Э.Бат-Үүл & Д.Амарбаясгалан

Уржигдархан НИТХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалантай ярилцаж байхдаа зуны гурван cap Улаанбаатарыг чимэглэж байдаг нэг наст цэцэгсийг 95 тэрбумаар суулгасан гэхээр нь үнэндээ гайхаж байж билээ. Ямар үнэтэй нэг наст ургамал вэ гэж. Гэтэл үнэн хэрэгтээ Улаанбаатарыг чимэглэн найгадаг тэдгээр цэцэгс Д.Амарбаясгалан даргын батлаад байсан шиг 95 тэрбум байтугай нэг тэрбумд хүрэхгүй болж таардаг юм байна. “Тэртэй тэргүй Э.Бат- Үүл даргыг барахгүй байж ингэж улстөрийн шоу хийх хэрэг байна уу” гэж асуухад Д.Амарбаясгалан дарга “Энэ бол улстөрийн шоу биш. Э.Бат-Үүлд хариуцлага тооцох цаг болсон” гэж байсан.


Тэгвэл энэ бүхний хариултыг НИТХ-ын дарга Д.Баттулга өгчихдөг юм байна. Тэрбээр шулуухан хотын дарга Э.Бат- Үүлийг огцруулах асуудлыг хэлэлцэх боломжгүй гэв. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.6-д "хурлын төлөөлөгчдийн 1/3-ээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж, хурлын даргад өргөн мэдүүлсэн 15 хоногийн дотор уг асуудлыг хуралдаанаар хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг

Харин МАН-ын бүлгээс ирүүлсэн албан бичигт тус бүлгийн нийт 14 төлөөлөгчийн 12 нь гарын үсгээ зурсан. МАН- ын бүлгийн төлөөлөгчдийн гарын үсэг хуулийн шаардлагыг хангахгүй байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэв. Ингэснээр Э.Бат-Үүл, Д.Амарбаясгалан нарын дуэль энэ удаа нам дарагдах нь тодорхой болов.

Гэхдээ энэ нь хотын дарга өндөг шиг өөгүй цэцвэрхэн хүн гэсэн үг биш билээ. МАН-ынхан 20 жил засаглахдаа хийж чадаагүйг гуравхан жилийн дотор бүтээн байгуулсан сайн менежер, сайн удирдагчийн хичээл зүтгэл түүнд бий. Олон бүтээлч ажил өрнүүлсэн. Гэхдээ маш олон амлалт нь одоо ч зөвхөн цаасан дээр л байгаа гэдгийг сануулах ёстой. Баянхошуунд байгуулагдчихсан байх учиртай хотын захиргааны шинэ байр, Баянхошуу, Таван буудалд баригдчихсан байх учиртай дулааны цахилгаан станц, хотын захын гэр хорооллуудад баригдах ёстой бохир усны гол шугам, 2020 онд ашиглалтад орох учиртай метро зэргийг сануулж, асуухад буруудах зүйлгүй.

Нөгөө талаар Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийж байгаа хүүгийнх нь талаарх Д.Амарбаясгалан даргын ноцтой үгэнд эргүүлээд үнэн, эсвэл худлаа гээд ноцтой хариулчих хэрэгтэй. Тэгж гэмээнэ баатар даргадаа улаанбаатарчууд итгэх, эргэлзэх эсэхээ шийднэ шүү дээ. Нөгөө талаар яах аргагүй их мөнгөн дээр сууж байгаа нь үнэний хувьд “Их мөнгө хүнийг эвддэг" гэдгийг битгий л мартаасай.

Ямартай ч энэ удаадаа баатар дарга ялаад л гараад ирлээ. Харин энэ ялалтаа баталгаажуулахын тулд улам эрчтэй, улам л тооцоотой ажиллах үлдэж байх шиг. Бас нэг зүйл сануулахгүй горьгүй. Хамгийн сүүлд хийсэн хотын нийтийн тээврийн шинэ зохицуулалт зарим чиглэлд иргэдийг үнэхээр их хохироож, чирэгдүүлж байгааг дуулгахгүй бол нүгэл болно. Жишээлбэл Улиастай,Хужирбулан, Толгойт, Баянхошуу гээд л.

Өглөөний сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ