Эллений бэлэг дууссангүй. 10 мянган ам.долларын чек бичиж өгчээ. Нулимсаа барьж дийлээгүй Сара гэртээ 10 мянган доллартай харьсан ч түүний авах бэлэг бас л дуусаагүй байж. Түүнийг ажлаа хийж байх үед нь Эллений шоу багийнхан очиж, шинэхэн “Santa Fe” машины түлхүүр гардуулан өгсөн байна. Сара ээжийнхээ машиныг гуйж унадаг байсныг Эллен бас л олоод мэдчихэж л дээ. Ингээд жирийн нэг зөөгч бүсгүйн сайхан сэтгэлийн тус эргээд өөрт нь хэрэгтэй олон зүйлийг авчирч өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ