Төв аймгийн Баянчандмань суманд НОЦТОЙ ХЭРЭГ гарчээ
Төв аймгийн Баянчандмань суманд энэ сарын 24-нд ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал тус сумын нөлөө бүхий хариуцлагатай албан тушаалтнууд 25 настай Б бүсгүйг зэрлэгээр хүчирхийлж, гэмтээсэн хэрэг гарчээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд сэжигтнээр гурван хүнийг татаад байгаа аж. Тэдний нэгийг энэ хэрэгт холбогдуулан хорьсон бол нөгөө хоёрыг нь гадуур байцааж байгаа юм байна. Цагдаагийн эх сурвалжийн мэдээллээр “Шүүхийн шинжилгээний дүгнэлтийг хүлээж байгаа. Х гэх хүнийг энэ хэрэгт холбогдуулан хорьсон” байна. Харин хохирогч Б өдгөө Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Бид энэ талаар Баянчандмань сумын Засаг даргатай холбогдсон ч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Нутгийн иргэдийн хэлснээр бол тус хэргийг сумын удирдлагууд нууцалж байгаа гэлээ. Харин хохирогчийг ямар байдалтай олдсон, тухайн өдөр юу болсон талаар нутгийн иргэд ярьж байгаа ч энэ нь баттай биш мэдээлэл юм. Тухайлбал хохирогчийг хүчирхийлээд дараа нь зодсон байсан, замын хажууд хэвтэж хаясан, манай сум зам дагуу учраас хэргээ нууцлахыг оролдсон, хэрэг үйлдсэн гурван хүн нэг ангийн залуучууд байсан гэх мэдээллийг өгч байгаа юм. Ямартай ч ийм жигшүүрт хэрэг гарсанд сумын зарим иргэд ихэд эгдүйцэж хүлээж авч байгаагаа ярьж байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ