Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг хэрэгжүүлнэ
Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний цогцолбор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэд байгуулахаар боллоо. Төслийн нэгжийн удирдах хороог зохих журмын дагуу байгуулан мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөмжөөр ханган, хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний сайд Д.Зоригт, төслийн нэгжийн үйл ажиллагааны зардлыг орон тоо, төсөвтөө багтаан санхүүжүүлж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан нарт үүрэг болголоо.
Эрчим хүчний экспортын Шивээ Энержи цогцолбор төслийг эхлүүлэхээр Эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг БНХАУ-ын талтай шаардлагатай уулзалтуудыг зохион байгуулж, Монгол Улсын хууль, эрх зүйн орчин, Шивээ-Овоо ордын олборлолтын үйл ажиллагаа болон усны нөөцийн асуудлаар газар дээр нь очиж танилцуулжээ.
БНХАУ-ын талаас төслийн усан хангамж, нүүрсний уурхай, цахилгаан станцын урьдчилсан инженерийн төлөвлөгөө болон бусад судалгааг үндэслэн жилд 34 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхай, 9240 МВт-ын дэвшилтэт технологи бүхий агаарын хөргөлттэй цахилгаан станц, 8 сая киловатт хэмжээний цахилгаан дамжуулах 800 кВ-ын тогтмол гүйдэлтэй цахилгаан дамжуулах шугам бүхий цогцолбор барих нь хамгийн тохиромжтой гэсэн саналаа илэрхийлсэн байна.
Төсөл хэрэгжсэнээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бий болж, 150 тэрбум тонн орчим нүүрсний нөөцийнхөө зарим хэсгийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэгч, экспортлогч орон болно. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи ашиглан томоохон хөрөнгө оруулалт татаж эдийн засагт эергээр нөлөөлөх, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр, ур чадвартай боловсон хүчин бий болгох давуу талтай юм.
- See more at: http://zasag.mn/news/view/11273 #sthash.J4syRXEe.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ