“Хьюндай” групп 10 секундэд нэг машин үйлдвэрлэдэг
Дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч эхний дөрвөн үйлдвэрлэгчийн нэг болох БНСУ-ын “Хьюндай” группийн Улсан хотод байрлах үйлдвэртэй танилцлаа. “Excel”-ээс эхлээд бүх машиныг нь унаж хэрэглэж буй монголчуудын хувьд “Хьюндай” групп эртний танил. Харин үйлдвэрийнх нь үйл ажиллагаатай танилцаж, машинаа хэрхэн үйлдвэрлэдгийг нь нүдээр үзсэн хүн цөөхөн байх. Учир нь, тус группийн үйлдвэрт хүссэн хүн болгон нэвтрээд байдаггүй хаалттай бүс. БНСУ-ын Гадаад хэргийн яам, Монгол дахь Элчин сайдын яамнаас танилцах аяллыг зохион байгуулсан учраас бидний хэдэн сэтгүүлч албан ёсны эрхтэйгээр үйлдвэрийн босгыг давах нь тэр.
Гэхдээ ингэлээ гээд бидэнд бүх зүйл нээлттэй байсангүй. Үйлдвэрт зураг авах, бүр дуу хураагуураар тайлбарлагчийн яриаг бичих, тэмдэглэл хөтлөхийг хориглосон юм. Үйлдвэрийн бүх процесстой танилцуулахын зэрэгцээ шат дамжлагуудыг нь нэг бүрчлэн тайлбарладаг учраас дээрх үйлдлүүдийг хориглодог бололтой. Нөгөөтэйгүүр, үйлдвэртэйгээ танилцсан хүн бүхэнд тэр тусмаа сэтгүүлчдэд үйлдвэрлэлийн процессоо баримт болгон өгөхгүй байх нь бизнесийн зарчим биз ээ.
“Хьюндай” групп дэлхий даяар 19 үйлдвэр, 75 мянган ажилчинтай бөгөөд бүгд нэгэн ижил зарчмаар ажилладаг ажээ. Тодруулбал, бүх үйлдвэр нь хоногийн 17 цаг хоёр ээлжээр ажилладаг байна. “Хьюндай” групп машиныхаа бүх эд ангийгөөрөө үйлдвэрлэдэггүй бөгөөд заримыг нь хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээсээ авдаг юм байна. Бид бэлэн болсон эд ангиудыг угсарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесстой нь танилцсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ