Э.Оюунболд арслан түрүүллээ
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2015.09.13/ Монгол бөхийн өргөөнд боллоо.
Хүчит бөхийн барилдааныг Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нээж үг хэлсэн юм. Тэрээр, 25 жилийн өмнө яг энэ өдөр буюу 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын Бага Хурлын гишүүд андгай тангарагаа өргөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхлүүлж байсан талаар дурдаад нийт монголчууддаа Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэв.
Бөхийн барилдааны нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, АИХ-ын депутатуудын төлөөлөл болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд Ш.Жаргалсайхан, улсын заан М.Өсөхбаяр, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Д.Батболд, Ө.Даваабаатар, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Б.Баянмөнх, Л.Цэрэнтогтох, Ч.Батчулуун, Б.Бадамсүрэн, А.Алтанхуяг, Э.Даш, аймгийн хурц арслан Б.Ганхуяг, Б.Эрдэнэхүү, С.Ариунбилэг, Б.Мижидсүрэн, аймгийн арслан А.Отгонбаатар, М.Бадарч нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглолоо.
Энэ удаагийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболд найм даван түрүүлж, Увс аймгийн Давст сумын харьяат улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Даш нар үлдэв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ