Шүүгчдийн цалингийн саналыг дэмжлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.11.03/ хуралдаан 10 цаг 04 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 10 сарын 01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн “Шүүгчийн цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Байнгын хорооны өнгөрсөн сарын 27-ны өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад шүүгчдийн цалингийн хэмжээг итгэлцүүрээр бус хатуу тоогоор тогтоох нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх нь дэмжжээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, З.Энхболд нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, З.Энхболд нар саналаа хэлсэн юм. Тухайлахад Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан шүүгчдийн цалингийн хэмжээг тогтоох асуудлаар олон жил маргаж ирсэн ч эцсийн шийдлийг гаргаж чадаагүй байсныг энэ удаа нэг мөр шийдэх гэж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж байнгын хорооноос санаачилсан тогтоолын төслийн ерөнхий зарчмыг дэмжиж байна, харин шүүгчдийн цалингийн хэмжээг дэмжих боломжгүй. Учир нь шүүгчдийн цалингийн хэмжээг прокурорынхоос 2-3 дахин их байхаар асар их зөрүүтэй тогтоох нь. Би хувьдаа шүүгчдийн цалин нь прокурорынхоос 20-30 хувь илүү байх нь зөв гэсэн саналтай байгаа. Мөн шүүгчдийн цалингийн хэмжээг итгэлцүүрээр, бусдыг нь хатуу тоогоор тогтоож болохгүй, адил жишигтэй байх нь зөв гэлээ.
Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин шүүгчдийн цалинг хэн тогтоох тухай маргаан сүүлийн гурван жил яригдсан. Төсвийн хөрөнгийг хэрхэн хуваарилж хууль тогтоох нь Улсын Их Хурлын эрх мэдлийн асуудал, гэтэл эрх мэдлийн аль нэг байгууллага өөрсдөө цалингаа тогтоох ёсгүй. Хуулиар эрх мэдэл олгоогүй заалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл барьж байгаа нь буруу. Нөгөө талаар шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнуудын цалингийн хэмжээг цагдаатай жиших, прокурортой барьцуулах байдлаар ярьж болохгүй. Шүүгчдийн цалингийн хэмжээг хатуу тогтоож өгөх нь зөв гэсэн байр сууриа илэрхийлэв.
Мөн Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд Улсын Их Хурлаас 2011 оны 11 дүгээр сарын 25-нд баталсан 54 дүгээр тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Харин Төрийн албаны тухай хуулиар шүүх, цэцийнхэн цалингаа өөрсдөө мэдэхээр ойлголт байгааг эхлээд засах ёстой. Цалингийн системийг ялгаатай болгосон нь хуулийн байгууллагуудын боловсон хүчний хөдөлгөөнд нөлөөлж байна. Одоо ирэх оны төсөв батлахад тулсан учраас шүүгчдийн цалинг Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолын дагуу батлаад түүнд өөрчлөлт оруулах асуудлыг байнгын хороогоор дараа нь ярилцаж болох юм гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.
Ингээд байнгын хорооны дарга Д.Ганбат Төрийн албаны тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийг үндэслэн уг тогтоолын төслийг хуульд нийцүүлэх үүднээс “Бүх шатны шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
#000000; font-family: arial,sans-serif; font-size: 11pt;">Уг тогтоолын төсөлд бүх шатны шүүхийн шүүгчдийн албан тушаалын цалингийн хэмжээг 2 сая 700 мянгаас 3 сая 300 мянган төгрөг байхаар хавсралтаар шинэчлэн тогтоох, энэ тогтоол батлагдсантай холбогдуулан “Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолын 1, 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.
Байнгын хорооны хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, тус зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ