Бүх аваргууд зодоглосон Кюшү башё эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн холбооны арваннэгдүгээр сарын башё буюу Кюүшюү башё эхэллээ. Эхний өдрийн барилдаанд Гурван Монгол аварга, дөрвөн озеки дөрвүүлээ барилдаж энэ сарын өрсөлдөөн маш ширүүн болох төлөв ажиглагдаж байна.

Өнгөрсөн сарын барилдаанд гэмтлийн улмаас барилдаагүй 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өчигдөр комосүби Точиношинтэй барилдаж уватенаги мэхээр ялсан байна. Аварга болсоноосоо хойш анх удаа башё өнжсөн Хакүхо аварга өрсөлдөгчөө хүчийг нь тогтоож байгаад зайлж мушгин эхний даваагаа авсан юм. Харин хоёр башё өнжсөн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж секивакэ Миёгорюүтэй барилдаж хурдаар илүүрхэн давлаа. Харүмафүжи хэдийгээр хоёр башё барилдаагүй ч хурд хүч хэвээрээ өнгөтэй байгаагаа өчигдөр харуулав.

Харин анх удаа башсгийн тэргүүн бөх болсон 71 дахь ёкозүна Какүрюү М.Ананд комосүби Ёшиказетэй барилдаж унасан юм.Какүрюү аварга барилдаан таардаггүй өрсөлдөгчдөө гурван башё дараалан унаад байна.

Энэ өдрийн бас нэгэн гол барилдааныг Тэрүнофүжи-Ичиножёо нар хийсэн бөгөөд залуу арслан хүчтэй өрсөлдөгчөө барьцыг нь тавиулж эхний ялалтаа байгуулжээ.

Өнөөдөр их аварга Хакүхо нутгийн бөх Ичиножёо А.Ичинноровтой, Харүмафүжи Маэгашира 1 Оосүнарашитэй, Какүрюү Маэгашира 2 Аояамитай тус тус барилдана. Тэрүнофүжи өнөөдөр Точиозантай хүч үзнэ.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 1-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 1-0

Ёкозүна Какүрюү М.Ананд 0-1
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-0
Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 0-1
Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-0
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 0-1
Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 0-1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ