Нэмэлт барилдаанаар М.Ананд түрүүллээ
Сүхбаатар аймгийн харьяат Мангалжаламын Ананд буюу Японы мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү Аки башёд түрүүлээд байна. Анх 2006 онд маэгаширагийн наймд бичигдэн сүмогийн дээд зиндаанд орж байсан их аварга Какүрюү М.Ананд энэ удаагийн Аки башёд түрүүлснээр дээд зиндаан дахь хоёр дахь түрүүгээ авч, эзэн хааны цомыг хоёронтаа өргөлөө.
Аки башёгийн сүүлийн өдрийн барилдаан онц сонирхолтой өрнөсөн бөгөөд тэмцээний эхнээс тэргүүлж явсан озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ их аварга Какүрюү М.Анандтай нэмэлт барилдаан хийсэн юм.
Амжилттай барилдаж тэмцээнийг тэргүүлж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сүүлийн өдрүүдийн барилдаанд өвдөг шороодож гурван унаатай болсон, мөн өчигдрийн барилдаанд озэки Кисеносатотой барилдах үедээ гэмтэл авсан зэргээр тун хүнд байдалтайгаар өнөөдрийн их аваргатай хийх барилдааныг угтсан юм.Эмч нартүүний өвдөгний чагтан холбоос гэмтсэн тул яаралтай эмчилгээ хийлгэх хэрэгтэй бабүрэн эдгэрэхэд нэг сар шаардлагатай гэж зөвлөсөн байна.
Тэрүнофүжи озэкигийн багш Исэгэхама ояката түүнийг барилдуулахгүй гэсэн байна. Учир нь түүний гэмтэл маш хүнд гэмтэл бөгөөд нэмж бэртвэл бүтэн жил ч башёг өнжиж магадгүй тул яаралтай эмчлүүл хэмээн багш нь зөвлөсөн гэнэ. Гэвч залуу озэки башёг дуусгахаар зүтгэсэн нь энэ юм.
Ингээд 14 дэх өдрийн барилдааны дараа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваа гурван унаатай, отгон их аварга Какүрюү М.Ананд 12 даваа хоёр унаатайгаар башёг тэргүүлсэн нөхцөл байдалд өнөөдрийн барилдаан өрнөсөн юм.
Ах аваргаасаа нэг даваа дутуу бас өвдгөндөө бэртэлтэй, түрүүлэхийн төлөө их аварга Какүрюү М.Анандыг унагаж байж, нэмэлт барилдаан үүсгэн, дахин давах ёстой байлаа. Нэг ёсондоо их аваргыг хоёр дараалан унагаж түрүүлэх хүнд барилдаан түүнийг хүлээж байсан гэж болно.
Ингээд барилдаан озэкигийн илүүрхсэн ялалтаар төгссөн тул нэмэлт барилдаан хийгдсэн юм. Харин нэмэлт барилдаанд их аварга Какүрюү М.Ананд өрсөлдөгчөө хялбархан өвдөг шороодуулснаар ийн хоёр дахь удаагаа дээд зиндаанд түрүүлээд байна.
Аки башёд хоёр их аварга Хакухо, Харумафүжи нар гэмтлийн улмаас өнжсөн хэдий ч монгол бөхчүүдийн дунд түрүүлэхийн төлөө өрсөлдөөн эхнээсээ явагдсан юм.
Хоёр бөхийн хувьд хоёул дээд зиндаанд нэг нэг удаа түрүүлсэн байсан. Мөн сүүлийн өдрүүдэд Японы хэвлэлээр Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг түрүүлсэн тохиолдолд их аварга - ёкозүна цол олгох болзол сонсгох хэрэгтэй хэмээн бичих болсон.
Тодруулбал, Какарюү М.Анандын хувьд дээд зиндаанд нэг удаа түрүүлэхдээ шууд их аварга - ёкозүна цол хүртсэн ба одоо Г.Ган-Эрдэнийг хоёр дахиа түрүүлчихвэл их аварга цол өгөхгүй байж болохгүй, шинээр гарч ирж байгаа хүчтэнүүдийг дэмжих хэрэгтэй хэмээн бичиж байсан аж.
Тиймээс Какарюү М.Анандын хувьд энэ башёд хоёр дахь удаагаа эзэн хааны цомыг өргөж их аваргуудын эзгүйд аварга цолоо хамгаалах өндөр хариуцлага оногдсон гэхэд болно. Харин М.Ананд маань энэ өндөр хариуцлагыг хүчтэй өрсөлдөгчийнхөө эсрэг биелүүлж чадлаа.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ