Г.Маралмаагийн ялыг хойшлуулах уу?

Дөрвөн настай охиныхоо амь насанд халдсан гэх хэрэгт шүүгдэж буйТ.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх анхан шатны хурал өнөөдөр/IX.24/ болох байсан ч хэргийг дэнсэлсэнгүй. Учир нь Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болох байсан хурал шүүгдэгч есөн сартай жирэмсэн Г.Маралмаагийн биеийн байдал муудаж, ухаан алдсан гэх шалтгаанаар шүүх хурлыг ирэх аравдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.

Эрүүгийн хуулийн 63-т зааснаар жирэмсэн эмэгтэй буюу гурав хүртэлх настай хүүхэдтэй эмэгтэйд оноосон ялыг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулна гэж заасан. Шүүгдэгч Г.Маралмаа нь одоогоор есөн сартай жирэмсэн, биеийн байдал нь хүндэрвэл хийсвэр хагалгаагаар амаржина гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байгаа тул түүнд ял оноосон тохиолдолд хорих ялыг хойшлуулах эсэхийг өмгөөлөгч Ц.Батбаяраас тодруулсан юм.

Тэрбээр “Эрүүгийн хуульд зааснаар шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл арав хүртэлх жилийн ял оноох хэрэгт буруутгагдсан бол оноосон ялыг хойшуулж болно. Гэхдээ хуулинд заавал хойшлуулна гэж заагаагүй. Харин Г.Маралмаа нь онц хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа учраас энэхүү зүйл заалтаар ял авбал жирэмсэн, нялх биетэй байсан ч хорих ялыг шууд биечлэн эдэлнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ