Т.Цогт Г.Маралмаагийн биед халджээ
Дөрвөн настай охиноо зодож тархинд нь гэмтэл учруулан, уушгийг нь бяцалснаас амь насанд нь хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдэж буй Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх анхан шатны хурал өнөөдөр/IX.24/ болох байсан ч хэргийг дэнсэлсэнгүй. Учир нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан хурал шүүгдэгч есөн сартай жирэмсэн Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, ухаан алдсан гэх шалтгаанаар шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Т.Цогт Г.Маралмаад халдсанаар биеийн байдал нь муудсан гэв
Шүүх хурал эхлэх үеэр шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал гэнэт муудаж, ухаан нь балартсанаар түүнийг эмнэлгийн машин авч явсан юм. Энэ үеэр Г.Маралмаагийн өмгөөлөгч Б.Хувцагаан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангиас Тахарын албаныхан Т.Цогт, Г.Маралмаа нарыг нэг машинд суулган авчирсан. Энэ үеэр Т.Цогт Г.Маралмаа руу дайрч, алуурчин гэх зэргээр дуудаж, сэтгэл санааг нь хямрааснаас үйлчлүүлэгчийн биеийн байдал гэнэт муудаж, ухаан алдлаа. Иймээс дараагийн удаад шүүгдэгч нарыг тусад нь авчрахыг Тахарын албаныхнаас хүсье” гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн юм.
Г.Маралмаа амаржсан тохиолдолд хэрхэх вэ?
Эрүүгийн хуулийн 63-т зааснаар жирэмсэн эмэгтэй буюу гурав хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйд оноосон ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулна гэж заасан. Шүүгдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн, биеийн байдал нь хүндэрвэл хийсвэр хагалгаагаар амаржина гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байгаа тул түүнд ял оноосон тохиолдолд хорих ялыг хойшлуулах эсэхийг өмгөөлөгч Ц.Батбаяраас тодруулсан юм.
Тэрбээр “Эрүүгийн хуульд зааснаар шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл арав хүртэлх жилийн ял оноох хэрэгт буруутгагдсан бол оноосон ялыг хойшуулж болно. Гэхдээ хуулинд заавал хойшлуулна гэж заагаагүй. Харин Г.Маралмаа нь онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас энэхүү зүйл заалтаар ял авбал жирэмсэн, нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдэлнэ” гэлээ.
Т.Цогтыг охиных нь үхэлд буруутгажээ
Энэ хэрэгт анх эрүү үүсгэхэд талийгаач охины аав Т.Цогтод Эрүүгийн хуулийн 107.3, 246.1-т зааснаар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байсан. Өөрөөр хэлбэл түүнийг бусдын амь нас аюултай нөхцөл байдалд байхад тусламж үзүүлээгүй, гэмт хэргийг мэдсээр байж зохих байгууллагад хандаагүй гэх хэрэгт буруутгаж байсан юм. Харин нэмэлт мөрдөн байцаалтын явцад охины үхэлд төрсөн эцэг болох Т.Цогтыг мөн адил буруутай гэж сэжиглэн шүүгдэгчээр татжээ.
Г.Маралмааг 15-25 жилийн хорих ялаар шийтгэнэ
Мөрдөн байцаалтын явцад талийгаач охины хойд эх болох 27 настай Г.Маралмааг охиныг зодож тархинд нь гэмтэл үүсгэн, уушгийг няцалснаас амь насанд нь хүрсэн гэдгийг тогтоожээ. Тодруулбал, түүнийг биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхдийг байнгын дарамтад байлгаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хэрцгийгээр зодож амь насыг нь хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татжээ. Шүүхээс Г.Маралмааг буруутай гэж үзвэл 15-25 жилийн хорих ялаар шийтгэх юм.
Г.Маралмаа, Т.Цогт нар нэгнийгээ алуурчин гэж мэдүүлжээ
Т.Цогт, Г.Маралмаа хоёр хуулийн байгууллагад биенийхээ эсрэг мэдүүлгийг хэрэг шалгаж эхлэх цагаас эхлэн өгсөн. Т.Цогт “Миний охиныг тэр хүүхэн байнга зодож, намайг эзгүйд хоол өгдөггүй байсан гэсэн. Анхандаа би юу ч мэдээгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг унших явцад Г.Маралмааг ямар жигшмээр эмэгтэй байсан гэдгийг мэдсэн. Энэ бүхэнд Г.Маламаа л буруутай. Охиныг минь зоддог байсан улмаар амь насыг нь хөнөөнө гэж бодсонгүй” гэж мэдүүлсэн гэнэ.
Харин Г.Маралмаа удаа дараа өгсөн мэдүүлэгтээ “Охиныг яагаад амь насаа алдсаныг мэдэхгүй. Т.Цогт охиныг талийгаач болохоос гурав хоногийн өмнө ширэн бүсээр ороолгож зодсон. Т.Цогт л буруутай. Би бол хааяа л гар хүрдэг байсан. Бас талийгаач шатнаас санаандгүй унасан. Тэгээд л хүнд бэртэл авсан байх” гэх мэдүүлгийг мөрдөн байцаагчид өгсөн байх юм.
Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр “Дараагийн шүүх хурал болох өдөр буюу ирэх аравдугаар сарын 7-ны өдөр гэхэд Г.Маралмаа амаржих болно. Тиймээс энэ хэргийг шийдвэрлэх хурал багагүй хугацаагаар хойшилно” гэдгийг хэлж байна.
М.БОЛОР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ