Эх орноос маань эрхэм зүйл үгүй

Эдийн засгийн хямрал, улс төрийн томилгоо, сайд дарга нарын халаа сэлгээ, барааны үнийн өсөлт, ам.долларын ханшийн савалгаа, нийтийн тээврийн урагшилдаггүй зохицуулалт, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, иргэдийн амьдрал ахуй доройтол гэх олон шалтгаан бидэн байна. Гэвч эдгээр нь аажимдаа шийдвэрлэж болох асуудал. Гэтэл үүнээс илүү аюултай, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн мэдээ мэдээллүүд гарч байна. Үүнээс болоод ард иргэд эмзэглэж, Монгол Улс Монголоороо үлдэж чадах уу хэмээн түгших боллоо.

Дорнодын талд 330 га газрыг Солонгосчууд 99 жилээр түрээсэлж авсан гэх мэдээлэл бий. Гэвч үнэхээр түрээсэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Тэгвэл саяхан УИХ-аас "Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг баталлаа. Үүнээс үүдэн Халх голын сав нутагт 500 мянган га газрыг гадныхан зарсан, эсвэл олон жилээр түрээсэлсэн, чөлөөт бүс байгуулах нэрээр газар нутгаа худалдаж мөнгө идэж байна гэх мэдээллүүд цацагдах боллоо. Зарим нам, эвсэл, мэдээлэлд ойр байгаа хүмүүс олон нийтэд хандаж мэдээлэл хийж байхаас үзэхэд оргүй хоосон зүйл биш нь лавтай болов.

Хуулиар гадны улсын иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, түрээслүүлэх нь хориотой. Гэвч Монгол хүний нэр дээр гадны компани үйл ажиллагаа явуулж байвал хориглох хууль манайд алга. Мөн "Чөлөөт бүс”-д хөрш орны иргэд ямарч саадгүй зорчино гэсэн заалт тус тогтоолд бий гэж эх сурвалжууд мэдээлж байна. Эндээс ямартай ч Дорнод аймаг дахь газрын тосны нөөц бүхий "Халх гол” чөлөөт бүс байгуулахаар болжээ гэж ойлгогдож байна. Харин гадныханд худалдсан, түрээслэсэн эсэх нь цаг хугацааны явцад тодорхой болно.

Тэгвэл газар нутгаа худалдаалсан, олон жилээр түрээслэсэн гэх энэ мэдээллээс илүү ноцтой мэдээлэл өчигдрөөс эхлэн хэвлэл мэдээллийн нүүрэнд гарч эхэллээ. Энэ юу вэ гэвэл Тайвань улсад мэдээлэл дамжуулж байсан З.Пагмажав нарын хоёр иргэнд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноолоо.

З.Пагмажав гэж хэн бэ

Тэрээр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх юм. М.Батчимэг нь 2005-2008 онд Тайваний Тайпей дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2009 оноос Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны төвийн тэргүүн зөвлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн албыг хаших болж. Энэ үеэс З.Пагмажав нь М.Батчимэгтэй хамтран ажиллаж эхэлжээ.

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд улс орны аюулгүй байдлыг хангах үүднээс "маш нууц” зэрэглэлд хамаарах мэдээ, мэдээлэл яригдаж байдаг. Энэ мэдээллийг ҮАБЗ-ийн гурван том тушаал, хэргэмтэн буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд зэрэг албан тушаалтнууд л мэддэг. Гэвч энэ зөвлөлд зөвлөх албан тушаал гүйцэтгэж байсан хүний туслах өнөөдөр шүүхээс Эрүүгийн хуулийн 79.1-ээр буюу улс орны нууцыг задруулсан, эх орноосоо урвасан гэх үндэслэлээр ял сонсоод байна.

Үүнээс ноцтой асуудал гэж юу байх вэ. Улс орноосоо урвасан, улсын нууц задруулсан гэх үндэслэлээр ял сонссон гэх хэргийн талаар сүүлийн жилүүдэд сонсоогүй. Гэтэл ҮАБЗ-ийн зөвлөхөөр ажиллаж байсан, одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүний туслах ийм төрлийн хэрэг үйлдэж, улмаар ял сонсоно гэдэг байж боломгүй асуудал юм.

З.Пагмажавт Эрүүгийн хэрэг үүсгэн, прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх хүртэлх бүхий л нотлох баримт цугларсан нь ойлгомжтой. Гэтэл энэ бүгдийг УИХ-ын гишүүн М.Батчимэг "мэдэхгүй байна” гэдэг үнэхээр сонин. 2015 оны наймдугаар сарын 26-ны өдөр шүүх хурал болсон. Үүнээс өмнө З.Пагмажавыг яллахын тулд олон сар мөрдөн байцаалт явагдсан байж таараа. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн М.Батчимэгээс тайлбар, байцаалт аваагүй байна гэдэг бүр сонин.

Улс орны эрх ашигтай холбоотой "маш нууц”-ын зэрэглэлтэй мэдээ баримтууд энгийн нэг зөвлөхийн "гараар дамжин” гадагш гарсан байна гэдэг итгэхэд бэрх. Магадгүй энд л УИХ-ын гишүүн М.Батчимэгийг хардах нөхцөл бүрдэж байна. Мөн УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдлаар халхавч хийгээд үлдэж байгаа юм биш биз. Гэтэл гишүүн зөвлөхийнхөө холбогдсон хэргийн талаар "би юу ч мэдэхгүй” гэж мэлзсээр байгаа нь харамсалтай.

Хууль зүйн сайд хүүхэнтэй орооцолдсон, Барилга, хот байгуулалтын сайд тендер будлиантуулсан, УИХ-ын гишүүний эхнэр Улсын төсвөөс их хөрөнгөтэй байсан гэх хэргүүдээс энэ хэрэг огт өөр юм. Улс орноо худалдах, эх орноосоо урвах, улсын нууцыг задруулах хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхээс ял авсан этгээдийг "ийм юм хийх хүн биш” хэмээн өмгөөлөх гишүүн бидний төлөөлж төрд сууж байна гэдэг харамсалтай. Хэрвээ Ч.Батчимэг гишүүн дээрх асуудалтай холбоогүй гэж үзэж байгаа бол өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр хугацаанд татгалзаж, энэ хэрэгт холбогдолгүйгээ шалгуулж, нотлох нь зүйтэй гэж ажиглагчид үзэж байна.

Магадгүй зөвлөх нь холбогдсон энэ хэрэгт М.Батчимэг холбоотой бол түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татаж, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд бүх хүн тэгш эрхтэй. Эрхэм гишүүн давуу эрх эдлэхгүй.

Эцэст нь бид ийм зүйлтэй эвлэрч болохгүй. Өвөг дээдсийн минь цусаа урсган байж бүрэн бүтэн үлдээсэн газар нутгийг төрийн түшээд нь гадныханд худалдах, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс улсын нууц задарч байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Бидэнд эх орноос маань эрхэм зүйл үгүй билээ.

Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ