Ц.Батбаатар: Манай хилчдэд буу тулгаагүй

1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1948 оны гоминдааны эсрэг тулгаралтуудад оролцож, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө баатарлагаар тэмцэж, гарамгай гавьяа байгуулан, эгнээнээсээ Монгол Улсын таван баатар, олон арван эх оронч хилчин төрүүлсэн домогт Халхын голын отряд 2015 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн цэрэг дайчдаа хүлээж аваад удаагүй байна. Энэ жил Улаанбаатар хот, Сэлэнгэ аймаг, Хэнтий аймгаас нийтдээ 250 гаруй дайчныг татан авч алба хаалгаж байгаа аж. Тус отряд нь Монгол улсын зүүн хязгаар, наран мандах нутгийг хариуцан ажилладаг бөгөөд улсын хилийн 500 гаруй км газрыг хамгаалдаг байна.

Дорнод аймгийн Халхгол сум дахь Монгол Улсын хошой баатар, маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, “Цэргийн гавьяаны улаан тугийн хос одонт” Хилийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Ц.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хятадын талаас манай хилчдэд буу тулгасан хэрэг гарсан гэх юм. Үнэхээр тийм хэрэг гарсан юм уу?

-Хятадын талаас өвс хадсан зүйл гарсан. Тор байдаггүй учраас хилийнхээ шугамыг андуураад орж ирсэн байсан. Энгийн тариаланчид байсан. Гэхдээ зэвсэг хэрэглэсэн, хүч хэрэглэсэн зүйл ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт, энэ зөрчлийг хоёр тал маш нухацтай шалгасан. Хил хамгаалах ерөнхий газраас ирж шалгасан. Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай хэлэлцээр гэж байдаг. Хилийн асуудлыг яаж шалгах хэлэлцээрийн дагуу Хятадын талд хүлээлгэж өгөөд шийдсэн асуудал. Түүнээс биш манай хилийн гүн рүү орж ирээд хүч хэрэглэсэн зүйл ерөөсөө болоогүй.

-Ер нь хилийн зөрчил хэр гарч байна вэ?

-Хил орчмын дэглэмийн зөрчлүүд ихсэх хандлага байгаа. Дотооддоо олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа идэвхижиж байна. Тухайлбал, уул уурхай, зам, барилга гээд нутгийн компаниудын үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбогдуулаад хил орчмын дэглэмийн зөрчил гарах хандлага байдаг. Гаднаас гарч байгаа ноцтой гэмээр зөрчил одоогоор байхгүй байна. Дархан хил тайван байна гэв.

Ж.МАРАЛ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ