Өмгөөлөгч Ц.Баасандоржид дахин гомдол гаргажээ
Өмгөөлөгч Ц.Баасандорж сүүлийн үед ихэд барцадтай байх болжээ. Ийн хэлэхийн учир нь тэрбээр олны анхаарлын төвд ороод байсан хэд, хэдэн томоохон хэрэгт өмгөөлөл үзүүлж, шүүхийн танхимд ёс бус аашилсан гэх хэргээр өдгөө хуулийн байгууллагад шалгагдахаар болсонд байгаа юм.
Тодруулбал, түүнийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэрийн нэр төрд халдсан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс шалгах болсон. Түүнчлэн шүүхийн ерөнхий зөвлөлөөс Ц.Баасандоржийг шүүгчийн нэр төрд халдсан, хууль зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гарган шалгуулж байгаа юм.
Тэгвэл Үндэсний аудитын газраас мөн л түүнтэй холбоотой гомдол гаргасны дагуу, Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророос шалгахаар болсон гэх мэдээлэл байгаа юм.
Тодруулбал, Үндэсний аудитын газар өмгөөлөгч Ц.Баасандорж, Л.Гансүхийн хэргийн талаар аудит Ш.Ичинхорлоотой ярилцсан. Тэрхүү яриагаа гар утсан дээрээ хураасан нь гэмт хэрэг хэмээн үзэж гомдол гаргасан аж. Уг нь Ц.Баасандорж Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрт Ш.Ичинхорлоо аудитын шалгалт хийхдээ “Худлаа дүгнэлт гаргасан" гэж үзэн цагдаад гомдол гаргаж байсан юм. Тиймээс яриагаа хурааж авсан гэнэ.
Ямартай ч Ц.Баасандорж Л.Гансүхийн хэргээс хойш хууль хяналтын байгууллагад ээлж дараалан шалгагдах боллоо. Өөрөөр хэлбэл, зарим өмгөөлөгч шүүх хурлын үеэр үйлчлүүлэгчээсээ
авсан мөнгөнийхөө төлөө хэнийг ч гүтгэж чаддаг болчихоод байгаа. Энэ тухай цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын ажилтнууд харамсан ярьж байсныг олонтаа сонссон.
Түүнчлэн тэд хуурамч бичиг баримт бүрдүүлж, үйлчлүүлэгчээ хамгаалах нотлох баримт хангалттай цуглуулж чадалгүй шүүх
хурлын танхимд орж ирчихээд улайн цайм мөрдөн байцаагч, прокурорыг гүтгэж дээд шатных нь байгууллагад хандан шалгуулж байсан удаа ч бий. Яг үнэндээ өмгөөлөгч нарын ёс зүйгүй үйлдлээс болж олон мөрдөн байцаагч, прокурорууд тэдэнд гүтгүүлж байсан баримт ч байдаг. Өмгөөлөгчдийн хамгийн шилдэг арга бол хэвлэл мэдээллээр үйлчлүүлэгчийнхээ талаар мэдээлэл хийж тэднийг хууль бусаар баривчилчихлаа, хилээр орж, гарах эрхийг нь хаалаа, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байна гэх үгсийг олон нийтэд тараах болсон.
Хамгийн ичмээр зүйл нь шүүх хурлын үеэр хурлыг даргалагч шүүгчийн амьдралыг олон нийтэд дэлгэж тухайн шүүгчийн нэр хүндэд халдаад зогсохгүй тэдний ар гэрийн амьдралд нь ч хар толбо суулгаж байгаагаа тэд ойлгох хэрэгтэй. Нэлээд чадварлагт тооцогддог нэгэн өмгөөлөгч ийнхүү өгүүлж байсан юм. Тэрбээр “Үнэхээр мэргэжилдээ гаршсан өмгөөлөгч хүн бол тухайн үйлчлүүлэгчийнхээ ямар хэрэгт орооцолдсон талаарх мэдээллийг маш сайн судлаж, хэргийн материалтай нь танилсаныхаа дараа шүүх дээр мэтгэлцээн явуулдаг. Гэхдээ шүүх хурлын танхимд мэтгэлцээн явуулахдаа зөвхөн хуулийн үг хэллэг хэрэглэж үйлчүүлэгчээ хамгаалах ёстой. Харамсалтай нь сүүлийн үед бий болсон өндөр албан тушаалтнуудын шүүх хуралд оролцож байгаа залууөмгөөлөгч нар ямар хэрэг дээр орж, юуг нь өмгөөлөх гээд байгаагаа ойлгохгүй байгаа юм шиг санагддаг болсон.
Тухайлбал, бидний үед шүүх хурлыг даргалж байгаа шүүгчийн өмнө асуусан асуултад нь хариу өгдөг байсан болохоос биш. Шүүгчийнхээ өөдөөс хэг ёг хийж тухайн хүний ар гэрийн амьдрал, ахуй рүү өнгийдөггүй байсан. Гэтэл өдгөө залуу өмгөөлөгчид эрх мэдэлтнүүдийн нөмөр нөөлөгт өөрсдийгөө орж хамгаалтад орлоо гэж андуурдаг болчихож. Хэдийгээр тухайн өмгөөлөгч үйлчүүлэгчээсээ хөлсөө авсан ч гэлээ бусдыг гүтгэж өргөсөн тангарагаасаа няцаж болохгүй гэж цагаан дээр хараар биччихсэн байгаа шүү дээ. Магадгүй үүнийг уншсан зарим залуу өмгөөлөгчид мань мэтийгээ үеэ өнгөрөөсөн өвгөчүүл гэж хэлж магадгүй. Гэхдээ тангараг өргөсөн л бол түүндээ үнэнч явах ёстой. Эцэст нь хэлэхэд сайн өмгөөлөгч цагийн явцад шалгараад гараад ирдэг гэдгийг мартах ёсгүй шүү гэж л хэлье дээ” гэсэн юм.
Ямартай ч нэрээ нууцлахыг хүссэн дээрх өмгөөлөгч ааг омог нь сэтгэлдээ багтаж шингэхээ больсон өмгөөлөгч нэртэй зарим хүн Монголын нийт өмгөөлөгчдийн нэр хүндийг шавартай хутгаж байгаад харамсаж байна гэж байсан. Юутай ч өмгөөлөгч нэртэй “Өмөөрөх” донтой зарим зөрүүд хүнд хуулийн зөв гаргалгаа хэллэгийг ойлгуулах цаг нь иржээ.
Өглөөний сонин
Р.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ