Жуулчдын дөрвөн хувь нь Монголд муу дүн тавьжээ

Эдийн засгаа олон тулгууртай болгох талаар ярьж ирсэн. Гэвч уул уурхайгаас хэт хараат хэвээр байгаа. Өнөөгийн хямралт байдал уул уурхайг хэт шүтсэнээс болсон гэдгийг хүн бүр л ярьж байна. Тэгвэл эдийн засгийн олон тулгуурын нэг нь аялал жуулчлалын салбар хэмээн тодорхойлж буй.

Гэхдээ аялал жуулчлал хөгжүүлэх талаар дорвитой ажил хийж, жуулчдын тоог бодитоор нэмж чадаагүй. Үндсэндээ хий ярихаас хэтрэхгүй байгаа билээ. жилд нэг сая жуулчин хүлээж авна гэж байгаа ч 400 мянга дээр гацчихдаг. Тэгэхдээ барилга барихаар орж ирж буй жуулчны визтэй хятадууд энэ тоонд нь багтаж буй юм. Уг нь жуулчдын тоо өсөх тусам манай улсад орж ирэх гадаад валют, үйлчилгээний салбарын орлого нэмэгдэх учиртай. Монголд ирсэн жуулчдаас наадмыг эс тооцвол хүний сонирхол татах бүтээгдэхүүн ховор, өргөн уудам нутагтай зам маруухан гэсэн шүүмжлэл байнга гарч ирсэн. Тухайлбал, Өвөрхангайн Хархорин суманд Эрдэнэ зуу хийдийг үзхээр очсон жуулчин “Үүнийг л үзүүлэх гэж намайг ийм хол газар сэгсчүүлэн байж авч ирсэн юм уу” хэмээн гомдоллон нулимс дуслуулсан гэдэг яриа бий. Бид ирсэн жуулчиддаа ихэвчлэн Хөвсгөл далай, Өмнөговийн Гурван тэс, Ёлын ам, Алтай Таван богдын байгалийн үзэсгэлэнг сонирхуулахаас хэтэрдэггүй. Хатуухан хэлбэл аяллын хөтөлбөр хүчээр тулгадаг. Тэр нь таалагдах нэгэн байхад үл ойшоох нь ч бий. Тэгэхээр хүний сонирхол татсан, дахин ирэх, найз нөхдөө уриалах сэтгэгдэл төрүүлсэн аялал жуулчлалын шинэ шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөр яах аргаггүй үгүйлэгдэж буйг тус салбарынхан хэлдэг билээ.Энэ нь манайд аялах жуулчдын тоо төдийлөн өсөхгүй байгаа нэг гол шалтгаан юм.

Тэгвэл өнгөрсөн зун наадмаар аялсан жуулчид дээрх судалгаанд оролцохдоо ямар сэтгэгдэлтэй буцсаныгсонирхоё. Монголбанк, Аялал жуулчлалын үндэсний төв хамтарч Монголд ирсэн нэг жуулчин хэдэн ам.доллар зарцуулаад тухай буцдаг судалгаа хийжээ. Энэ судалгаагаар төлбөрийн тэнцэлд аялал жуулчлалын салбарын орлогыг хэрхэн тооцох, нэг жуулчин хэдий хэмжээний мөнгө зарцуулж буйг тодорхойлохыг зорьсон байна.Мөн Монгол Улсад аялсан шалтгаан,сэтгэл ханамжийн байдал, ямар санал зөвлөмж өгөхийг ч тэднээс асуув.

Уг судалгаандгадаадын 1233 жуулчныг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Тэгэхдээ жуулчид хамгийн олноор ирдэг долдугаар сард Чингис хаан олон улсын нисэх буудал, Улаанбаатар төмөр замаар үйлчлүүлээд буцаж буй жуулчдыг сонгож санал асуулга авсан аж. Тэдний дийлэнх буюу 76 хувь нь Монголын уламжлалт зан заншил, соёл, үзэсгэлэнт байгаль, зэрлэг ан амьтан сонирхохоор иржээ. Тэгээдбайгалийн үзэсгэлэн, Монголын түүхийг магтахаас гадна өөрт тулгарсан бэрхшээлээ тоочсон аж. Тухайлбал, манай улсын аялал жуулчлалын үйлчилгээг 13 хувь нь маш сайн, 46 хувь нь сайн, 20 хувь нь хангалттай, 17 хувьнь дунд, дөрвөн хувь нь муу гэсэн дүн тавьсан байна. Монгол Улсад дахин ирнэ гэж 76 хувь нь хариулжээ.Харин “Таны аялалд ямар зүйлсийг сайжруулбал илүү сайхан, зугаатай болох байсан бэ?” гэсэн асуултад 40 хувь нь буюу 490 жуулчин саналаа өгч. Тэд гудамжны тэмдэг, тэмдэглэгээг англи хэл дээр бичих, таксины жолооч, үйлчилгээний ажилтнууд гадаад хэлээ илүү сайжруулах хэрэгтэй гэжээ. Мөн Улаанбаатар хотын автобус, орон нутгийн галт тэрэг, нислэгийн хуваарь, чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх төв хэрэгтэй гэсэн байна. Бас жуулчны баазуудын 00 болон угаалгын өрөөг сайжруулах, хогийн сав олноор байрлуулах шаардлагатай гэж хариулав. Эдгээрээс гадна англи хэл дээр тайлбартай музей, түүхэн дурсгалт сүм хийдүүдийг засварлах, Тэрэлжийн дархан цаазат газарт явган аялагчдад зориулсан зам засахыг зөвлөжээ.

Монгол Улсын хилээр нэвтэрсэн гадаадын жуулчдыг улс орон, бүс нутгаар нь ангилан үзэхэд БНСУ-ын жуулчид 22, БНХАУ 17, ОХУ 17, АНУ болон Канадын жуулчидзургаан хувийг тус тус эзэлж байна. Судалгаанд оролцсон нийт жуулчдын 60 хувь нь эрэгтэй, 40 хувь нь эмэгтэй. Эдгээр жуулчны 51 хувь нь хувиараа, үлдсэн нь тур оператороор үйлчлүүлж аяллаа зохион байгуулжээ. Нэг жуулчны Монголд зарцуулж буй мөнгийг тооцоход нэлээд хүндрэлтэй.

Тухайлбал,манай болон бусад орны инфляцын түвшин ханшийн өөрчлөлтөөс шалтгаалж нэг жуулчны зарцуулж буй дундаж зардал жил бүр аль улсаас ирж буйгаас шалтгаалж өөр өөр гардаг аж. Тухайлбал, БНСУ-ын нэг жуулчин 2011 онд 14 хоногт 794 ам.доллар зарцуулж байв. Тэгвэл энэ онд 1556 ам.доллар болжээ. Судалгаанаас үзвэл дөрвөн жилийн өмнө дээрх хугацаанд Монголд ирсэн нэг жуулчин 1350 ам.доллар дунджаарзарцуулж байж. Харин энэ жил хувиараа аялж буй нэг жуулчин хоёр долоо хоногт 1774 ам.доллар зарцуулав.Ингээд хувиараа аяллаа зохион байгуулагчдынзардлын тооцоог сонирхоё.Тэдний нийт зардлын 30 хувь нь зочид буудал, хөлсний орон сууцанд,ресторан хоолны газарт 24 хувь ногдож байгаа юм. Тур оператораар үйлчлүүлжбуй аялагчид 2383 ам.доллар зарцуулжээ. Эдгээр аялагч нийт зардлынхаа 72 хувийг жуулчны компанид төлсөн судалгаа гарав. СудлаачидМонголд ирсэн жуулчдын зардлын тооцоог гурван жил тутамд шинэчлэн тогтоох ёстой хэмээн үзэж буй юм. Жуулчид манай улсад аялах хугацаандаа төлбөр тооцооныхоо 74 хувийг бэлнээр, үлдсэнийг нь карт ашиглан төлдөг аж. Тэгэхээр бидний сонирхож хөгжүүлэх гээд байгаа аялал жуулчлалын гол зорилго нь мөнгө олох. Жуулчдын авч ирэх гадаад валют.Иймд тэдэнд чанартай үйлчилгээ, сэтгэлийг нь хөдөлгөж байж аль болох илүү их валютыг нь авч үлдэж чадна. Үүний тулд хүний сонирхолыг татах аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, хөтөлбөр яах аргагүй хэрэг болж буй юм. Бид энийг сайн ойлгож ярьж хэлдэг ч хийж чадахгүй өдий хүрч байгаад л хамаг учир байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ