Н.Энхбаяр О.Баасанхүүгийн хаалгыг өшиглөж ороод Канадын элчин агсныг “Яв, чи” гэж хөөжээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга нар гар зөрүүлж, Б.Тулгын зүгээс О.Баасанхүүг Байнгын хорооны хуралдааны танхимын үүдэнд боож унагасан гэх мэдээлэл өнгөрөгч сард цацагдаад байсан билээ. Дээрх хоёр эрхмийн зүгээс ямар ч боож унагаасан зүйл болоогүй, үл ойлголцох төдий л асуудал үүссэн гэдгийг хэвлэлээр мэдэгдсэн. Гэвч уг үйл явдлаас хойш О.Баасанхүү төрөөс хамгаалалт хүсэж бие хамгаалагчтай болсон гэдгээ өөрөө мэдэгдсэн юм.
Тэгвэл Б.Тулга болон О.Баасанхүү нарын тухайд тэр өдөр яг юу болсон талаар судлаач Д.Ганаа “Баасанхүүгийн балаг” нийтлэлдээ тодорхой өгүүлжээ. Тэрбээр энэ тухайгаа “Яг тэр орой нь О.Баасанхүүтэй уулзсан нэгэн эрхэмээс “халуун сэргэг” дээр нь үүнийг сонссон тул энэ үнэн байх. Үг олон ам дамжихаараа нэмэгддэг гэдэг ч тэр дороо нэг л удаа дамжсан тул үйл явдал анхны хувилбараараа байгаа нь энэ”хэмээн сийрүүлжээ.
Дашрамд дуулгахад Д.Ганаа нь УИХ-ын гишүүн Г.Уянгын улс төрийн бодлогын зөвлөхөөр ажилладаг нэгэн юм.
“Баасанхүүгийн балаг” нийтлэлийн хэсгээс...
Сүүлийн хэд хоногт мань эр л их балагтай байна. Ерөнхийлөгчийн хоригийг засварласан байдлаар зүтгүүлэх байнгын хорооны хуралдаан зарласан өдөр ийм юм болжээ.
Канадын элчин сайд байсан нөхөр УИХ-ын даргатай уулзах хүсэлт тавьжээ. Гэвч З.Энхболдод үнэхээр зав байсангүй. Хөрөнгө оруулагч орны элчин байсан хүнийг бас ч гэж хүсэлтийг нь хүлээн авах ёстой тул Байнгын хороон даргын хувьд О.Баасанхүүд хүлээн авч уулзахыг үүрэгджээ. Нөгөө талаас нь үзвэл Канадууд Монголд нэр хүндээ чамгүй алдсаны л шинж шүү дээ.
Цаг нь ч яагаад тэгж таарсан юм, хууль зүйн байнгын хорооны хурал, Баасанхүүгийн уулзалт хоёр давхцаж орхиж. Уулзалт дөнгөж эхэлж байхад О.Баасанхүүгийн утас дуугарч, автал Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулга утсаар ярьж байнгын хорооны хуралдаа очихыг шаарджээ. О.Баасанхүү “… Гадны хүнтэй байна, дуусгаад очъё” гэсэн ч утас нь тасралтгүй дуугарсаар. Автал “Чи төлбөрөө хий л дээ, хуралдаа очихгүй юугаа хийгээд байгаа юм” гэсэн шүү юм ярьжээ. Ахиад л өмнөхөө давтан хэлээд утсаа таслаж.
Гэтэл уулзалтанд нь Б.Тулга дайраад ороод иржээ. УИХ-ын байнгын хороон даргын өрөөнд шүү дээ. Үнэхээр гадны хүнтэй байсанд Б.Тулга гараад явчихаж. Гэтэл ахиад О.Баасанхүүгийн утас дуугарчээ. Харвал Н.Энхбаяр ярьж байжээ. Нэгэнт Б.Тулга ирээд гадны хүнтэй байгааг харсан тул ойлгох байх гэж бодсон О.Баасанхүү утсаа аваагүй байна. Уулзалт үргэлжилж байтал Н.Энхбаяр хаалгыг нь өшиглөөд ороод иржээ. Орж ирээд “Чи явж ажлаа хий, ямар юмаа хийгээд суугаад байгаам” гэхчилэн загнаад зогсохгүй Канадын элчин агсныг “Яв, чи” гэж хөөжээ.
Туйлын эвгүй байдалд орсон О.Баасанхүү “Уулзалтаа өндөрлөөд очъё” гэж байж нэг юм салж авчээ. Уулзалт ямар болсон нь тодорхой. О.Баасанхүү гишүүн өрөөнөөсөө яаран гараад байнгын хорооны хуралд ортол ирц бүрдээгүй шалтгаанаар хурал тарчихсан байжээ.
Хэдийгээр Б.Хуяг ахаараа дамжин гэмт хэргийн олсонд даргатайгаа дүүжлэгдчихсэн ч гэсэн залуу хүн байж Б.Тулга тун муухай зан гаргасан байх нь. Гол нь Н.Энхбаярт уулзалтын талаар ойлгуулах ёстой атал “хаалга өшиглөтөл” нь уурлуулна гэдэг гуравдагч этгээдийн хувьд тун ч увайгүй үйлдэл л дээ. Н.Энхбаяр ч гэсэн биеэ барих чадвараа бүрэн алдсан байна.
Ингээд зогссонгүй О.Баасанхүүг хуралдааны танхимаас буцаж явахад нь барьж авч “Төлбөрөө хийсэнгүй…” гэх мэтээр дайраад зогсохгүй хуулийн хэллэгээр “УИХ-ын гишүүний биед халджээ”.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ