“Шийдлийн цаг”-аар Таван толгойн асуудлыг ярилцлаа
“Шийдлийн цаг” уулзалтад Таван толгойн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллах хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч,“Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан оролцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 165 дугаар захирамжаар Таван толгойн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд улс төрийн аливаа албан тушаалтныг оролцуулаагүй, мэргэжлийн түвшинд арилжааны зарчмаар компани хооронд хэлэлцээг үргэлжлүүлэх үүднээс “Эрдэнэс Монгол” компани, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төлөөллийг оруулан ажиллаж байна. Мөн ажлын хэсгийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үзүүлэх олон улсын хууль, санхүү болон техникийн зөвлөхүүд ажиллаж байгаа. Таван толгой ордыг цогцоор нь ашиглах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, ордын хэмжээнд шаардлагатай дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох тооцоо судалгааг хийж байна. Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцаа, үндэсний аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа хувьцааны үнэ цэнийг өндөр байлгах чиглэлээр хэлэлцээг үргэлжлүүлэн өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагч талтай гурван бүлэг яриа хэлэлцээ хийгээд байна гэж Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбасайхан Ерөнхий сайдад танилцууллаа.
УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн тодорхой санал, дүгнэлтүүд, УИХ, ЗГ-ын холбогдох тогтоолыг баримтлан, тогтоолын хүрээнд Таван толгойн ордыг ашиглахтай холбоотой яриа хэлэлцээг үргэлжлүүлэх шаардлагатай. Зүүн чиглэл рүү явах төмөр замын яриа хэлэлцээг цаг хугацааны хувьд хамтатган явуулах, болж өгвөл ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажлыг эхлэх чиглэлээр хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах хэрэгтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тодотгосон юм.
Мөн Хятадын “Шинхуа” компанитай хэлэлцээгээ үргэлжлүүлж, УИХ-ын ажлын хэсгээс гаргасан чиглэлийн дагуу Таван толгойн бүх ордыг эргэлтэд оруулах зарчмыг ажил хэрэг болгох нь зүйтэй. Төмөр замын 51 хувь нь Монголын төрд байхаар яриа хэлэлцээг хийх ёстой. Тийм учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголын төмөр замын төлөөллийг нэмж оролцуул гэлээ. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын болон бусад эрсдэлийг буулгаж, Монголын талд ногдох үр өгөөжийг аль болох нэмэгдүүлэх чиглэлээр ажлын хэсэг санал санаачлагатай ажиллах шаардлагатай байгааг Ерөнхий сайд санууллаа.
Мөн энэ үеэр Ерөнхий сайдыг Бээжинд очиж, гэрээ байгуулах гэж байна гэх мэдээлэлд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор байр сууриа илэрхийлсэн юм. Ерөнхий сайд Бээжинд айлчлахгүй, БНХАУ-ын Далиан хотод болох Дэлхийн эдийн засгийн зуны форумд оролцоно. Тодорхой хуралдаануудад оролцож, өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргатай уулзаж, цаг үе, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу ярилцана. Таван толгойн хувьд улс орны эрх ашиг хангагдсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газар шийдээд явна. Таван толгойг энд тэнд биш Улаанбаатар хотод шийднэ. Шийдэхдээ хүрвэл төр засгийн зохих байгууллагаас холбогдох шийдвэрүүд гарсны дараа олон нийтэд нээлттэйгээр шийднэ гэж мэдэгдлээ.
Ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайханд Таван толгойн яриа хэлэлцээг үе шаттай үргэлжлүүлж, тухай бүр Засгийн газарт мэдээлж, танилцуулж байхыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ