УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хууль зөрчсөн үү

Өнгөрсөн пүрэв гаригт УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулийн зарим зүйл, хэсэгт энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр хэсэгчилсэн хориг тавьсан. Түүнийг УИХ есдүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд, хоригийг хүлээн авсан билээ. Үүнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо дээрх хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан хэлэлцэж, энэ сарын 2-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх үед УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан юм.

Тус өдрийн чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт намын бүлгээс авсан завсарлага дууссаныг мэдэгдэв. Ингээд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Ганбат танилцууллаа.

Хууль зүйн байнгын хороо дээрх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан, байнгын хорооны энэ оны 10 дугаар сарын 1, мөн сарын 13-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэжээ. Тухайлбал, хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйл/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг/, Танхайрах /181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг/”-ийг тус тус, хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтад Хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/-ийг нэмэх саналууд байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэг авсан тул эдгээр саналыг нэгтгэн дээр дурдсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтжээ.

Байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхэд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах, бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууль бусаар хөрөнгөжих, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахтай холбоотой заалтыг төсөлд нэмэх асуудлаар байнгын хорооны зарим гишүүд цөөнх болжээ.

tsolmonЭнэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цолмон хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан горимын санал гаргав. Тэрээр Өршөөл үзүүлэх тухай хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцсэн, урьд нь ч тийм уламжлал байсан. Харин Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг нээлттэй хэлэлцсэн нь өөр асуудал. Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хэлэлцсэн дэгээ баримтлаад уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэв.

Түүний гаргасан горимын саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг байнгын хороон дээр нээлттэй хэлэлцсэн, Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг ч чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцсэн. Тиймээс энэ нь нэгэнт олон нийтэд ил болсон асуудал учраас хаалттай хэлэлцэх шаардлагагүй. Иймээс горимын саналаа татаж авах нь зүйтэй гэв. МАН-ын бүлгийн дарга болон гишүүд нээлттэй хэлэлцүүлэх ёстой гэсэн байр суурьтай байв.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс өгсөн чиглэлийн дагуу Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр тус эвслийн бүлэг ажлын тав хоногийн хугацаатай завсарлага авах хүсэлтээ мэдэгдсэн юм. Ингээд хуралдаан даргалагч ёсоор болгосноор хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшлогдсон билээ.

Энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа юм. Учир нь Өршөөлийн хуулийн өмнө нь “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авч байсан. Нэг хуулиар хоёр удаа завсарлага авах нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж буй юм.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодруулахад “Хууль батлаад долоо хоногийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж болно гэсэн хуулийн заалт байдаг. Долоо хоногийн дотор хориг тавьсан учраас үндсэндээ хүчин төгөлддөр бус, бүрэн баталгаажсан хууль биш гэж үзэж болно. Тэр үндсэн дээрээс хориг тавьсантай холбогдуулан, УИХ хүлээж аваад асуудлыг хэлэлцээд, нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхээр хууль бүрэн гүйцэд төрж амжаагүй байна гэсэн үг. Тиймээс энд нэг л нэгдсэн хуулийн процесс үргэлжилж байгаа. Хэрэгжээгүй хуулийг бид ярилцаж байна. Тиймээс дахин, дахин завсарлага өгч байгааг хууль зөрчиж байна гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, УИХ-ын Дэгийн тухай хуульд заачихсан байдаг. Шаардлагатай тохиолдолд нам эвслийн бүлэг, завсарлага авна. Завсарлагыг бүлгийн дарга, эсвэл дэд дарга авна гэж заасан байдаг. Харамсалтай нь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга, дарга нар байгаагүй, гишүүн нь завсарлага авсан” гэсэн юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар нэг хууль дээр нэг л удаа завсарлага өгөх дэгтэй байгаа. “Шударга ёс” эвсэл Өршөөлийн тухай хуулиар өмнө нь завсарлага авч байсан. Өчигдрийн хувьд Өршөөлийн хуульд тавигдсан хоригийн тухай учраас бас өөр хууль гэж үзээд, хурал даргалагч завсарлага өглөө гэж ойлгож байгаа юм. Тэгэхээр дэгээр бол хоёр өөр хуулиар завсарлага авах боломжтой” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ