С.Баярцогт: Сайдуудын нэрийг өргөн барихаар ажиллаж байна
ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд, Сангийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баярцогт өнөөдөр “Сайдын цаг” уулзалтад оролцож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг Монгол Улс анх удаа баталж байна. Өмнө нь энэхүү хуультай ижил төстэй буюу Татварын өршөөлийн хуулийг 2007 оны 12 дугаар сард хэрэгжүүлсэн. Энэ хуульд 8000 гаруй компани хамрагдаж, татварын суурь 4.5 их наядаар нэмэгдсэн” гэлээ.
Мөн“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нуун дарагдуулсан орлого буюу татварын суурь болж бүртгэгдээгүй байгаа орлогуудыг ил болгох асуудлыг зохицуулсан. Мөн Гаалийн байгууллагад мэдүүлэлгүйгээр хилээр нэвтрүүлсэн эд зүйлс, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн асуудлыг зохицуулсан байгаа. Энэ хуулийг 2012 оноос хойш гурван удаа өргөн барьж байсан ч УИХ-аас гаргасан зарим зарчмын зөрүүтэй асуудлуудын үүднээс эгүүлэн татан авч байсан. Саяхан дахин боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлууллаа.
Монгол Улсын санхүүгийн жил 12 дугаар сарын 31-нд дуусдаг. Тэгэхээр Татварын болон Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь татварын бодлогод зохицуулалт хийж, хуулийн этгээд буюу компани, хувь хүний орлогын балансыг шинээр эхлүүлэх боломж бүрдүүлж байгаа юм.
Хуулийн дагуу бол 2015 оны нэгдүгээр улиралын тайлангаар хязгаарлана. Тэгээд энэ оны 12 сарын 31-ны дотор хувь хүн, хуулийн этгээд компанийнхаа болон орлогын мэдүүлгээ гаргана. Ингэхдээ тухайн компанийн нэр дээр өмнө нь бүртгэгдээгүй байсан хөрөнгүүдээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын хэмжээнд илрээгүй юм уу, орлогын мэдүүлэгтээ тусгаж, бүртгүүлээгүй хөрөнгө байхгүй болно гэж үзэж байгаа. Хамгийн гол зорилт нь иргэн, аж ахуйн нэгжүүд сайн дурын үндсэн дээр бүртгүүлэх ёстой. Ингэвэл Эрүүгийн болон Захиргааны хариуцлагаас нэг удаа чөлөөлөх юм.
-ХУУЛЬД ХАМРАГДСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦАЛНА-
Энэ хуулийг хэрэгжүүлэхэд Нийгмийн даатгалын хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Няглан бодох бүртгэлийн тухай хууль болон Гаалийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртөгийн албан татварын хуульд зохицуулалт хийсэн.
Хуулийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, НЭМҮТ, Онцгой албан татвар, Гаалийн албан татварыг өршөөнө. Хуульд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг нууцална.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хуулийг хэрэгжүүлэх журмыг баталсан. Журмын тухай тодорхой мэдээллийг ТЕГ, УБЕГ гэх мэт төрийн байгууллагуудын цахим хуудсанд байршуулна.
-ЦАХИМ БОЛОН ЦААСААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭЖ АВНА-
Энэ хуулийн талаар иргэн, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх зорилгоор 1800-тэй тусгай дугаарууд ажиллуулахаар төлөвлөж байна. Уг дугаар дээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй мэргэжилтэн ажиллах болно. Тухайлбал, тайлангаа хэрхэн бичих, далд хөрөнгийнхөө залруулгыг хэрхэн гаргах зэргийг мэдээлнэ” гэлээ. Түүнчлэн хуульд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг цахим болон цаасан бүртгэлээр хүлээж авах юм байна. Бүртгэлийг энэ оны 12 сарын 31-ны 24 цаг хүртэл цахимаар авна. Харин цаасан бүртгэлийг 31-ний 18.00 цаг хүртэл буюу ажлын цаг дуусах хүртэл авах аж.
Мөн “Эдийн засгийн ил тод байдал гэсэн тэмдэглэгээтэй шинэ эхлэлтийн бланс үүсээд явахаар зохицуулж байгаа. Татварын Ерөнхий газар үүн дээр тусад нь сервер гаргаад бүртгэлийн ажлыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэхээр заасан байгаа. Энд оролцож байгаа төрийн байгууллага болгон сар бүхний 10-нд хэдий хэмжээгээр танилцуулга зөвлөгөө өгөв, хэдий хэмжээний хувь хүн, компани орлогын болон хөрөнгийн шинэчилсэн бүртгэл хийлгэв гэсэн мэдээллийг өгнө. Өчигдөр ажлын хэсэг анх удаагаа хуралдсан. Энэ хуралдаанд бизнес эрхлэгчид болон гол, гол төрийн байгууллагуудыг урьж оролцуулсан. Аль болох олон хүнийг оролцуулах, сурталчилгаан дээр нь хамтарч ажиллах, сурталчлах үйл ажиллагаа явуулахаар тохирсон байгаа. Ингээд бизнесийн байгууллагуудаас оролцуулсан сурталчилгааны ажлын хэсгийг Сангийн сайдын тушаалаар байгуулж байгаа. Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж дуусах хугацаа хүртэл Засгийн газар дээр ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд ахалж байгаа.
Монгол Улсын эдийн засаг далд эдийн засгийн хувь хэмжээ гуравны нэгд хүрч байна гэсэн янз бүрийн судалгаанууд байдаг. Энэ тоо эрс буурах байх. Хоёрдугаарт татварын бааз суурь нэмэгдэнэ. Бизнесийнхэний хувьд тодорхой хэмжээний хяналт шалгалтын байгууллагуудаас ирдэг дарамтууд байхгүй болно. Өөрөөр хэлбэл бизнесийн эрүүл орчноос дараагийн нөхлийг эхлүүлэх бололцоо бүрдэнэ. Мөн анхааруулж хэлж байгаа нэг зүйл нь 2007 оны 12 дугаар сард татварын зарим болон нийгмийн даатгалын тухай хууль хэрэгжсэн бол энэ хууль 2015 онд хэрэгжье гэхэд 8 жилийн интервалтай байн, байнасуудлаа ил тод болгох, өршөөл үзүүлэх тухай асуудал яригдаад байвал сөрөг үр дагавар авчирна гэж үзэж байна. Тиймээс энэ удаад сурталчилгаагаа маш сайн хийгээд нийт компаниуд, хувь хүмүүсийн оролцоог нэмэгдүүлээд цаашдаа ийм төрлийн хуулийг богино хугацаанд гаргахгүй байх зорилтыг барьж ажиллана.
2007 оны хуулийн хэрэгжилтийн явцад тухайн бүртгэлтэй байсан нийт компанийн 30 хувь нь энэ арга хэмжээнд хамрагдсан байгаа юм. Хамгийн их анхаарч байгаа зүйл бол жижиг дунд компаниуд байгаа. Яагаад гэвэл том компаниуд хуулийн зөвлөхтэй, мэдээлэл сайтай байдаг. Жижиг компаниуд болон хувиараа аж ахуй эрхэлж байгаа хүмүүс байнгын хуулийн зөвлөгөө өгдөг хүмүүс байдаггүй, байнгын нягтлан байдаггүйтэй холбогдуулаад хойрго хандаж байгаа. Дараа нь энэ хуулийн ашиглах боломжийг алддаг. Энэ үйл ажиллагаатай холбогдуулаад сар болгоны 10-нд мэдээллээ авсны дараа 12 сарын 31 хүртэл сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна.
Нэг асуудал гарсан. Энэ нь юу гэхээр тодорхой шатууд дээр байгаа татвартай холбоотой хэргүүдийн асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг бизнесийн байгууллагууд гаргасан. Энэ зохицуулалт нь Өршөөлийн хууль дээр хамрагдаж байгаа. Өршөөлийн хуулийн 4, 7 дугаар зүйл дээр энэ асуудал хамрагдаж байсан. Ерөнхийлөгчийн тавьсан хоригт энэ зохицуулж байсан харилцаа нь хамрагдаж байгаа учраас Ерөнхийлөгчийн хоригийг авах эсэхийг шийдсэний дараагаар УИХ хуулиа өөрчилж зохицуулалт хийдэг. Хэрвээ энэ асуудал нэг тийшээ шийдэгдвэл ил тод байдлыг дэмжих тухай хуультайгаа цуг сурталчилгааг нь хийгээд явна” гэлээ.
-ТӨСВИЙН ОРЛОГО 580ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ТАСАРЧИХСАН БАЙНА-
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-Сангийн сайдын үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувь улсын төсвийн алдагдал хэр байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Төсвийн байдал нэлээд хүндрэлтэй байгаа. Төсвийн орлогын биелэлт эхний долоон сарын байдлаар 580 орчим тэрбум төгрөгөөр тасарчихсан байгаа. Энэ бол бодит эдийн засгийн нөхцөл байдлаас ургаж гарч байгаа. Татварын төлөвлөгөө, биелэлт төлөвлөсний дагуу явж байгаа. Хамгийн гол орлого оруулдаг татвар, гааль хоёр байдаг. Гааль дээр орлогын тасалдалт өндөр байна. Энэ нь импорт эрс буурсантай холбоотой байгаа. Худалдааны баланс эерэг гарсан. Энэ бол экспорт нь импортоосоо давчихсан гэсэн үг. Энэ бол улс орнуудад сайн үзүүлэлт боловч манай эдийн засгийн хувьдэнэ өөрөө эдийн засаг бүхэлдээ агшиж байна гэсэн үг. Яагаад гэвэл манай гол эдийн засаг импорт дээрээ суурилчихсан байдаг учраас эдийн засгийн хувьд агшилт явагдаж байна. Дээрээс нь дэлхий нийтийн хувьд эдийн засгийн байдал хүнд байгаа. Мөн гол гол нэр төрлийн түүхий эд бидний тооцож байснаас доогуур болж унаж байгаа. Одоо хамгийн эерэг мэдээлэлтэй байгаа нь нефтийн бүтээгдэхүүний үнэ байгаа. Нефтийн үнэ буурах манайд ашигтай байдаг. Үүнтэй зэрэгцээд бусад орлогын эх үүсвэр болдог зэс, нүүрс, төмрийн үнэ унасан байгаа. Орлогын тасалдлын бас нэг үүсвэр бий. Бид өмч хувьчлалаас 180 гаруй тэрбум төгрөгийн орлого олно гэж төлөвлөсөн. Тэгээд өмч хувьчлалын үзэл баримтлал УИХ-аар баталсаны дараагаар дээрх орлого бараг 70 гаруй хувиар буурахаар боллоо. Энэ хүчин зүйлүүдээс болж улсын орлогын тасалдал нилээн өндөр хувьтай гарах гээд байна. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийх шаардлагатай.
-Эдийн засгийн Өршөөлийн хууль батлагдсанаар татварын өртэй компаниуд өршөөгдөх юм байна. Тэгэхээр “Иточү”, “Алтайн Хүдэр” зэрэг улсад их хэмжээний татварын өртэй компаниуд өршөөгдөнө гэж ойлгож болох уу?
-Одоогийн байдлаар 640 орчим тэрбум төгрөгийн хүлээгдэж буй татварын өр байгаа. Үүний тодорхой хэсгийг хүү, алданги эзэлж байгаа. Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг бол биш. Графикийнхаа дагуу татвараа төлөх бололцоогүй байгаа компаниудын жагсаалт. Компани үйл ажиллагаагаа явуулаад татвараа төлөх ёстой. Харин төлж чадахгүй байгаа учраас татварын өрүүд үүсдэг. Бидний зүгээс татварын төлөлтийг бодитой болгох үүднээс ямар арга хэмжээ авах талаар Сангийн яам, Татварын Ерөнхий газар судалгаа хийж байна. 2007 оны татварын Өршөөлийн хуулиар тодорхой хувийг төлөөд бусдыг нь хөнгөлж байсан.
-УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрыг есдүгээр сарын 7-ны дотор сайд нарынхаа нэрсийг өргөн барь гэсэн. Засгийн газрын зүгээс энэ хугацаанд амжуулан сайд нарынхаа нэрсийг өргөн барьж чадах уу?
-Засгийн газрын хуулиар сайд нарын нэрсийг 30 хоногийн дотор УИХ-д өргөн барих ёстой. Үүнтэй холбогдуулаад Засгийн газрын зүгээс намуудын хэлэлцээрийн үндсэн дээр сайд нарын нэрийг өргөн барихаар ажиллаж байна.
-Хугацаандаа амжиж өргөн барьж чадах уу?
-Бүх асуудал намуудын хоорондын хэлэлцээрээр шийдэгдэнэ. Засгийн газрын хууль 1993 онд батлагдсан. Засгийн газрыг бүрдүүлж чадаагүй бол урт хугацаагаар үүрэг гүйцэтгэгч ажиллаж байсан түүхүүд өмнө нь бий. 1998 оны Ц.Элбэгдоржийн ЗГ-ын үед түр орлон гүйцэтгэгч сайд нар 7 сар ажилласан байдаг. Гэхдээ ийм тохиолдол болохгүй байх.
-Дэд сайд нарын асуудлыг танай нам дотор хэлэлцсэн үү?
-Дэд сайд нарыг сайд нарыг томилсоны дараа томилно.
-Эдийн засгийн ил, тод байдлын хуульд компаниуд хамрагдахгүй үлдчих вий гэсэн болгоомжлол компаниудад байна. Мөн бид нарыг илрүүлж чадахгүй юм чинь татвараа нуун дарагдуулаад өнгөрье гэсэнбайгууллагуудч бас байна?
-Хуулийн зохицуулалт хатуу шаардлагатай бас компанийн ашиг, орлогод их хэмжээгээр нөлөөлж чадахаар байвал ашгаа бодоод хууль бус зүйл хийж байна гэж ойлгож болно. Гэтэл төр өөрөө санаачлаад бизнесийнхэнд дарамт учруулж байсан заалтаа өөрчлөөд боломж олгож байна.
Ж.ГАНАА
СЭТГЭГДЭЛ БИЧИХ