Хүрэл медаль амттай байлаа
Казахстан улсын нийслэл Астана хотноо болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өчигдөр өндөрлөлөө.
Тэмцээний сүүлийн өдөр багийн барилдаан явагдаж эрэгтэй, эмэгтэй шилдэг 16 баг оролцдог тус тэмцээнд манай эрэгтэйчүүдийн шигшээ баг хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй баг шагналт тавдугаар байранд орсон юм.
Эрэгтэй баг эхний барилдаандаа Куба улсын шигшээ багтай таарч барилдсан. Энэ барилдаанд манай эрэгтэй жүдочид 5:0-ээр илүүрхэж дараагийн шатанд шалгарсан юм. Харин хоёр дахь тойрогтоо Гүржийн хүчтэй багтай таарсан ч 3:2-оор манай тамирчид учраагаа ялсан. Ингээд хэсгийн аваргаар шалгарсныхаа дараа мөнгөн медалийн төлөө барилдаанд Өмнөд Солонгосын шигшээд 4:1-ээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө зохион байгуулагч Казакстаны шигшээтэй барилдсан юм.
-66 кг-ын жинд Х.Цагаанбаатар, -73 кг-д Г.Одбаяр, -83 кг-ын жинд О.Ууганбаатар, -90 кг-д Л.Отгонбаатар, -100 кг-д Н.Түвшинбаярнар барилдсан бөгөөд эхний гурван тамирчин ялалт байгуулснаар эрэгтэй шигшээ баг Дэлхийн аваргаас анх удаагаа багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.
Харин өнгөрсөн жилийн финалд шалгарч Францын багт ялагдан мөнгөн медаль хүртэж байсан эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд гараагаа сайн эхлүүлсэн.
Манай эмэгтэйчүүд Казакстаны шигшээг 5:0-ээр, БНСУ-ын шигшээг 4:1-ээр илүүрхэн ялснаар хэсгийн аварга болсон. Улмаар мөнгөн медалийн төлөө барилдаанд хүчирхэг Японы багтай таарч 5:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн. Ингээд хүрэл медалийн төлөө Германы бүсгүйчүүдтэй таарсан ч 3:2-ийн харьцаатай ялагдал хүлээснээр ДАШТ-ий багийн барилдаандшагналт тавдугаар байранд бичигдлээ.
Ингэснээр манай улс энэ удаагийн дэлхийн аваргад дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 13 дугаар байрт бичигдлээ.
Энэ удаагийн ДАШТ-д 120 орны 739 жүдоч хурд хүч, авахаалж самбаагаа сорин барилдсан юм. Манайхан Астана-2015ДАШТ-д хөнгөн жиндээ нэлээд найдлага тавин жин тус бүрт хоёр жүдоч илгээсэн. Харамсалтай ньхөнгөн жингийнхэн мааньтэмцээнээ тийм ч амжилттай эхлүүлээгүй. ДАШТ-ий А хэсгийг толгойлон барилдсан гавьяат М.Уранцэцэг шөвгийн наймд шалгараад ялагдал хүлээсэн бол, В хэсгийг толгойлсон М.Болдбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдаж, шагналт тавдугаар байр эзэлсэн. Тэмцээний хоёр дахь өдөр мөн л медаль хүртэж чадаагүй. Харин гурав дахь өдөр хос хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ. Улмаар ОУХМ Ц.Мөнхзаяа хүрэл медалийн буухиаг үргэлжлүүлсэн. Тэдний медалийн буухиа сүүлийн өдөр үргэлжилж эрэгтэйчүүд анх удаа багийн ДАШТ-аас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү манай жүдочид нэг биш түүхэн амжилтын эзэд болж Астанагийн дэвжээнээс буулаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ