Их аваргыг нэг дор хоёр унагаж түрүүлэх даваа
Аки башёд амжилттай барилдаж тэмцээнийг тэргүүлж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ сарын башёг дуусгалгүйгээр өнжих магадлал өндөр болсон билээ. Тэрээр өчигдрийн барилдаанд озэки Кисеносатотой барилдах үедээгэмтэл авсан ба нарийвчилсан MRI шинжилгээгээр "өвдөгний чагтан холбоос гэмтсэн" гэсэн хариу гарсан байна.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг "Яаралтай эмчилгээ хийлгэж бүрэн эдгэрэхэд нэг сар шаардлагатай " гэж эмч нар зөвлөсөн байна.
Тэрүнофүжи хэдийгээр башёг үргэлжлүүлэх бодолтой байсан ч түүний багш Исэгахама ояаката барилдуулахгүй гэсэн байна. Түүний гэмтэл нь маш хүнд гэмтэл бөгөөд нэмж бэртвэл бүтэн жил ч башёг өнжиж магадгүй тул яаралтай эмчлүүл хэмээн багш нь зөвлөсөн гэнэ. Гэвч залуу озэки башёг дуусгахаар зүтгэсэн байна.
Өнөөдөр Аки башёгийн ялагч тодрох сүүлчийн өдрийн барилдаанууд явагдана. Одоогоор башёг эхнээс нь ганцаараа тэргүүлж эхэлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваа гурван унаатай болж отгон их аварга Какүрюү М.Ананд башёг тэргүүлж эхэлсэн. Какүрюү М.Ананд 12 даваа хоёр унаатайгаар башёгийн сүүлийн өдрүүдэд тэргүүлж байна.
Өнөөдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Какүрюү М.Ананд нар барилдана. Нөхцөл байдал Тэрүнофүжигийн эсрэг байна. Ах аваргаасаа нэг даваа дутуу бас өвдгөндөө бэртэлтэй. Хэрвээ тэр түрүүлэхийн төлөө зүтгэвэл их аварга Какүрюү М.Анандыг унагаж байж, нэмэлт барилдаан үүсгэн, дахин давах ёстой.
Нэг ёсондоо их аваргыг хоёр дараалан унагаж түрүүлэх хүнд барилдаан түүнийг хүлээж байгаа. Түрүүлсэн ч бай үгүй ч бай магадгүй бүтэн жилийн зургаан башёд барилдах боломжоо бэртлийн улмаас ч алдах хүнд байдалд ч тэрээр орж мэдэхээр байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ